Comment.mn

Т.Ариунтуяа: Өнгөрсөн онд 1353 хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаад ирсэн

Т.Ариунтуяа:  Өнгөрсөн онд 1353 хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаад ирсэн Сүүлийн үед бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Мөн “Хүүхэд алга боллоо” гэх зурагтай зар цахим ертөнцөөр хөврөх болсон. Цагдаагийн байгууллага үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийслэлийн хэв журмыг хамгаалах газрын Гэр бүлийн, хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Ариунтуяатай ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон фэйсбүүк, твиттерт хүүхэд алга боллоо гэх зурагтай зар их гарч байна. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд хүүхдээ алдчихлаа гэсэн хэчнээн дуудлага бүртгэгдсэн бэ?

-Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хуулийнхаа дагуу хийж гүйцэтгэдэг. Өнгөрсөн онд 1353 хүүхдийг эрэн сурвалжилсан дүн мэдээ манайд бүртгэгдсэн. Эрэн сурвалжлуулж байгаа хүүхдийн дийлэнх нь төөрчихсөн байдаг. Бага насны хүүхдэд хичээлдээ явахдаа болон харихдаа төөрчихнө. Энэ нь эцэг, эхийн хариуцлагагүйтэй холбоотой. Хичээлд нь хүргэж өгч, тарахад нь авдаггүй. Өвлийн улирал учраас эрт харанхуй болно. Хүүхэд айж, сандарсандаа өөр чиглэлийн автобусанд суугаад буруу тийшээ явчихдаг. Мөн өсвөр насныхан буюу ахлах ангийн хүүхдийг эрэн сурвалжлах нь эрс нэмэгдсэн. Хүүхэд алга болсон шалтгааны хувьд компьютер тоглоомд донтсон, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж дайжсан найз нөхдийндөө хоносон, эцэг эх нь архи дарс хэрэглэдэг, салсан гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ авч явсан зэрэг олон хүчин зүйлсээс болж байна.

-1353 хүүхэд алга болсон гэлээ. Хэдэн насны хүүхдүүд төөрч, алга болоод байна вэ. Нас хүйсээр нь ангилж үзвэл?

-0-17 насны хүүхдүүд ихэвчлэн төөрч, алга болдог. 50-аас дээш хувь нь эмэгтэй хүүхэд байдаг.

-Фэйсбүүк хуудсаар хүүхэд алга боллоо гэх зар байнга явдаг. Харин “Алга болсон хүүхэд олдлоо” гэх мэдээлэл байдаггүй. Тэгэхээр алга болсон хүүхдийг хэр хугацааны дараа олдог вэ?

-Насанд хүрээгүй хүүхэд эрэн сурвалжлаад олдохгүй байх тохиолдол цөөхөн. Хүүхэд алга болоод олдох цаг хугацаа харилцан адилгүй байдаг. Яг одоо эрэн сурвалжлагдаж байгаа хүүхэд нэг, хоёр цагийн дараа олддог. Найзуудтайгаа нийлж нэг, хоёр сар гадуур тэнэж байгаад олдсон тохиолдол ч бий. Эрэгтэй хүүхдүүд бол найзуудаараа нийлж, цахим тоглоомд донтоод явчихдаг. Мөн сэтгэцийн өвчтэй хүүхдүүд гэрээсээ гараад алга болно. Учир нь, тэд өөрийгөө удирдах ямар ч чадваргүй байдаг. Хаана юу хийж яваагаа ч мэддэггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих хэрэгтэйг хэлмээр байна.

– Цагдаагийн байгууллагад хүүхэд алга боллоо гэх дуудлага өдөрт хэчнээн ирдэг вэ?

-Өдөр бүр өөр л дөө. Зарим өдөр хүүхэд алга боллоо гэх 10 гаруй дуудлага ирнэ. Гэхдээ харилцан адилгүй. Цагдаагийн байгууллага цаг алдалгүй ажиллаж, хүүхдийг нь олж өгөх үүрэгтэй ажилладаг. Алга болчихлоо гээд дуудлага өгөөд байхад хүүхэд нь гэртээ хүрээд ирэх жишээтэй. Зарим иргэн хүүхэд маань хүрээд ирсэн шүү гэж мэдэгддэг. Хүүхэд нь ирчихвэл иргэд цагдаагийн байгууллагад хурдан шуурхай мэдэгдэх хэрэгтэй

-“Хүүхэд алга боллоо, цааш нь шэйр хийгээрэй Олж өгч тусална уу” гэх мэдээллийг фэйсбүүк болон интернэтэд тавих нь ихэссэн. Ингэж олон нийтийн цахим сүлжээнд зар тавих нь хэр оновчтой вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хүүхдийн нэр төрийг нь гутаасан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд түгээж болохгүй” гэсэн заалт бий. Ер нь бол хүүхдийг эрэн сурвалжлахдаа цагдаагийн байгууллагад эхэлж хандах ёстой. Эцэг, эхээс нь зөвшөөрөл авсны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бид ханддаг. Түүнээс биш фэйсбүүк, твиттерт зургийг нь хамаагүй тавьж, зар түгээж болохгүй. Фэйсбүүкт хүүхэд алга болсон гэх зурагтай мэдээлэл явж байхад тухайн хүүхдийг олсон байдаг. Эцэг, эхчүүд ч хүүхэд олдсон гэх мэдэгдэл буцааж гаргадаггүй. Тэгэхээр хүмүүс зургийг нь шэйрлээд байдаг юм.

-Тэгэхээр фэйсбүүк, интернэтэд тавьсан хүүхдийн зурагтай мэдээллийг хамаагүй цааш нь дамжуулж болохгүй гэсэн үг үү?

-Манай байгууллага цахим мэдээллийн хэрэгсэлд ханддаггүй. Тухайн хүүхдийн асран хамгаалагчид болон хамаатан садан нь хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд дур мэдэн тавьдаг. Зургийг нь тавьсан хүн устгачихсан ч олон мянган хүн шэйр хийчихсэн болохоор фэйсбүүкээс устгах ямар ч боломж байхгүй. Тухайн хүүхдийн зураг, мэдээлэл байгаад л байдаг. Үүнээс болж ард иргэд хүүхэд алга болсоор байна гэж боддог. Зарим нь хүүхэд алга болбол, хүний наймааны болон гэмт хэргийн золиос болчихсон байх магадлалтай гэж харддаг юм. Хүүхэд алга болсон тохиолдолд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Таны хүүхэд алга болсон очих ёстой хугацаандаа очоогүй эсвэл гэртээ цагтаа ирээгүй бол цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд мэдэгдэх хэрэгтэй. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлах ажиллагаа явж байх үед хүүхдээ олсноо цагдаагийн байгууллагад эргээд мэдэгддэггүй тохиолдол байдаг. Иймд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаасай гэж хүсч байна

-Алга болоод өнөөг хүртэл олдоогүй хэр олон хүүхэд байгаа вэ?

-1988-2014 он хүртэлх хугацаанд 25 хүүхэд ор сураггүй алга болоод олдоогүй. Гэхдээ бид эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Орон нутагт 11, нийслэлд 14 хүүхэд алга болсон.

– Гэрээсээ дайжиж алга болсон хүүхдүүд гэмт хэрэгт өртөх тохиолдол гардаг уу?

-Гэрээсээ дайжиж алга болсон хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь бий. Хүүхдийг садар самуунд уруу татаж, согтууруулах ундаа хэрэглүүлж буудал, бааранд оруулж, байлгасан хэд хэдэн хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхдийг буудалд хонуулсан бол тухайн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцдог.

-“Ах аа, эгч ээ бохь аваач”, Хүүхдэдээ үлгэрийн ном авна уу” гэсэн хүүхдүүд гудамж, хоолны газраар явдаг. Тэд элдэв зүйл худалдахын зэрэгцээ бусдын эд зүйлийг хулгайлах нь ихэслээ гэдэг. Үүнд танай байгууллага хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Хараа хяналтгүй, гадуур юм зардаг хүүхдүүдийг гэрт нь буцаах арга хэмжээг цагдаагийн байгууллагаас байнга зохион байгуулдаг. Гудамжинд гуйлга гуйдаг, юм зардаг 30 гаруй хүүхдийг бүртгэлдээ авсан. Дүүрэг бүрт байрлах Хүүхэд гэр бүл хөгжлийн төв болон Асрамж, халамжийн төвд хүлээлгэж өгдөг. Зарим нэг хүүхдийг хорооных нь Засаг дарга, нийгмийн ажилтанд нь биечлэн хүргэж өгсөн байгаа. Эдгээр хүүхдийн 10 гаруй нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хэргийг УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байна. Хэдээс хэдэн төгрөгийн хулгай хийсэн байна вэ. Хариуцлагыг хэрхэн хүлээлгэх вэ? Бохь, чихэр зарж яваа гээд ресторан, хоолны газарт гар утас цүнх, түрүүвч гэх мэт эд зүйлийг хулгайлаад явчихдаг. Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд хариуцлага хүлээлгэх насыг тодорхой заачихсан байдаг. Тухайн хүүхэд 14, 16 нас хүрчихсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ насанд хүрээгүй бол эцэг, эх асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгөөд учруулсан хохирлыг нь төлүүлдэг.

-Гудамжинд гуйлга гуйж суудаг хүүхдийн тоо ихэссэн. Гуйлга гуйж буй хүүхдийн цаана хэн нэгэн байж олсон мөнгийг нь авдаг гэдэг. Танайх үүнд хяналт тавьж ажилладаг уу?

-Насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн ажлыг байнга хийж байна. Гэвч гудамжинд насанд хүрээгүй хүүхэд гуйлга гуйсаар байгаа. Үүнийг таслан зогсоохын тулд цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулж ажиллаж байна. Харьяа дүүргийнх нь цагдаагийн байгууллагад үүрэг даалгавар өгдөг. Саяхан л гэхэд Улсын их дэлгүүрийн ойролцоо гуйлга гуйдаг хоёр хүүхдийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс шалгаж, зохих арга хэмжээг авсан. Тухайн хүүхдээр гуйлга гуйлгуулж байсан эцэг, эх асран хамгаалагчдыг хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авсан. Хүүхдийг гудамжинд гуйлга гуйлгахгүйн төлөө Хүүхдийн байгууллага давхар хяналт тавьж ажиллах ёстой. Учир нь, хүүхдийн эрх ашгийг давхар зөрчиж, хохирч байна. Хүүхэд гуйлга гуйхыг таслан зогсоох хэрэгтэй.

С.ИЧИНХОРЛОО

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.