-Ерөнхий сайдын гар утсаар явуулсан санал асуулгын дүн гарч “Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”-оор болж байна. Зарим улс төрийн хүчин Ерөнхий сайдын санаачлан явуулсан энэ санал асуулгыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Та хуульч хүний хувьд энэ асуудлыг аль талаас нь харж байгаа вэ?
-Төр засгийн зүгээс иргэд олон түмнээс мессежээр асуулт асууж ажлаа хийдэг мода дэлгэрлээ. Энд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Технологийн дэвшил бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон энэ цаг үед үнэхээр мессежээр иргэдийнхээ саналыг авах туйлын хүсэлтэй байгаа бол мессеж санал асуулгын тухай хуулийн төслөө Засгийн газар УИХ-д оруулан ирж батлах ёстой. Санал асуулгын дүн үнэн гарч байна уу, худал гарч байна уу, процетур нь хуулийн дагуу зөв явж байна уу, худал явж байна уу гэдгийг УИХ-аас хянадаг байх ёстой юм.
Тэгэхээр одоо бол хуулийн зохицуулалтгүй санал асуулга яваад байгаа. Гэхдээ ард иргэдийнхээ саналыг сонсож байна гэдэг нь муу зүйл биш. Энэ бол харин ч их сайн эхлэл. Ямар ч гэсэн ард түмнээ сонсохыг хүсч байна.
Зүгээр миний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа нэг зүйл бол өөрийнхөө дуртай хүссэн асуудлаар, хариу нь тодорхой гарах асуудлаар санал асуудаг хэрнээ хүсээгүй асуудлаараа иргэдээс санал асуудаггүй байдал газар авч байгаа.
Монгол Улсад 1995 онд батласан Ард нийтийн санал асуулгын тухай хууль байгаа.
Тухайлбал цөмийн энерги, уран, байгаль хамгаалалтай холбоотой, Ноён уул, төмөр зам зэрэг амин чухал олон асуудлаар иргэдийн санал бодлыг авч болно шүү дээ.
Монгол Улсад 1995 онд батласан Ард нийтийн санал асуулгын тухай хууль байгаа. Тэр хуулиар үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудлаар санал асуулга зохион байгуулахыг хуульчилсан байдаг.
Тэгэхээр Ерөнхий сайд нь ч, ер нь хэн ч бай хуулийнхаа хүрээнд л баймаар байна. Энэ ард нийтийн санал асуулгын хуулиа нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэчлээд мессежээр түргэн хугацаанд санал асуудаг хэлбэрийг тусгаж өгвөл илүү зохистой гэж бодож байна. Засгийн газар ч энэ чиглэлд арга хэмжээ аваасай гэж хүсч байгаа.
-Танд мессеж ирсэн үү. Нууц биш бол нэг, хоёрын алийг нь сонгосон бэ?
-Надад ирсэн. Гэхдээ бүх зүйл тодорхой учир хариулах шаардлагагүй гэж би үзсэн. Эдийн засаг нь хямралтай үед улс орнууд мэдээж тансаг хэрэглээгээ танаж, эдийн засгаа тэлэх бодлого явуулдаг.
Эдийн засгаа тэлэх бодлого гэдэг нь ганцхан уул уурхайг хөдөлгөөнд оруулж, ганцхан тэр салбараас хараат байна гэсэн үг биш. Эдийн засгийн бусад салбар болох үйлчилгээ, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд ажлын байрыг олноор бий болгодог салбаруудаа тэлж, ажлын байруудаа хамгаалах, нэмэгдүүлэх, хамгийн гол нь үндсэнийхээ ажил олгогчдыг хамгаалах бодлогыг тууштай явуулж байж хямралаас гардаг. Түүнээс биш эдийн засгаа агшаах ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй.
-Одоо Монголчуудад ямар ч ашиг өгөхгүй байгаа “Оюу толгой”, түүний араас “Таван толгой”-г яаравчлан хөдөлгөөнд оруулах нь тодорхой болж байна. Өмнөх алдаагаа засаагүй байж дараах том төслүүдээ алдаа багатай эхлүүлэх найдлага харагдана уу?
-Угаасаа уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулахаас өөр арга байхгүй. Тэгээд ч том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаарай гэдэг үүрэг даалгаврыг иргэд, сонгогчид 2012 оны сонгуулиар өгчихсөн шүү дээ. Харин тэдгээрийг эргэлтэд оруулахдаа алдаа багатай, болж өгвөл зөв оруулах ёстой. Хамгийн гол нь Монголын ард түмэнд ашигтай хэлбэрээр оруулах ёстой юм.
Гэтэл одоогийн байдлаар гадныханд ашигтай, баялгийн эзэд Монголчуудад ашиггүй хэлбэрээр яваад байгаа. Үүнийг даруйхан таслан зогсоох цаг болсон. Хэрвээ би иргэдээсээ асуусан бол “Өнөөдөр гадныханд ашигтай хэлбэрээр яваад байгаа уул уурхайн бодлогыг зогсоох уу” гэж асуух байсан. Мэдээж ард түмэн “зогсоо” гэж хэлнэ. Угаасаа ч 2012 онд биднийг сонгохдоо үүнийг зогсоо гэж сонгосон. Өнөөдөр УИХ-д сууж байгаа олон улстөрчид гадныхныг тахиж шүтсэн бодлого баримтлаад байгаа. Энэ бол буруу төдийгүй Монголчуудад ихээхэн хор уршигтай юм. Гэхдээ энэ бодлого удахгүй өөрчлөгдөнө.
-Гацууртын ордын асуудлыг их л яаравчилж, бараг л сэмээрхэн батлачихлаа. Гацууртын ордод “Бороо голд”-ын асуудал давтагдах нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-УИХ, Засгийн газар ард иргэдийн саналыг асуухгүйгээр, ялангуяа тухайн орон нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр, хүч хэрэглэх, хүчиндэх замаар хууль, шийдвэр гаргаж яагаад ч болохгүй. Магадгүй ард иргэдийн саналыг тусгахгүй, тэдний эрх ашигт харшилсан нэг, хоёр шийдвэр гаргаж болно л доо. Гурван удаа хүчээр шийдлээ гэхэд энэ ард түмэн чинь дөрөв дэхь удаагаа хүчиндүүлнэ гэж байхгүй. Босоод ирнэ, жагсаж, тэмцээд эхлэнэ.
Тийм учраас шийдвэр гаргаж байгаа улстөрчид, төрийн байгууллагууд ард түмэндээ, орон нутгийн иргэдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Миний хувьд Гацууртын орд дээр иргэд олон түмнийхээ саналыг асуу, засаг төр нь иргэдтэйгээ ярилцаж байгаад эрүүл, зөв шийдвэр оруулж ир гэж Засгийн газар, холбогдох яамдад нь үүрэг өгчихөөд хүлээж байгаа.
-Сүүлийн үед стратегийн ордын тухай ойлголт ихээхэн будлиан, маргаан дагуулах боллоо. Та бүхэн 2005 оноос хойш жагсаж, тэмцэж байж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 5.4, 5.5 дахь заалтыг оруулж ирээгүй нь тодорхой. Гэтэл энэ хоёрхон заалтаас болоод Монголын төр өөрийнхөө баялгийг гадны хөрөнгө оруулагчдаас худалдаж авдаг, баялгаа барьцаанд тавьж өрөнд ордог хачин жигтэйхэн байдалд орчихлоо. Энэ хоёрхон заалтыг яагаад өөрчилж болохгүй байгаа юм бэ?
Стратегийн орд гэдэг бол Монгол орны хөгжилд дорвитой түлхэц үзүүлэх, Монголчуудын амьдралыг өөд нь татах эдийн засгийн чухал ач холбогдолтой их баялагтай орд газруудыг хэлж байгаа. Монголчууд зөвхөн стратегийн ордууд дээрээ тулгуурлаж хөгжинө гэдэг бодлогыг Иргэний нийгмийн байгууллагууд 2004 оноос хойш жагсаж, тэмцэж байж гаргаж ирсэн нь үнэн.
Харамсалтай нь сүүлийн үед стратегийн ордод оруулах замаар Монголын баялгийг богинохон хугацаанд гадныханд найр тавьж алдах, үрэн таран хийх цоорхой болгон хувиргахаар ихээхэн оролдож байна. Үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Гацууртыг стратегийн ордод оруулсан нь зөв боловч зорилго нь гадныханд найр тавьж өгөхийн тулд оруулаагүй шүү гэдгийг хэлмээр байна. Гадныханд өгч болно.
Гэхдээ Монголчуудад илүү ашигтай хэлбэрээр, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр анхнаасаа явах ёстой. “Оюу толгой”-н алдааг яагаад ч давтаж болохгүй. “Оюу толгой” дээр Монголын Засгийн газар маш ноцтой, том алдаа гаргасан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна шүү дээ. Анхнаасаа ордоо үнэлж чадаагүй, баялгаа бодитой тооцоолоогүй.
Өнөөдөр Монголын ард түмэнд ногдож байгаа 34 хувь нь эдийн засгийн ямар ч үнэлгээгүй, эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Тэгэхээр цааш цаашдын томоохон ордууд дээр “Оюу толгой”-н алдааг давтахгүйн тулд нэлээн хяналттай, шахалт шаардлагатай ажиллана гэсэн зарчмыг барьж байгаа.
-Та Ашигт малтмалын тухай хуульд байгаа Монголын төр өөрийнхөө баялгийг гадны хөрөнгө оруулагчдаас худалдаж авдаг байдалд оруулсан 5.4,5.5 дахь заалтыг өөрчлөх талаар яг тодорхой хариулсангүй?
-Тэр заалтыг өөрчлөх ёстой. Өөрчилдөг хүмүүс нь Засгийн газар, УИХ олонхиороо өөрчилнө. Бидний зүгээс Иргэний нийгмийг төлөөлж АН-аас болон бие дааж сонгогдсон гишүүд яг энэ чиглэлд санал санаачлагаа гаргаад явж байгаа. Ер нь Ноён уулын асуудал дээр ч тэр, байгаль орчны асуудалд бид ямар ч үед, хэзээ ч ард иргэдийнхээ талд байр сууриа илэрхийлнэ. Сүүлийн үед сэтгэлгээний ихээхэн гаж хэлбэр ноёрхож байгаа нь маргаангүй үнэн.
Газар ухахгүй бол, алт олборлохгүй бол Монгол Улс сөнөх гээд байгаа юм шиг, бүр зарим улстөрчдийн амнаас гадныхантай хамтарч тэдний дохио зангаагаар ажиллахгүй бол яах аргагүй болохоо байчих гээд байгаа юм шиг яриад байгаа. Тийм юм байхгүй ээ.
Энэ Монгол Улс, Монгол түмэн олон мянган жил өөрөө өөрийнхөө амьдралыг авч яваад ирсэн юм. Гадныханд найддаг, гадныхныг шүтдэг бодлогоо одоо болих ёстой. Монголчууд өөрөө өөрийнхөө хүчээр л цаашаа явна гэдэг бодлогоор явах ёстой. Товчхондоо өөртөө итгэлтэй, зоригтой улстөр рүү орох цаг болсон.
-“Таван толгой”-н гэрээ “Шинхуа энержи”-д төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахаас болоод гацаанд орж болзошгүй болчихлоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
“Таван толгой”-н тухайд гэрээ ид хийгдэж байгаа үед “Зогсох гэж байна, мега төсөл хагарах нь” энэ тэр гэж янз бүрийн дүгнэлт өгөх нь арай эрт байгаа. Ажлын хэсэг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд гараад ид ажиллаж байна. Гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байгаа томоохон төслүүд дээр хамгийн эхлээд, бүр нэн тэргүүнд Монголчуудын үндэсний язгуур эрх ашгийг тавих ёстой.
Бид гуравхан саяуулаа, дэлхийн хоёр том гүрний дунд байдаг. Тийм болохоор Монгол үндэстний эрх ашиг ямар ч асуудалд хамгийн эхэнд, нэг номерт байх ёстой юм. Бүх гэрээ хэлцэл Монголчуудад ашигтай байх хэрэгтэй.
Тиймгүй бол гэрээ хэлцэл хийгээд ч хэрэггүй, даруйхан зогсоох ёстой. Хойшид энэ талаар Засгийн газар, УИХ-ын зүгээс тодорхой бодлого, хөтөлбөртэй ажиллахгүй бол болохгүй болжээ гэдэг нь “Оюу толгой”-гоос эхлээд харагдаж эхэллээ.
-“Таван толгой”-н төмөр замыг “Шинхуа энержи”-д хариуцуулах тухайд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын сайд М.Энхсайханыг багагүй буруутгаж байгаа юм билээ. Энэ нь үндсэний эрх ашгаа нэгдүгээрт тавьснаас болж байгаа хэрэг үү?
-Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдоос өөрөөс нь асуух хэрэгтэй.
Эх сурвалж http://www.info.mn