Comment.mn

Ж.Энхбат: Баярын өдрүүдэд 310 автобусыг үйлчилгээнд нэмж гаргана

Ж.Энхбат:  Баярын өдрүүдэд 310 автобусыг үйлчилгээнд нэмж гаргана Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллагын тээвэрлэгч жолооч нарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” хэсэгчилсэн сургалт өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбаттай ярилцлаа.

-“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сургалтын гол зорилго юу вэ. Хэчнээн жолоочийг хамруулж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тав тухтай, аюул осолгүй хүргэх зорилготой сургалтыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сургалтыг хоёр дахь удаагаа хийж байна. Сургалтад 45 аж ахуйн нэгжийн 620 жолоочийг хамрууллаа.

-Манай улсад хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг хэчнээн байгууллага, жолооч байна вэ?

-45 аж ахуйн нэгж, 956 тээврийн хэрэгсэл, 1120 жолооч хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд хатуу хучилттай зам харьцангуй нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан бид цагийн давтамжийг нэмсэн байгаа. Тухайлбал, Өвөрхангай руу өмнө нь 8.00 цагт хот хоорондын тээвэр явдаг байсан. Харин одоо өдөрт 2, 4, 6 цагийн давтамжтайгаар явдаг болсон. Нэг үгээр хэлэхэд цагийн давтамжаа 3-4 дахин нэмэгдүүлсэн.

-Мэргэжлийн байгууллагуудаас жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж зам, тээврийн осол гарах нь ихэслээ гэдэг. Өнгөрсөн онд зам тээврийн осол хэр их гарсан бэ?

-Дийлэнх нь хатуу хучилттай зам дээр гарч байгаа. Осол гарч байгаа гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, эгнээ байраа буруу эзлэх, гэрэл дохиогоо шилжүүлдэггүйгээс зам, тээврийн осол гарах нь нэмэгдэж байна. 2011 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2875 бүртгэгдэж, 362 хүн зам, тээврийн ослоор амь насаа алдаж байсан. Гэтэл өнгөрсөн онд 2143 гэмт хэрэг бүртгэгдэж, 654 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээ бий. Үүнээс харахад гэмт хэргийн тоо буурсан ч нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгдсэн нь орон нутагт хатуу хучилттай автозам ихээр барих болсонтой холбоотой. Судалгаагаар хатуу хучилттай автозам шинээр барьсан аймгуудад нас баралтын тоо 50 хувиас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Мөн ослын дийлэнхийг хувиараа хүн тээвэрлэдэг хууль бус тээврийн хэрэгслийн жолооч нар гаргадаг. Тиймээс иргэд орон нутагт зорчихдоо стандартын шаардлага хангасан хот хоорондын автобусаар үйлчлүүлэх хэрэгтэй.

-Хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурсан гэдэг. Хэдэн хувиар буурсан бэ?

-Өмнөх оноос 5.1 хувиар буурсан. Хот хоорондын нийтийн тээврийн дээд хурд нь 70 км цаг болсон. JPS системээр давхар хянадаг. Мөн хууль бус хулгайн тээвэрлэлт хийдэг иргэд “Нийтийн тээврээр үйлчлүүлбэл удаан явна. Бид хурдан шуурхай үйлчилнэ” гэдэг. Тэгэхээр иргэд нийтийн тээврийг биш хувь хүн, таксийг сонгож байна.

-Оюутны амралт эхэлчихсэн. Орон нутгийг зорих иргэдийн цуваа нэмэгдэж байна. Энэ үеэр хот хоорондын нийтийн тээврийн жолооч нар хүний тоог хэтрүүлэх нь элбэг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Энэ асуудлаар бид ЦЕГ, Замын цагдаагийн газартай хамтарч ажиллах төлөвлөгөөгөө баталчихсан. Төлөвлөгөөний дагуу дайран өнгөрч байгаа цагдаагийн бүх постод хяналт тавьж, ажиллаж байна. Ийм төрлийн зөрчил илэрч байгаа. Баян- Өлгий аймгийн автобус гэхэд зургаан зорчигч илүү тээвэрлэсэн байсныг илрүүлэн тухайн жолоочид хариуцлага тооцсон. -Зорчигч хэтрүүлсэн жолоочид ямар хариуцлага тооцдог вэ? -Удаа дараа зөрчил гаргасан жолоочийг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнээс хэсэгчилэн хасах, бүрэн хасах арга хэмжээ авдаг. Өнгөрсөн онд удаа дараа хурд хэтрүүлсэн 11 жолоочийг хуулийн байгууллагад шилжүүлж, 6-2 жил хүртэл жолоо барих эрхийг нь хасуулсан.

-Хот хоорондын автобуснууд бүгд GPS- тэй болсон уу. GPS төхөөрөмжөөр хянахын давуу талыг тодруулна уу?

-Зам, тээврийн ослыг бууруулах, хэрэг зөрчлийг арилгах зэрэг олон сайн талтай. Том, дунд, бага оврын тээврийн хэрэгслүүдэд бүгдэд нь GPS тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж байгаа. Тухайн орон нутгийг дайран өнгөрч байгаа цагдаагийн пост болон тээврийн газруудад хяналтын дэлгэц суурилуулсан. Мөн хурд хэтрүүлэгчийн дохиолол нь тухайн орон нутгийн Замын цагдаагийн газар болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж байгаа байгууллагад нь ч очдог.

-Цагаан сарын баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарь болон үнэ тарифт өөрчлөлт орох уу?

-Үгүй. Сар шинийн баярт зориулж бид урьдчилсан тасалбар бичилтээ 30 хоногийн өмнөөс авч эхэлсэн. Ингэхдээ цагийн хуваарь болон үнэ тарифт ямар ч өөрчлөлт оруулахгүй, хэвийн үйлчилнэ. Харин ч баярын өдрүүдэд 310 автобусыг үйлчилгээнд нэмж гаргахаар төлөвлөсөн.

С.ИЧИНХОРЛОО

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.