Эротик кинонд тоглож, олонд танигдсан жүжигчин Р.Анхням сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчидтэй хамтрах болсон. Өвөрмонголчуудын бүтээсэн “Гаадаа Мээрин” хэмээх түүхэн киноны гол дүрд тоглон БНХАУ-ын кино наадмаас томоохон шагнал хүртэж байсан түүнийг алдартай найруулагчид өндрөөр үнэлсэн байдаг. Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй өдгөө гадаадын киноны зах зээлд цахиур хагалахуйц томоохон бүтээлд дахин тоглоод байна.
Хятадын зохиолч Жиан Роний бичсэн “Чонон сүлд” романаар Францын уран бүтээлчид Хятадуудтай хамтран тун сонирхолтой кино бүтээсэн бөгөөд гол дүрд нь жүжигчин Р.Анхням тогложээ. Жан-Жак Анногийн найруулсан уг киноны нээлт өдгөө хэд хэдэн кинтеатрт зэрэг нээлтээ хийж байгаа бөгөөд Соёлын хувьсгалын жилүүдэд Өвөрмонголд өрнөсөн түүхийг харуулах энэ киноныхоо Англи хадмал орчуулгатай трэйлерыг хүртэл гаргасан ажээ.
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхням тус киноныхоо нээлтэнд оролцоод эх орныхоо зүг хүлгийн жолоо залах бөгөөд өнөөдөр 13:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хөл тавих нь. Ийнхүү олон улсын кино урлагийн ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах алдрын замналыг түүчээлэн яваа авьяаслаг бүсгүйг тосохоор “Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбоо”-ны гишүүд болох олны танил уран бүтээлчид хүндэтгэлтэйгээр угтан авах бэлтгэлээ базааж эхэллээ.