Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ажлаа авангуутаа Монголчууддаа “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөл гардуулах боломж нээлээ. Өөрөөр хэлбэл өмнө нь зөвхөн гадаад иргэн энэ өргөмжлөлийг хүртэж, улс орондоо, дэлхий дахинд Монгол Улсын соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулах эрхтэй болдог байсан. Л.Пүрэвсүрэн сайдын шийдвэр биелэлээ олж Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал “Монгол Улсын Соёлын элч” болж салхийг хагалж байна. Тодруулбал, Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг энэ цаг мөчид Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулж байгаа юм. Энд хэлэхэд ЮНЕСКО Их аварга Хакүхо М.Даваажаргалыг соёлын элчээрээ сонгоод байсан. Тэгвэл манай улс Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг улс орныхоо соёлын элчээр өргөмжиллөө.
Л.Пүрэвсүрэн сайдын энэ шийдвэр нь харийн улс оронд Монгол улсынхаа нэр хүндийг гаргаж , амжилтаараа цахиур хагалж буй элэг нэгтнүүдэд урам өгч буй юм. Түүнчлэн гадаад иргэн гэхээсээ илүү Монголчууд эх орноо гадагшаа сурталчилж, өв соёлоо түгээн дэлгэрүүлнэ гэсэн алсын хараа юм.