Хойд хөршийн түүхт удирдагчдын нэг Иосиф Сталинд дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн үй түмэн бэлэг байдаг гэнэ. Тэр бүгдийг дэлгэхэд хэд хэдэн том танхим элбэг дүүрдэг байсан төдийгүй тэдгээрээс сонирхолтой, үнэтэй чаминг нь сонгон нийтэд сонирхуулдаг үе ч байсан гэдэг. 1950-иад онд Москвад очиж Кремлиэр орсон хэн ч бол эл музейг үзэх боломжтой байсан аж.
1949 онд нөхөр Сталины 70 насны ойг оросууд төдийгүй ойр хөрш орныхон нь ч ач холбогдол өгч тэмдэглэсэн гэдэг. Хамгийн сонин нь оросууд сахалт удирдагчийнхаа чухам яг хэдийд төрснийг мэддэггүй. Сталин ч үүнийгээ чанд нууцалдаг байж. Тэрээр хүний төрсөн өдөр, цагийг мэддэг байхад ямар нэг муу зүйл хийх боломжтой хэмээн болгоомжилдог байсан гэнэ.
И.Сталины 70 насны ойгоор маш олон газраас бэлэг иржээ. Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас, хот тосгоноос тэр ч бүү хэл ах дүүгийн найрамдалт улсуудаас нь ч онцгой ач холбогдол өгч буйгаа илэрхийлэн бэлэг илгээжээ. Тэдгээрээс И.Сталин Сибириэс илгээсэн өдөн дэр, дулаан хөнжлийг л өөртөө авч бусдыг нь төрд данслуулж, тэр үеийн Горькийн гудамжин дахь Хувьсгалын музейд шилжүүлэн олон нийтэд үзүүл хэмээн тушаасан байдаг.
Музейд шилжүүлсэн зүйлүүдийг дэлгэхэд бүтэн 17 танхим болсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь урлагийн тун үнэ цэнтэй бүтээлүүд байжээ. Сучанскийн нүүрсний уурхайгаас чулуун нүүрсэн хавтан дээр өөрсдийнхөө амжилтыг тайлагнасан бүхэл бүтэн альбом хийж ирүүлсэн бол Францын ажилчдаас цул мөнгөн тагтаа урлан илгээсэн гэнэ. Тагтааны сууринд “Францын ажилчид хэзээ ч зөвлөлтийн ажилчидтай дайтахгүй” хэмээн бичсэн байдаг. Польшийн Лодзь хотоос илгээсэн бэлэг нь мөн л сонирхолтой. Дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй телефоны харилцуур нь алх, харин эргүүлдэг хүрд нь хадуур хэлбэртэй. Бээжингийн Багшийн их сургуулийн багш бүхэл бүтэн уран баримлын бүтээл бэлэглэсэн байдаг. Перугаас мөнгөн шатар, Хятадаас Тан улсын үеийн ногоолин ваар, дотор дотроо ордог зааны ясан бөмбөлөг гээд сонирхолтой бэлэг тун олдон байдаг.
Тэдгээрийн дунд Монголоос таван түлхүүрээр онгойдог цоожтой мөнгөн авдар олны анхаарлыг их татдаг. Энэ бол домгоос сэдэвлэсэн бэлэг. Монголыг эзэлсэн Хятадын эзэн хаан Чингис хааных нь чандрыг төмөр авдарт хийгээд таван түлхүүртэй цоожоор янгитал цоожилжээ. Улмаар түлхүүрүүдийг нь дэлхийгээр нэг тарааж хаясан гэдэг. Хэзээ нэгэн цагт түлхүүрийг хэн нэг баатар олж авдрыг нээгээд монголчуудыг өмнө зүгийн эзлэн түрэмгийлэгчээс салгана гэсэн домгоос И.Сталинд илгээсэн бэлгийг сэдэвлэсэн гэдэг. Энэхүү авдрыг хэн урласан тухай мэдээлэл алга. Гагцхүү монголчуудаас гэсэн хаяг л байдаг аж.