Уламжлалт Цагаан сар болоход арав гаруй хоног үлдлээ. Хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан сурталчилгаанд дарагдсан монголчууд энэ цаг үед баярын бэлтгэлдээ санаа зовж эхэллээ. Гэвч ажлын ачаалал, цаг зав зэргээс шалтгаалж, бэлэнчлэх сэтгэлгээг эрэлхийлэх болоод удсан байна. Цөөн үгээр хэлбэл мөнгөтэй л байвал ууц чанах, бууз, банш хийх, тэр бүү хэл гэрээ цэвэрлэхэд хүртэл санаа зовох зүйлгүй болжээ. Учир нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, айл өрх нийслэлд тоолж барам. Тиймээс энэ удаад цагаан сарын үйлчилгээний үнэ ханшийг сонирхлоо.
Ууц чанах үйлчилгээ 30-45 мянган төгрөгийн ханштай
Сар шинийн баярт айл өрх бүр ууц тавьж, хэвийн боов өрж, бууз чимхсэн байх шаардлагатай гэсэн бичигдээгүй хууль Монгол орны өнцөг булан бүрт одоог хүртэл үйлчилсээр байна. Хэдий ийм тогтсон хэв шинж байвч ууц чанадаг, хэвийн боов хийдэг иргэн олон биш ажээ. Тийм тулдаа цагаан сарын баяр дөхөх бүрт ууц чанах хийгээд бусад төрлийн шинэ үйлчилгээний зарууд хаа сайгүй “урсдаг”. Уг нь гэрийн нөхцөлд ууц чанах зэрэг нь мэргэжлийн байгууллагаас хориотой. Гэвч нийлүүлэлт байгаа цагт эрэлт үүсэн нь ойлгомжтой билээ. Энэ жил ууц чанах үйлчилгээ эрт эхэлсэн. Дундаж үнэ 30 мянган төгрөг аж. Харин үхрийн өвчүүг 20-25 мянган төгрөгөөр чанаж өгдөг аж. Энэ бүгдээс гадна мах шарах, уламжлалт аргаар эвдэх үйлчилгээ ч үзүүлдэг байна. Зарын сувгуудад өгсөн мэдээллээр иргэдтэй холбогдоход эхний хүн Хайлаастад байдаг аж. Тэрбээр “Ууцыг 30 мянган төгрөгөөр чанана. Гэрт нь очиж аваад, эвдэж янзлаад, сүүлийг нь хуйхлаад бэлэн болгож өгнө. Чанахад нэг өдөр болно. Ер нь энэ жил захиалга их байна” гэсэн юм. Мөн энэ төрлийн зарын дагуу дахин нэг иргэнтэй холбогдоход “Хархоринд байрлаж гэрээрээ ууц чанаж байгаа” гэв. Ууц чанах үйлчилгээг сүүлийн хоёр жил хийж байгаа туршлагаа гайхуулав. Тэрбээр “Ууц дангаар нь чанавал 30 мянган төгрөг. Харин дагуул махтай чанавал 10 мянган төгрөг нэмэгдэнэ. Харин үхрийн өвчүүг 25 мянган төгрөгөөр чанана. Одоогоор өвчүү чануулсан хүн алга. Нэг ууцыг хоёр цаг чанадаг. Захиалга бага байгаа учир өдөрт 2-3 ууц чанаж байна” гэв. Түүний өгсөн мэдээллээс үзвэл энэ айл өдөрт дунджаар 70 мянган төгрөгийн ашиг энэ үйлчилгээнээс олдог болж таарч байна. Тэдний хэлж буйгаар баяр болохоос долоо хоногийн өмнөөс эхлэн захиалга нь эрс нэмэгддэг гэнэ. Багаар бодоход энэ үед үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцвол ууц чанадаг иргэн өдөрт 150 мянган төгрөгийн дундаж орлоготой байх нь. Харин эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ давуу байдлыг эзэлдэг албан байгууллагууд ууц занах үйлчилгээндээ 45 мянган төгрөгийн ханш тогтоожээ.
Нэг буузыг 100-250 төгрөгөөр чимхдэг
Буузны үзэмж, амтаар гэрийн эзэгтэйн ажлыг дүгнэдэг гэхэд хилсдэхгүй. Гэвч сүүлийн үед нийслэлийнхэн ажлын зав зай, амар хялбарыг нь бодож чимхэж бэлдсэн бууз худалдаж авдаг болсон. Тиймээс бэлэн бууз худалдахаас гадна гэрт нь очиж чимхэж өгөх үйлчилгээ хүртэл дэлгэрчээ Тэд ширхэг буузыг 100-250 төгрөгийн ханшаар чимхдэг гэнэ. Нэг өрх дунджаар 500 бууз хийдэг гэж тооцвол энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүс дунджаар 125 мянган төгрөг нэг айлаас “халаасалдаг” байна. Үүнээс гадна “Захиалгаар банш хийнэ” гэсэн зар ч хаа сайгүй. Мөн л энэ төрлийн зар өгсөн 8828…. дугаарын утастай эмэгтэйтэй холбогдоход “Цагаан сарын бууз чимхэлтийн ажлыг хоёр жил хийж байгаа гэнэ. Түүний хувьд “500 ширхэг буузыг 100 мянган төгрөгөөр хийнэ. Гэрт нь очиж хийвэл амар байдаг. Эсвэл хийлгээд авч болно. Мах, гурил амтлах зүйлсээ хийлгэж байгаа хүн өөрөө авч өгнө. Баншийг буузтай адил үнээр хийнэ” гэв. Дараа нь “Бууз маш хурдан хүссэн чимхэлтээр хийж үйлчилнэ” гэсэн зарын дагуу утас цохив. Тэрбээр “Гэрт нь очиж бууз чимхэнэ. Мянган буузыг 50 мянган төгрөгөөр хийнэ. Хэрэв махаа татаагүй бол 10 мянган төгрөг нэмэгдэнэ. Махаа татаад бэлдсэн тохиолдолд мянган бууз чимхэхэд хоёр цаг орчим болно” гэсэн хариултыг өглөө.
Тэгвэл энэ бүх үйлчилгээний талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас цөн асуултад хариулт авлаа.
-Цагаан сарын баярын ууц, өвчүү чанах үйлчилгээг хувиараа эрхэлж байгаа иргэдэд ямар хяналт тавьдаг вэ?
-Цагаан сарын баяртай холбоотой гэр барьж ууц чанадаг үзэгдэл сүүлийн хоёр жилд харьцангуй багассан. Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл байгуулагдан зориулалтын бус газарт ууц, өвчүү чанахыг хориглосон. Учир нь, НИТХ-ын нийслэл хот дахь худалдаа үйлчилгээний журам бий. Энэ журмын заалтад нийтийн эзэмшлийн газар худалдаа үйлчилгээ хийх буюу ууц, өвчүү чанахыг хориглосон. Үүнд дүүргийн Засаг дарга нар Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл хяналт тавьж ажиллах ёстой. Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид багтдаг.
-Хувь хүн зар тавьж гэртээ ууц, өвчүү чанах нь ихэсчээ. Үүнд хяналт тавих боломж бий юү?
-Энэ тохиолдолд тухайн ахуйн орчинд хяналт тавих боломжгүй. Хувь хүн өөрийнхөө гэрт ууц чанах нь тухайн хүний мэдэх хэрэг. Тиймээс зөвхөн нийтийн эзэмшлийн талбай дээр ууц, өвчүү чанах үйлчилгээ хийхийг хориглосон. Ууц, өвчүү чанах тал дээр дүүргүүд зохион байгуулалт хийж, хуваарь гаргадаг. Дүүргийнхээ иргэдэд зориулсан ууц чанах зориулалтын газрыг цагийн хуваарийн дагуу гаргаж өгнө. Үүнийг дүүрэг бүрийн Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийнхэн хяналт тавьж ажиллана.
М.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: www.unen.mn