Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, улсын эмнэлэгт дураар дургиж бүр Христийн эмнэлгийн зөвшөөрөлгүй эмч нараар хагалгаа хийлгэж, найз нарыгаа тэргүүн дэд хийгээд зөвлөхийн албанд томилон “даналзаж” буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч Жүгдэрийн Отгонбаатарын тухай хуудуутай баримтыг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Эрхэм уншигч та өмнөх хоёр цуврал баримтыг
2.http://www.comment.mn/post/42985 холбоосуудаар нэвтрэн үзээрэй.
Тэгвэл түр орлож буй атлаа бүр мэт даналзаж, халаа сэлгээг баруун солгойгүй хийж буй Ж.Отгонбаатар гэгч ажлаа аваад ердөө сар гаруйн хугацааны дотор энэ салбарын уураг тархи болсон, улсын төрөх эмнэлэг байтугай 21 аймгийн төрөх, эх барих эмнэлгүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг, салбартаа 20-оос дээш жил ажилласан, мэргэжлийн зөвлөх эмч нарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, ердөө наймхан жилийн туршлагатай, энэ салбарт бараг “нялхаараа” гэж хэлж болох хүмүүсийг оронд нь томилсон асуудлыг бид энэ удаа хөндөж байна. Эх нярайн салбар бол хэн дуртай эмчийн ажилладаг салбар биш. Хамгийн шилдэгүүд энд ажиллаж, хүлээн зөвшөөрөгддөг.
Эх үрийн хүйн холбоог салгахаас эхлээд хоёр хүний амь нас эрүүл мэндийг нэг дор хариуцаж байдаг энэ газарт өдөр бүхэн амь насны асуудал минут, секундээр хэмжигдэж байх учиртай. Тийн атал энэ салбарын бараг амин сүнс гэж хэлж болох зөвлөх зэргийн гурван эмчээ гурвууланг нь ажлаас чөлөөлсөн гэхээр боловсон хүчний нөөцгүй хэмээн баахан ажлын зар тавьсан эрхэм дарга ямар үзэмж, үнэлэмжээр мэргэжлийн боловсон хүчнийг халж солив гэдэгт Т.Мөнхсайхан дарга та хариулт өгөх цаг нь болжээ.
Тодруулбал, Ж.Отгонбаатар гэгч нь,
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаярыг ээлжийн амралттай байхад нь өөрт нь ч мэдэгдэхгүйгээр ажлаас нь бууруулж, тушаал сэлгэн ажиллуулсан
-ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхтуяаг зөвлөхөөс буулгаж, тасаг сэлгэсэн
-Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Б.Ганбилэгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр гэрээг нь цуцалжээ.
Өмнө хэлсэнчлэн, эдгээр гурван зөвлөх эмч бол хамгийн багадаа 20 жил дээшээгээ 30 хүртэл жил ажилласан нэг ёсондоо эх, нярайн салбартаа “уураг тархи” болсон зөвлөх эмч нар. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хаанаас нь ч 24 цагийн аль ч цаг үед утасдахад тэд байнгын холбоотой байж, хүндэрсэн эх нярайд тусламж үзүүлэх, цаашлаад зөвлөх үйлчилгээг биечлэн очиж үзүүлдэг маш чухал ажилтай хүмүүс.
Нүдээ аниад ч эхийн зовиур, нярайн биеийн байдлын оношийг хэлж чадах хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс гэсэн үг. Гэтэл ийм туршлагатай эмч нарыгаа наймхан жил салбартаа ажилласан хүмүүсээр сольсноос хойш улсын хэмжээнд лавлагаа, тусламж үзүүлдэг энэ байгууллагад эх, нярайн эндэгдэл эрчимжиж, ганцхан улиралд бүтэн нэг жил эсвэл хагас жилд гардаг байсан эндэгдэл гарах болсныг энэ байгууллагын төлөө сэтгэл зүрх нь шатаж яваа олон эмч нар халаглан ярьж байгааг эрхэм сайд Т.Мөнхсайхан та дуулав уу, дуулсан ч мэдэн будилж сууна уу. Та хэзээ хариуцлага, хяналт ярих вэ. Энэ байгууллагад хэзээ шалгалт оруулж, мэргэжлийн бус томилгоо, халаа сэлгээ эрчимжиж буйд хяналт тавих вэ.

Боловсон хүчний хомсдолтой гэх атлаа мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг үзэмжээр, өнгөөр халж сэлгэж буй жишээ ганц үүгээр дуусахгүй. Цаашлаад, гурван асрагч, Ерөнхий нягтлан бодогч, Хүний нөөцийн албаны дарга гэх мэтээр халаа сэлгээг түр орлон гүйцэтгэгч дарга тань ёстой баруун, солгойгүй тэнд хийж, “сэлэм эргүүлж” байна. 30 гаруй жил энэ байгууллагад баас, шээс, цус нөж цэвэрлэсэн асрагч нар ердөө “Та ажлаа сайн хийж чадахгүй байна. Өмнөх удирдлагууд хүнээ бодож ажлаа хийдэг байсан” гэх утгатай зүй ёсны ажлын шаардлага тавьсныхаа төлөө халагдсан гэх яриа ч гарчээ. Тэгсэн атлаа энэ хүмүүсээ халчихаад асрагчийн орон тоо дутагдалтай хэмээн зар тавьчихаж, тэд. Тэгсэн атлаа найз нартаа шинээр албан тушаал зохиогоод “бэлэглэчихсэн”.
Бид дараа, дараагийн цувралаараа энэ байгууллагаас хууль бусаар халагдсан, ажлын байрны дарамтад орсон хүмүүсийн тухай баримтыг мөн хүргэх болно. Ажлаас нь халж, илүү цагаар ажиллуулсан мөнгөө өгөхгүй атлаа илүү цагаар ажилла, сар шинийн гурван өдөр амралтгүй ажиллуулсан атлаа дахиад ажилла, бас дахиад ажилла хэмээн хөдөлмөрийн гэрээг илт зөрчиж байгаа эрхэм дарга их том ар талтай гэдгийг ч энэ байгууллагын эгэл жирийн ажилчид нь жив жув хийж, ажлаа алдахгүйн тулд амаа жимийж, хэзээ халагдах бол гэсэн айдастайгаар өдөр хоногийг аргацааж байна. Баянхонгорын гаралтай энэ эрхэмд хэн тусалж, хэн нөлөөлж түр даргын албатай атлаа бүр ирсэн мэт таахалзаж байгаад хариулт өгнө үү, Т.Мөнхсайхан сайд аа.
Сэтгэгдэл нэмэх