Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2-р сарын 07-оос 12-р сарын 20 хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Хуваарийн дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавих, харьяа төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг цэвэрлэгээнд бүрэн хамруулж оролцуулах, үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд 2015 онд хийгдэх бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн харьяа газар, агентлагууд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчид, хороод, СӨХ, иргэд оролцоно.
2015 оны эхний бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гаригт нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамрагдах бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдал, жалга, гудамжинд хөлдсөн бохир ус, хальтиргааг арилган цэвэрлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
www.comment.mn