Comment.mn

Монголын онц чухал эмнэлгийн объектод шашны эмнэлгийн эмч нар зөвшөөрөлгүй хагалгаа хийсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шашны гаж урсгал хийгээд хяналтгүй байгаа гадны шашны сүм хийдүүдэд хяналт тогтоох тухай байр сууриа саяхан тун хатуу илэрхийлсэн билээ. Гэтэл Христэд итгэгч шүдний эмч нарын холбоо /Christian Medical & Dental Associations/ гэх байгууллагын Монгол Улсад эмчилгээ үйлчилгээ явуулах зөвшөөрөл ч байхгүй хоёр эмч монгол хүүхдүүдэд хагалгаа хийж буй гэх ноцтой баримтыг уншигч та бүхэнд хүргэе.

Тодруулбал, Монгол Улсын эх нярайн хамгийн том эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Гадаад харилцааны алба нь ч мэдээгүй байхад Христэд итгэгч эмч нарын холбооны хоёр эмч нь тус газрын захирлаар томилогдоод удаагүй байгаа Ж.Отгонбаатар гэгчийн урилгаар ирж хагалгаа хийж байгаа бололтой

Зургийн тайлбар: ЭХЭМҮТ-ийн даргаар томилогдсон гэх Ж.Отгонбаатар гэгч ажлын байрандаа

Хамгийн ноцтой нь шүдний эмч нарын холбооных атлаа тэд ямар хагалгааг, ямар орчинд, ямар зөвшөөрлөөр Эх нярайн эмнэлэгт хүүхдүүдэд хийж байна вэ гэдэг нь хардлага, асуултыг зүй ёсоор дагуулж байгаа юм. Монгол Улсын хуулиар гадны иргэд Монголд эмчилгээ үйлчилгээ явуулах бол тусгай зөвшөөрлөө шалгуулж, мөн хагалгаа хийх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авах ёстой.

Хэдийгээр сайн дурын үйл хэрэг байлаа ч Монгол Улсын иргэний амь нас, эрүүл мэндийг эмчлэх, хагалах эрхийн зөвшөөрөлтэй этгээдэд хариуцуулах нь зүйн хэрэг баймаар. Гэтэл тийм бичиг ч байхгүй шашны эмнэлгийн хоёр этгээд Эрүүл мэндийн сайдад ч мэдэгдэхгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж буйг хянах шалгах цаг нь болжээ.

Хувийн нэг эмнэлэгт биш улсын хамгийн гол эмнэлэгт ийм үйлчилгээ явуулж буй нь хэрхэвч зүв зүгээр сэдэв, асуудал хөндөхгүй өнгөрөх зүйл биш билээ. Ерөөс энэ чиглэлд тун хатуу шалгуур, хяналт тавихгүй бол хэн дуртай нь Монгол Улсад орж ирж эмнэлэг нээдэг, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг зах замбараагүй асуудал олон хүний амь насаар яригдаж буйг нуугаад яахав. Хувийн эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ авч байсан иргэд амь насаа алдаж, цаашлаад хараагүй болсон гэх мэт олон харамсалтай жишээг бид мэднэ. 

Дэлхийн аль ч улс оронд гадны эмч нарт тун хатуу шалгуур тавьдаг. БНСУ гэхэд л гадны эмч нарыг саяхныг болтол эмчилгээ, үйлчилгээ явуулахыг хориглодог байсан бөгөөд онцгой байдал зарласан үед Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авч үйлчилгээ явуулах эрхтэй хэмээн заасан байдаг.

Харин ажиллах хүчний хомсдолоос хойш маш хатуу шалгуур, зөвшөөрлөөр эмчилгээ явуулах эрх олгож эхэлсэн билээ. Гэтэл манайд энэ талын журам, хууль хэрэгжихгүйгээс хэн дуртай нь эмнэлэг байгуулж, эмчилгээ үйлчилгээ явуулж, сайн дурын гэх нэрийн дор улсын онц чухал обьектод шашны хамааралтай эмч нар хагалгаа хийгээд зогсож байна.

Тун саяхан, БНСУ-ын Христийн эмнэлгийн шүдний хэсэг эмч нар Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ бохир багажаар, ямар ч ариутгал стандарт байхгүй орчинд шүд авч байсан тухай тус эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч Х.Хонгорзул шүгэл үлээж байв. Энэ дуулиан дэгдэхтэй зэрэгцэн Эрүүл мэндийн яам ч шуурхай мэдэгдэл гарган арьсаа хамгаалж, тэдгээр эмч нарт бид зөвшөөрөл өгөөгүй. Тэр эмч нарыг оруулж ирсэн байгууллагыг шалгаж байгаа хэмээн булзааруулж байсныг олон нийт мартаагүй байна.

Тэгвэл энэ удаа нэг суманд ч бус бүр улсын хамгийн том Эх нярайн эмнэлэгт хэний зөвшөөрлөөр, ямар зөвшөөрөлтэй, ямар сургууль соёл төгссөн эмч нар хагалгаа хийж байна вэ гэдгийг шалгах ёстой бус уу, Т.Мөнхсайхан сайд аа. Монголын эрүүл мэндийн салбар хэдэн хүүхдэдээ хагалгаа хийх чадамжгүй, тийм боловсон хүчингүй болчихоод гадны шашны эмнэлгийн эмч нараас тусламж хүсэв үү. Зургаа долоон жил өрнөж буй энэ сайн үйлсийн гэх үйл ажиллагааны ард чухам ямар эрх ашиг байна вэ.

Сайдаасаа давсан эрх мэдэлтэй Ж.Отгонбаатар гэгч энэ эмч нараар ямар хагалгаа хийлгэж буй, тэд зөвшөөрөлгүй атлаа яагаад хагалгаа хийж байгааг шалгаж, хариуцлага тооцно гэж найдъя. Бид Ж.Отгонбаатар гэгчийн мэргэжлийн зөвлөх эмч нарыг халж сольсон энэ мэт олон ноцтой баримтуудыг араас нь цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: dardas.mn

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.