Comment.mn

Н.Минжинсайхан: “Болор цом”-ын тайзан дээр шүлэг унших нь том бахархал

МЗЭ-ийн гишүүн, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн Н.Минжинсайхантай ярилцлаа. “Болор цом”-д удаа дараалан оролцсон тэрбээр энэ жил ч яруу найргийн наадамд авьяас, ур чадвараа сорихоор бүтээлээ өгчээ.

 

-Яруу найргийн наадмууд ар араасаа болох гээд шинэ бүтээлийн санаа цээж дүүрэн байна уу?

 

-Дууныхаа хос цомгийг ирэх хавар гаргах санаатай ажиллаж байна. Цомгоо гаргах гээд ажиллаад ирэхээр өөрийн эрхгүй дуучдын зовлонг ойлгодог юм байна.

 

-Удахгүй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам болно. Та оролцох уу?

 

-Ямар ч байсан шүлгээ өгнө дөө. Би “Цагаан уул” наадамд оролцож хоёр ч удаа дэд байрт шалгарч байв. Ер нь наадамд оролцоод байр эзлэхдээ чухал биш. Сайхан наадамд оролцож хайрын тухай шүлэг уншина гэдэг залуу хүний хувьд их сайхан байдаг. Мөн би Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадамд оролцоно. Энэ хоёр наадам нэг өдөр болж байгаа юм билээ. Чухам цагийнх нь хуваарилалт нь яаж таарч байгаагаас хамаарч алинд нь түрүүлж шүлэг унших нь тодорхой болох байх. Ямар ч гэсэн хоёуланд нь шүлгээ өгчихөөд байна.

 

-Ер нь шүлэг бодолд хэрхэн төрдөг юм бол. Гэнэт л шүлгийн мөрүүд ороод ирдэг юм уу, эсвэл тунгааж боловсруулж бичдэг үү?

 

-Энэ асуултыг танаас бас асуумаар байна. Зарим хүн“Ямар үед шүлэг бичих онгод ордог вэ” гэж асуудаг. Ер нь бол онгод орж ирдэг цаг гэж байхгүй. Хаана ч явсан орж ирж болно. Гол нь үргэлж хэрэглэдэг түлхүүр гялтганадаг гэгчээр хаа байсан газар мөнхийн нэг зүйлийн талаар бодож явдагт л учир нь байгаа юм. Би санаанд орж ирсэн зүйлсээ тэмдэглээд гайгүй бүтээл болгохын төлөө хичээдэг. Ер нь ямар ч урлагийн салбарын уулзах цэг нь нэг газар байдаг гэж боддог. Хэлбэр нь л өөр болохоос агуулга хийгээд эцсийн мөн чанар нь адилхан шүү дээ.

 

-“Болор цом” наадамд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?

 

-Дөрөв дэх удаагаа “Болор цом” наадамд оролцох гэж байна. Их сургуулиа төгссөнийхөө дараахан энэхүү наадамд оролцсон. Тэр үед “Болор цом” наадмыг телевизээр гарахыг харчихаад тайзан дээр нь гарч шүлэг уншихыг мөрөөддөг байв. Бүх зүйл цаг нь ирэхээр биеллээ олдог гэгчээр миний үеийнхэн эхнээсээ энэ нэр хүндтэй наадамд оролцдог боллоо. Ингэж бидний үе ирж байна, бид“ургаж” байна. Энэ утгаараа хийх зүйл ч их бий. Хамгийн гол нь урдах ажлаа хийгээд л явахад бусад нь болох байх л гэж боддог юм.

 

-“Болор цом” наадмыг тойрсон элдэв яриа олны сонорт хүрэх боллоо. Тэр дундаа наадмыг зохион байгуулсан газрын яруу найрагч нь түрүүлдэг гэх болж. Энэ талаар ямар бодолтой явдгийг асуумаар байна?

 

-Нүдээрээ хараагүй болохоор энэ талаар мэдэхгүй юм. Ер нь “Нүд үнэн, чих худал” гэдэг. Би ч гэсэн ийм агуулгатай яриа сонсч байсан. “Болор цом” наадмыг 1983 онд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж санаачилснаас хойш нэлээдгүй олон жилийн нүүр үзэж уншигч, сонсогчдын талархлыг хүлээсэн хүчээ авсан том наадам боллоо. Яруу найрагч, зохиолчдын уулзалтын баярын өдөр ч гэж ойлгож болно. “Болор цом” наадамд оролцсоноор нь яруу найрагчийг сайн, муу гэж шүүх нь өрөөсгөл ойлголт. Жишээ нь, Р.Чойном яруу найрагчийг амьд ахуйд “Болор цом” яруу найргийн наадам болдоггүй байсан. Хэрвээ болдог байсан бол тэр орох л байсан байх. Гэхдээ “Болор цом” наадамд орсон, ороогүй нь хамаагүй түүнд Монголын ард түмэн хайртай. “Болор цом” байх ёстой наадам. Энэ бол яруу найргийг сурталчилж байгаа нэг хэлбэр юм. Түүнээс биш би энэ наадамд оролцоогүй гээд муу шүлэг бичдэг болчихгүй шүү дээ.

 

-Өнгөрсөн наадмуудад хэдийн даваанд унаж байв?

 

-Би“Болор цом” наадмын хоёрын даваанд орж үзээгүй. Гэхдээ“Болор цом”-ын тайзан дээр шүлэг уншина гэдэг том бахархал юм. Тиймээс түрүүлнэ, түрүүлэхгүй гэдэг нь чухал асуудал биш.

 

-“Болор цом” наадам гурван үеийн зохиолчдыг уулзуулж холбодгоороо онцлогтой. Мөн залуу зохиолчдод ахмад үеийнхнийхээ сургаалыг сонсох сайхан мөч тохиодог болов уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Залуу зохиолчдын нэгдлийг 2013 оны зургадугаар сарын 30-нд үүсгэн байгуулсан. Тухайн үед100 яруу найрагч буюу зуны уншлага гэсэн өдөрлөг цугларалтыг зохион байгуулж байв. Тэр мэтчилэн яруу найргийн дугуйлангууд чөлөөт уншлага болох нь сайн хэрэг. Түүнээс биш өрсөлдөхдөө гол нь биш юм. Энэ бол яруу найргийг нийгэмд сурталчлах, өөр хооронд нь танилцуулах чухал уулзалт болдог. Ер нь олон улсын жишгээр яруу найргийн дугуйлангууд хичээллэж байж хөгждөг түүхтэй.

 

-Монголын залуу зохиолчдын нэгдлийг та тэргүүлдэг. Танайх ямар бодлого баримтлан үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

-Залуу зохиолчдын дуу хоолой зохиолчдын дунд нэгдмэл биш байсан учраас залуус нэгдэж таван жилийн өмнө энэхүү байгууллагыг байгуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш бид том үйл бүтээж чадаагүй л байна. Өнгөрсөн хугацаанд ахмад зохиолчидтой уулзаж, тэднээс үнэт сургаал зөвлөмжийг нь авах ажлыг зохион байгуулж байв. Мөн орон нутгийн салбаруудад очиж уншлага зохион байгуулж, мод тарих, хог цэвэрлэх нийгмийн үйл ажиллагаанд оролцсон. Мөн100 яруу найрагч, 100 шүлэг өдөрлөгийг 2013 онд зохион байгуулж дараа жил нь тэр өдөрлөгт уншсан шүлгүүдийг багтаасан ном гаргаж байлаа. Бас утга зохиолын“333 залуу зохиолчдын зөвлөл” гэсэн нэртэй дугуйланг ажиллуулж, ямар ч үнэ төлбөргүйгээр залуу-сыг хамруулж байна. Энэ дугуй-лангаа түр завсарласан. Ирэх сараас залууст зориулсан энэхүү дугуйлангаа хичээллүүлэх болно. Бид дугуйлангийнхаа залуусын бүтээлийг жилд нь нэг удаа хэвлүүлэх бодолтой байгаа. Бид Залуу зохиолчдын нэгдлийнхээ үйл ажиллагааг идэвхтэй аваад явж чадахгүй байгаа боло хоор өөрсдийгөө чамладаг. Дугуйлангийнхаа үйл ажиллагааг жигд-рүүлчихээд дүү нартаа нүүр бардам хүлээлгэж өгөх нь бидний зорилго.

 

-Таныг кино зохиол бичсэн гэж сонссон. Хэдийд дэлгэцийн бүтээл болж үзэгчдийн хүртээл болгох вэ?

 

-Би өнгөрсөн жил найзтайгаа хамтран кино зохиол бичсэн юм. Одоохондоо кино маань гараагүй байна. Зураг авалтаа хийж байгаа гэсэн. Удахгүй үзэгчдийн хүртээл болох байлгүй дээ. Ер нь хүн утга зохиол гэдэг саван дотор өөрийн хийж болох зүйлсээ аль болох таних нь зүйтэй гэж боддог юм. Жишээ нь, би үргэлжилсэн үгийн зохиол бичих гэж олон удаа оролдлого хийсэн. Гэвч нэг л болохгүй, уянгалчих гээд байдаг. Гэхдээ зарим хүн намайг жүжгийн зохиол бичих хүн гэдэг. Магадгүй өрөөлийн нүдэнд би тэгж харагддаг байж болох юм. Би чинь өөрийн эрхгүй дууны шүлэг бичээд эхэлсэн хүн шүү дээ. Гэхдээ дууны шүлгийг бичье гэж бодож бичээгүй. Ер нь дуутай хамт амьдарна гэдэг нь их яруу найрагч Б.Явуухулангийн хэлсэн шиг“Дуулим хорвоод дуутай амьдарна” гэж тухайн үед тийм мэдрэмж төрсөн болов уу. Одоо эргээд харахад бас ч үгүй хүн харахад улайхааргүй хэдэн дуутай болжээ.

 

-Та шүүмж судлаач мэргэжилтэй. Дууны урлагт шүүмж дутагдсанаас элдэв үгтэй дуу цацагдах болжээ. Ер нь шүүмж бичье гэж бодож байв уу?

 

-Энэ талаар дуугармаар л санагдаад байдаг юм. Дуугарах цаг нь ч ирэх байх. Яг мэргэжлийн төвшинд судалгаа хийгээд задлахаар хэлчихмээр зүйл их гардаг. Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны100 эрхэм” нэвтрүүлгийнхээ үеэр“Ардын дуу шиг ганц дуу бичих юмсан” гэсэн. Тэр хүн шиг ардын дуу биш юм гэхэд алдаагүй нэг дуу бичих юм сан гэж боддог. Тэгвэл дууны урлагт хөл тавьсны амжилт байх болов уу.

 

-Та Архангай аймгийнх. Удахгүй таны нутгийн хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр тоглолтоо хийх гэж байна. Та хоёр нэлээд хэдэн дууг хамтран бүтээсэн биз дээ?

 

-Арван жилийн өмнө би хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяртай танилцсан. Бид миний“Солонго” гээд охинд тухайн үед сэтгэл алдраад бичиж байсан шүлгээр дуу хийсэн. Хөгжмийн зохиолч Ч.Төгсбаярыг тэр үед“Элкондор” хамтлагийг хөл дээр нь босгосон гэдгээр нь сайн мэддэг болсон. Тэгээд би түүний дуунуудыг сонирхож эхэлсэн. Улмаар уулзахаар очсон чинь их энгийн сайхан хүн байсан. Тэгээд Ч.Төгсбаярт шүлгээ үзүүлсэн чинь их сайхан хүлээж авч байна. Тухайн үед би дахилтыг нь бичээгүй байсан юм. Тэгээд гурван сарын дараа яруу найрагч Н.Минжинсайхан, дуучин Минжүүр хоёрт гээд хаягласан дугтуйтай зүйл надад ирсэн. Тэгж л би орчлон дээр өөрийн гэсэн дуутай болсон. Одоо би урын сандаа40 дуутай болжээ. Тэр болгонд Ч.Төгсбаяр ах хөгжмийг нь зохиож өгч байв. Мөн бидний хамтран бүтээсэн дуу“Сүүдрийн гэрэл” гэдэг киноны дуу болсон. Тэгж л аж амьдрал, авьяас билгийн сайхан ах дүү нар болоод арваад жилийг үдсэн байна. Ах маань анх удаа Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр болсонд их баяртай байна.

 

-Хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр олон сайхан уран бүтээлтэй. Тэр дундаас “Бүсгүй”, “Тавилан” зэрэг бүтээлийг нь хүмүүс андахгүй?

 

-Түүнээс гадна олон сайхан дуу бий. Дуучин Г.Чинболорын“Зүрхэнд тэмүүлэх сэтгэл”, ноён Бондгорын “Дүү минь”, Р.Амарбаясгалан, С.Наран тунгалаг нарын “Дасан жаргах амраг”, Э.Төрмандахын дуулсан ээжийн тухай дуу гээд сайхан бүтээл бий.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.