УИХ-ын нэгдсэн чуулган 39 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Эхний асуудал Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус хорооны даргад С.Мэндсайханыг улираан томилохыг Эдийн засгийн байнгын хороо санал болгосон юм.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор асуулт хариулт үргэлжилж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг “ Нэр дэвшигч маань улиран томилогдох гэж байхад Эдийн засгийн байнгын хороонд ямар эсрэг санал гарсан бэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өрийн таазын мэдээлэл худлаа явж байсан.Тэгэхээр энэ мэдээллийн ямар албан тушаалтан нь өгч байсан юм” гэв. Үүнд байнгын хорооны дарга Ж.Батсуурь “УИХ-ын даргын санал болгосноор С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улираан томилох асуудлыг хэлэлцсэн. Тус асуудал дээр манай байнгын хорооны гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацааны үнэ ханшийн мэдээллийг үнэн зөв гаргаж байсан эсэх асуудал үүсээгүй. Харин Үндэсний статистик, аймгийн статистик мэдээлэл зөрдөг талаар ярьсан” гэлээ. Харин нэр дэвшигч С.Мэндсайхан УИХ-ын гишүүн О.Содбилэгийн асуултад хариулахдаа Содхүү хэмээн хэд хэдэн удаа андуурч хэлэв. “Эдийн засгийн хямралтай байгаа талаарх мэдээллээ буруу өгсөн гэдэгт санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал гэдэг бол ДНБ-ний өсөлт хоёр улирал дараалан буурахыг хэлдэг. Өнөөдрийн хувьд эдийн засгийн өсөлт эхний гурван улиралын байдлаар 7 хувьтай байгаа. Харин төлбөрийн тэнцэлийн санхүүгийн хямрал байгаа гэдгийг манай хорооноос гаргаж байгаа. Тухайлбал, эдийн засагт гол нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хувьд Оюутолгойн бүтээгдэхүүн нэлээн их хэмжээгээр нэмэгдсэн. Энэ жилийн хувьд экспорт нэмэгдсэн, импорт багассан. Эдийн засгийн хувьд тааламжтай зөв хандлагатай байгаа боловч эдийн засгийн өсөлт өмнөх хурдацтай байдалтай харьцуулах юм бол доогуур байна. Харин өнгөрсөн хугацаанд Статистикийн хорооноос өгч байсан мэдээлэлд буруу ташаа зүйл байгаагүй. Ямар нэгэн буруу мэдээлэл гаргасан бол түүнийхээ төлөө хариулага хүлээхэд бэлэн. Өрийн таазын хувьд бид энэ мэдээллийг гаргадаггүй” гэлээ Ингээд Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилохыг гишүүдийн 91.3 хувиар дэмжигдлээ.
Д.Анар
Эх сурвалж: www.unen.mn