Comment.mn

Ж.Мөнхбат: Огцорсон засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрийг мөрдөх шаардлагагүй

Ж.Мөнхбат:  Огцорсон засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрийг мөрдөх шаардлагагүй МАН-аас зохион байгуулдаг “Ардын индэр” цуврал уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцож, Ч.Сайханбилэгийн толгойлсон “Шийдлийн” засгийн газарт МАН хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон цаашид ямар зорилт тавьж ажиллах талаар мэдээлэл хийв. Түүнчлэн уулзалтад оролцсон Засгийн газрын гишүүн, сайд нар Засгийн газрын үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн талаар болон нийгэм эдийн засгийн бодит байдлаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд МАН-ын генсек нийгэм, эдийн засгийн талаарх зарим тоон мэдээллийг өгсөн. Тодруулбал, Нийг мийн даатгалын ерөнхий газ рын статистик мэдээгээр 2014 онд 16.6 мянган иргэн 17.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Энэ нь 2012 оныхоос тэтгэмж авагчдын тоо 56 хувиар, тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн Н.Алтанхуягийн Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр Монголбанктай хамтран гурван их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гараагүйг тэрбээр онцолсон бөгөөд харин ч эсрэгээр, хөтөлбөр хэрэгжих хугацаанд орон сууцны мкв-ын үнэ 2.1, Алтантариан нэгдүгээр гурилын үнэ 43.6, “Атар” талхны үнэ 61.8, үхрийн нэг килограмм ястай махны үнэ 5.3, нэг литр сүүний үнэ 50.5, АИ-92 автобензины нэг литрийн үнэ 5.7 хувиар тус тус нэмэгдсэн ажээ. Энэ мэтчилэн сүүлийн хоёр жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд 550 гаруй тэрбум төгрөг илүү төлсөн тооцоо ч гараад байгаа юм байгаа юм байна. Мөн өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд 14.2 хувиар, 2014 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчээ. 2012 онд өрхийн орлогын өсөлтөд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор голлон нөлөөлж байсан бол 2013, 2014 оны эхний есөн сард өрхийн орлогын өсөлтөд цалин хөлс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого бага зэрэг нөлөөлж тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурсан байна. Түүнчлэн 2014 оны эхний есөн сарын байдлаар 196 мянган тэтгэвэр авагч ахмад 351.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 259.7 мянган ажиллагсад 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа гэх дүн мэдээ байгаа аж. Мөн “Хүний хөгжил сан”-гаас олгох хишиг, хувийг 2012 оны долдугаар сарын 1-нээс зогсоож, хүн амын орлого багатай хэсэгт чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхээр Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийн дагуу нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд хүнсний талон, тэтгэмж олгох, эрүүл мэнд боловсролын үйлчилгээний зарим зардлыг хөнгөлөх зэрэг арга хэмжээ авах ёстой ч хэрэгжүүлэлгүй хоёр жил гаруй болж байгааг Ж.Мөнхбат дарга дуулгасан. Угтаа хуулийн энэ заалтыг хэрэгжүүлсэн бол өнөөдөр хүн амын орлого багатай хэсэг мах, гурил граммлаж, талх таллаж, хоногийн хоолоо өлөн зэлмүүн залгуулах хэмжээнд хүрэхгүй байсныг ч тэрбээр тодотгосон. Ингээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Иргэдийн индэр” нэртэй энэ удаагийн уулзалтын ач холбогдлыг та тодорхойлно уу?

-МАН Засгийн газрыг АН-д хүлээлгэж өгөхөд эдийн засаг ямар байсан юм, түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сар буюу хоёр сарын өмнө МАН засагт ороход ямар нөхцөл байдалтай эдийн засаг хүлээж авав гэдгийг ард түмэндээ үнэнээр нь ойлгуулах зорилготой гэж ойлгож болно. Товчхондоо, 2012 оны наймдугаар сараас 2014 оны арванхоёрдугаар сар хүртэл Монгол Улсад эдийн засгийн маш том хямрал нүүрлэчихсэн, сан хөрөнгийн уутныхаа амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн байна шүү дээ. Тиймээс эндээс хэрхэн, яаж гарах вэ гэдэг асуудал чухал байна. Энэ үүднээс МАН-ын зүгээс 50 гаруй саналтай төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан байгаа. Бид одоо үүнийг л ярих ёстой байгаа юм.

-АН-ын бүлгээс энэ төлөвлөгөөг дэмжихгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

-Харамсалтай нь намын бүлгүүд дээр Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг хэлэлцэхээр байсан ч АН-ын бүлгээс хямралаас гарах төлөвлөгөөг шинээр батлах хэрэггүй, хуучин хөтөлбөрүүдээ үргэлжлүүлье гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын үед буюу эдийн засгийн хямралын үед гарсан “ЭЗЭН 100” хөтөлбөрөө үргэлжүүлье гэж үзээд, шинэ төлөвлөгөөг авч хэлэлцээгүй . Гэтэл энэ нь ямар нөхцөл байдлыг үүсгэж байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн болон Засгийн газруудын төвшинд өмнөх буюу огцорсон Засгийн газрынхаа биелүүлж чадаагүй, “Муу” гэж дүн тавиулаад огцрох үндэслэл болсон хөтөлбөрийг шинээр бий болсон Засгийн газар нь авч хэрэгжүүлж байсан тохиолдол байхгүй. Эдийн засаг хямраад хүндэрчихсэн үед хуучин хөтөлбөрөө үргэлжүүлээд явах нь зүйтэй гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа.

-Уг нь АН, МАН хоёр хамтарсан ч зарчмын хувьд тохиролцсон зүйлүүдээсээ АН-ын зүгээс ухарсан тохиолдол гарч байна. Түүнчлэн хямралаас гарах төлөвлөгөөг дэмжихгүй гэж байгаагаас харахад ойлголцохгүй байгаа юм шиг харагдаад байна л даа?

-МАН шийдлийн Засгийн газарт орохдоо АН-тай хэд хэдэн зүйл дээр тохиролцсон. Энэ тохиролцооны нэг чухал хэсэг нь Эдийн засгийн хямралыг даван туулах хамтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө байсан. Гэтэл энэ заалт, гэрээнийхээ үүргээс АН ухарчихаж байна гэж бид ойлгож байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Сая төсвийн тодотгол хэлэлцэж байх үед “Улсын өр ДНБ-ий 58.3 хувьд хүрчихсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөөд өгөөч” гэдэг саналыг АН-ынхан манай намд тавьсан. Биднийг засагт хамтрах үед “Өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалттай. Харин одоогоор есөн хувиар л хэтэрчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ 49 хувьтай байгаа. Та нар үүнийг л хүлээн зөвшөөрөөд өгөөч” гэж байсан. Нэг ёсондоо, хамтрах үед худлаа мэдээлэл өгсөн гэсэн үг л дээ. Гэтэл бид засагт хамтраад Сангийн сайд ажилдаа ороод бүх тоон мэдээллийг шалгахад өрийн хэмжээ 58.3 хувьд хүрчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ хуулийн хязгаараас 18.3 хувиар хэтэрчихсэн байсан.

-Гэхдээ МАН засагт хамтраад өр нэмэх гэж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээгээд байсан шүү дээ?

-Нэг буруу ойлголт төрүүлээд байгаа нь МАН засагт ороод өр нэмчихлээ гээд байгаа юм. Үнэн хэрэгтээ өмнөх Засгийн газар хууль зөрчөөд өрийнхөө хязгаарыг нэмчихсэн байснаа бидэнд тулгаж, хүлээн зөвшөөрөөд өгөөч гэж санал тавьсан юм шүү дээ. “Та нар засагт хамтарсан, одоо бүгдээрээ нийлээд улс орноо өөд нь татъя. Тиймээс та нар энэ тоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна” гэсний дагуу л бид зөвшөөрсөн. Гэхдээ энэ бол өрийн таазыг нэмж байгаа асуудал биш. Хуульдаа 40 гэдгээрээ л байгаа. Харин өнөөдөр байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрье, шат дараатайгаар буюу 2018 он хүртэл өрийн хэмжээг бууруулаад явъя гэдэг зүйлийг бид нэгдүгээрт тавьсан.

-Өр нэмэхгүй гэсэн атлаа Засгийн газраас их хэмжээний мөнгөн дүнтэй баталгаа гаргах талаар яриад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Засгийн газрын баталгааг ДНБ- ий 20 хувьд буюу дөрвөн их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг хувийн хэвшилд баталгаа гаргаж өгөх асуудлыг оруулж ирээд байна. Энэ нь дахиад 20 хувийн өрийн асуудалд хүрэх нөхцөлийг үүсгэчихэж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа хоёр нам хамтрахдаа өрийн таазыг нэмэхгүй гэж тохирсон. Өрийн тухайд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэж ярьсан. Гэх мэтээр өнөөдөр нэг зүйл яриад маргааш өөрчилдгөө болимоор байна. Энд ганц л жишээ татахад, МАН Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гээд унагахаар АН маргааш нь дахиад өргөн барьчихдаг. Ийм нөхцөл байдал сүүлдээ бүр хэвшил маягтай болж байна. Тэгэхээр энэ гэрээний харилцан ойлголцол, зөвшилцлийнхөө дагуу явах хэрэгтэй байна. Үнэндээ АН-ынхан хямралыг давах гээд байгаа юм уу эсвэл гааруулах гээд байгаа юмуу. Хэрвээ хямралыг давъя гэж байгаа бол тухайлсан төлөвлөгөөгөө дэмжээд гаргаад явах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

-Өрийн таазыг 58.3 хувьд барина гэсэн атлаа араас нь Өрийн удирдлагын тухай хуулийг оруулаад ирж байгаа нь дахиад л нэмнэ гэсэн үг биз дээ?

-Ер нь Ч.Сайханбилэг сайдын хувьд нэг зүйлийг яриад байгаа нь “Одоо өр зээл тавихаас өөр аргагүй болсон” гээд байгаа. Уг нь дотоод нөөцөө шавхвал бидэнд асар их боломж байна. Жишээлбэл, улсын төсвөөс гадуур буюу Хөгжлийн банкаар дамжиж гарч байгаа 700 тэрбум төгрөг байна. Өнөөх “Чингис” бонд чинь үнэндээ улсын төсвөөс гадуур явчихсан шүү дээ. Үүнийг яагаад төсөвтөө оруулж ирж болдоггүй юм. Энэ мэтээр төсөв суулгахад сэргээд ирэх боломж байна. Өнгөрсөн онд Алтны тухай хуулийг баталсантай холбоотойгоор алт тушаалт нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад орлого нэмэгдэх ч боломж байгаа. Хэрэггүй үрэлгэн, тансаг зардлуудаа таначих боломж уг нь байсан. Ер нь айлаас эрэхээр авдраа уудал гэдэг зарчим барих ёстой байтал хамгийн түрүүнд л өр тавих асуудлыг яриад байдаг. Олон гарц байхад өр тавихыг заавал нэгдүгээр гарц гэж битгий хараач гэж л хэлэх гээд байгаа юм. Гэхдээ өнөөдрийнх шиг эдийн засаг хямарчихсан байгаа үед өр нэмэх асуудлыг МАН ойлгож байгаа. Хамгийн гол нь АН зарчмын тохироонуудаасаа битгий ухраач л гэж хэлэх гээд байгаа юм. Хэрвээ энэ зөвшилцлөөсөө ухраад эхэлбэл бид ч гэсэн улс төрийн асуудлыг хөндөж тавих нөхцөлд цаашдаа хүрнэ шүү дээ.

-Хоёр тэрбум ам.долларын баталгааны талаар та сая ярилаа. Тэгэхээр энэ баталгааг чухам ямар аж ахуйн нэгжид гаргаж өгөх гээд байгаа юм бэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ талаар орж ирж байгаа тогтоол нь тодорхойгүй л юм билээ. Зүгээр л хувийн хэвшилд Засгийн газраас ДНБ-ий 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний баталгаа гаргаж өгнө л гэж байгаа. Асуудлыг ямар ч байсан хэлэлцээд явж байна. Ер нь энд нэг зүйлийг хэлэхэд цаашдаа АН-ынхан ярьсан хэлснээсээ ухраад байвал бид удаан харж суухгүй. Нэг нь хийж бүтээе гээд байдаг. Нөгөөх нь аргацааж, хуурч, хулхидсан байдалтай яваад байвал энэ засаг төр чинь юу болж хувирах юм бэ гэдэг асуудлыг бид ярихаас өөр аргагүй болно.

-Эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг та бүхэн ямар байдлаар боловсруулсан бэ. Тухайлбал, ямар заалт энд тусав, АН-ынхан энэ төлөвлөгөөг дэмжихгүй гэж байгаагийн гол шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Бид 58 зүйл заалттай эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг боловсруулаад АН- ынханд хүргүүлсэн. Харин яагаад татгалзаад байгааг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч хэвлэлийнхний ярьж байгаагаар “МАН-ын санал санаачилга түлхүү гараад, тэд хэт идэвхтэй ажиллаад байгаа учраас АН-ын нэр хүндэд халтай гэдэг үүднээс энэ асуудлыг явуулахгүй гацаагаад байна” гэдэг яриа байгаа юм билээ. Хэрвээ ийм байдлаар асуудалд хандаж байгаа бол АН-д эдийн засгийн хямралаас гаръя, улс орноо өөд нь татаж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг чинхүү сэтгэл алга гэж харахаас өөр аргагүй.

-Танай намын зүгээс боловсруулсан эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөө “ЭЗЭН 100” хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал сар бүү хэл, өдөр хоногоор өөрчлөгдөж байна шүү дээ. Өнгөрсөн оны хаврын нөхцөл байдал өнөөдрийнхөөс шал өөр болсон байна. Манай улсаас гадна хойд хөршид рублийн ханш яаж унаж байгаа билээ гээд олон хүчин зүйлээс хамаарна шүү дээ. Тиймээс энэ бүхэнтэйгээ зохицсон маш олон заалт бүхий хөтөлбөр оруулсан юм. Гэтэл дэмжихгүй байгаа нь харамсалтай. Угтаа “ЭЗЭН 100” хөтөлбөр өмнөх Засгийн газрын үеийнх бөгөөд 80 гаруй хувь нь хэрэгжиж чадсангүй гэдэг дүн тавиулсан хөтөлбөр шүү дээ. Үндсэндээ огцорсон Засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрийг дахиж үргэлжлүүлнэ гэж байгаа нь өнөөдрийн эдийн засагт нийцэхгүй. Дашрамд хэлэхэд, МАН засагт орчихоод өрийн таазыг нэмэхгүй гэх мэтээр бойкотолж байгаа юм биш. Бид ердөө л байгаа нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь гаргаж ирж харуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

М.ӨНӨРЖАРГАЛ

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.