Comment.mn

Өрөөгөө гоёж, найзуудаа албан тушаалаар “эрхлүүлж” буй ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарт хэн хариуцлага тооцох вэ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг тойрсон ноцтой баримтуудыг уншигч танд бид цувралаар хүргэж буй билээ.

Тэгвэл тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Жүгдэрийн Отгонбаатар гэгч нь нийгмийн даатгал, татварын өртэй, ажилчдынхаа сар шинийн өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг өнөө хүртэл өгөөгүй байгаа талаар тус газрын ажилчид ар, араасаа шүгэл үлээж эхэлжээ.

Сувилагч, асрагч болон бусад албанд ажиллах хүчний нөөц энэ салбарт байхгүй болсноос үүдэн маш олон дутуу орон тоо гарсан ч тэнд ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаагаас олон ч хүн ажлаасаа шантарч эхэлсэн аж. Тус байгууллагын албан ёсны вэб сайт руу ороод харахад л “Ажлын байрны сонгон шалгаруулалт” гэсэн асар олон зарыг та олж харна.

Өөрөөр хэлбэл, нэг хүн хоёр хүний албыг давхар эрхэлж, 24 цагаар жижүүрт гарсан сувилагч нэг хоноод л эргээд ажилдаа орохоос өөр аргагүй байдалд байгаа аж. Монгол Улсын хамгийн эрсдэлтэй буюу нялх, балчир үрстэй харьцаж, тэдэнд үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч нар бүтэн нойроо ч хангалттай авч чадахгүй, согтуу хүн шиг хагас нойртой явсаар байвал андуурч тариа хийх байтугай амь насны асуудал ч үүсэж мэднэ гэдгийг эрхэм дарга эрхбиш мэдэж байгаа гэж найдъя. Тийн атал яагаад илүү цагийг нь хоёр хүний ажлыг нэг хүнээр хийлгэчихээд цалинг нь өгөхгүй “луу унжиж” байна вэ. Адаглаад энэ хүмүүс ажилласныхаа хэрээр цалингаа авч чадахгүй бол ажлаа өгөөд солонгос руу явах сонголт хийхэд буруутгах шалтгаан үгүй болжээ. Эмнэлгийн байгууллагаа бүхэлд нь самрах эрх ашиг танд байгаа хэрэг үү. Энэ бүхэнд хариуцлага хэн ярих вэ.

Хамгийн хоржоонтой нь он дамжсан өр төлбөртэй, эх хүүхдийн хүлээн авах тасгаа ч өөрсдөө засварлаж чадахгүй “Монполимент” группээр санхүүжүүлэн засварлуулж, хандиваас хандивын хооронд халтар өнгө зүстэй явж ирсэн энэ газрын даргаар түр томилогдоод буй Ж.Отгонбаатар гэгч нь албан өрөөгөө хүн танихын аргагүй болтол гоёж, өөрчилжээ. Дуу тусгаарлагч хавтан, гоёл чимэглэл өлгөсөн түүний албан өрөө эгээ л хааны ордон мэт гоёмсог атлаа гадна орчин, хүлээн авах, эмч, сувилагч нарынх нь өрөө даанч дээ гэмээр хэцүүхэн байдгийг та бид юу эс андах. Уг нь албан өрөөнийхөө урсгал завсарт 20, 30 саяар нь зарцуулах бус сэтгэлтэй, зүтгэлтэй дарга бол өөдлөх айлын өнгө үүднээсээ хэмээн үүдээ засаж, бүтэн шөнийн турш нойргүй, хоолгүй зүтгэж буй хэдэн ажилчдынхаа нийгмийн даатгал, татварын өр, илүү цагийн мөнгийг эхэлж өгөхийг урьтал болгохсон. Үнэхээр энэ газар мөнгөгүй болоод ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, илүү цагийг тооцохгүй байна уу гэхээр сайдаасаа давсан тушаал журам гаргаж, бүтцийн чиг үүргээ түүхэнд байхгүйгээр данхайлгасан жишээг дор дурдая.

Ж.Отгонбаатар нь найз нартаа “Тэргүүн дэд” гэх цоо шинэ албан тушаал хуваарилж өгсөн үү

Т.Мөнхсайхан сайдаар батлуулсан бүтцээ Ж.Отгонбаатар дарга алдаатай батлуулсан баримтыг одоо уншигч танд хүргэе. Энэ байгууллага олон жил Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэдүүд хийгээд Хүүхдийн эмнэлэг, Эх барихын дарга гэсэн удирдлагын арга барилаар ажиллаж ирсэн. Гэтэл Ж.Отгонбаатар гэгч орж ирсэн даруйдаа өөрийн найзууд болох Л.Ганбаяр, Г.Баттулга нарт цоо шинэ албан тушаал бий болгосон нь “Тэргүүн дэд” буюу дэдийн дээрх дахин хоёр том албан тушаал юм. Ерөнхий захиралтай дүйцэхүйц гэж ойлгоход буруудахгүй. Ерөнхийдөө энэ байгууллагын түүхэнд байгаагүй цоо шинэ албан тушаал, тэр хэрээр мөнгө, санхүү, цалин. Уг нь хаа, хаанаа хэмнэлтийн горимд шилжиж Дэд сайд нараасаа хүртэл төр салж байхад эмнэлгийн нэг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн мөнгөөр найз нарыгаа эрхлүүлж болдог хэрэг үү, Ерөнхий сайд аа. Тэрбээр, Л.Ганбаяр гэгчийг Эмнэлзүй эрхэлсэн тэргүүн дэд захирал, Г.Баттулгыг мөн Эх барихын эмнэлгийн даргын зөвлөхийн албанд томилжээ. Ингэснээр,

-Эмнэлзүй эрхэлсэн тэргүүн Дэд захирал

-Төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал

-Санхүү төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал

-Сувилахуй хариуцсан Дэд захирал

-Эрдэм шинжилгээ, сургалт гадаад харилцаа хариуцсан Дэд захирал

-Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хариуцсан дарга дэргэдээ зөвлөхтэй

Хүүхдийн эмнэлэг хариуцсан дарга гэсэн нүсэр том бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, тэргүүн дэд, зөвлөх  гэх албан тушаал энэ байгууллагад илүүдчихэж.

Цаашлаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы баталж өгсөн бүтэц ёсоор “Эрүүл мэндийг дэмих төв” нь Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг хариуцсан даргын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулж олон жил болсон атал гэнэтхэн л Ж.Отгонбаатар дарга сайдаас давсан журам гарган энэ бүтцийг “Төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан дэд захирал” буюу өөрийн шууд удирдлагаар хангах алба руу шилжүүлж, эсрэгээрээ “Анагаахын удам зүйн лаборатори” гэх судалгааны шахуу жижиг хэлтсийг сольж шилжүүлжээ. Аль ч эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” бол маш олон гадны төсөл хөтөлбөр орж ирдэг, санхүүжилт өндөртэй, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийдэг нэг үгээр хэлбэл том мөнгө эргэлддэг газар.

Тийм санаа зорилгоор энэ албыг шилжүүлж алдаа хийв үү, эсвэл чиг үүрэг, хэлтэс албадаа мэдэхгүйгээс ийм алдаа гаргав уу гэдгийг түр үүрэг гүйцэтгэгчээр Ж.Отгонбаатар гэгчийг томилсон Т.Мөнхсайхан сайд та мэдсэн үү. Таны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан бүтэц чиг үүргийн дагуу энэ байгууллага үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг эргэж нэг хянахад гэмгүй болжээ.

Нөгөөтээгүүр, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй өртэй газар атлаа даргын өрөөнд засвар хийж, тэргүүн дэд гэх цоо шинэ албан тушаалаар найз нөхдөө урамшуулах эрх мэдлийг чухамдаа Ж.Отгонбаатар гэгчид хэн өгсөн бэ. 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.