Comment.mn

Буудайн цаана нуугдах буруу дуулиан

Буудайн цаана нуугдах буруу дуулиан

Төрийн    эсрэг    тэмцэх тариаланчдын “бослого” нэлээд хурц хэлбэрт шилжив. Төв талбайд том оврын техник байрлуулж, Засгийн газар, салбарын сайд, төрийн бодлогыг эсэргүүцэж буй үгээ лоозонгоор илэрхийлжээ. Маш товчхондоо тэд хойд хөршөөс 20 мянган тонн улаанбуудай импортлохыг эсэргүүцэж буй юм. Үүн дээр тариаланчдаас авсан улаанбуудайн төлбөр гар дээр нь ирээгүй, үнийн зөрүү 100 мянган төгрөгийг 70 болгон бууруулсан зэрэг “хачир” болж байна. Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Монгол Улс жилдээ 250 мянган тонн гурил иддэг, үүнийг үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. Гэтэл “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээг хангахад 450 мянган тонн улаан буудай шаардлагатай, 100 мянган тонн улаан буудай нэмж хэрэгтэй болсон” гэж хэлээд импортоор оруулж ирснээ хамгаалахаар бүхий л зүйлийг ашиглаж байна” гэв. Харин “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн, буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн болно. Гэтэл тариаланчдын 2014 онд хураан авсан 350 мянган тонн таваарын буудайн 30-аад хувь нь цавуулгын шаардлага хангахгүй байгаа. Тодруулж хэлбэл, 100 мянган тонн улаан буудай цавуулгын чанар хангаагүй гэсэн үг. Тэгэхээр гурилын хэрэгцээгээ хангахад 100 мянган тонн дутаж байгаа юм. Үүний тодорхой хувийг буюу 70 мянган тонн буудайг импортоор оруулж ирье гэсэн” хэмээн байр сууриа тодорхойлсон. Тэмцэгчдийн хэлж буйгаар одоогоор тариаланчдын гар дээр борлуулаагүй үлдсэн 40 мянга, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаан буудай байгаа гэнэ. Харин салбарын яам тэднээс тэс өөр байр суурьтай. Тодруулбал, тариаланчид мэргэжлийн болоод салбарын удирдах байгууллагыг очиж шалгах гэхээр 30 гаруй мянган тонн буудайгаа “нуучихаад” үзүүлэхгүй байгаа. Ийм учир салбарын яам “Тэдэнд буудай байгаа нь худлаа” гэсэн дүгнэлтэд маш хялбархан хүрчээ. Гэвч төр, хувийн хэвшил хоёрын энэ маргаан шинэ зүйл биш юм. Аль хоёр жилийн өмнөөс тэдний дунд үүссэн ойлголцлын зөрүү бий. Харин үүний нөгөө талд нийгмийн өмнө хүлээсэн үндсэн үүрэг болох гурван сая хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн гаргах байдал дэд хүчин зүйл болж ирсэн. Үнэндээ чанарын шаардлагад нийцэх гурилаар дотоодын зах зээлийг хангаж чадаж байна уу гэвэл үгүй Хоёрхон жилийн өмнө л гэхэд үндэсний томоохон нэр хүндтэй үйлдвэр дотоодын зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж байсан тохиолдол ч бий. Энэ мэт аар саархан жишээ, үндэслэлгүйгээр үнэ тогтоодог үзүүлэлт олныг дурсч болох. Гэвч хурааж авсан буудай бүхэн гурил болдоггүйг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх цаг нэг түрүүнд иржээ. Хамгийн наад зах нь тариаланчид сүүлийн 23 жилд аваагүй арвин ургац авчихсан тухай ярьж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах болсон байхад урамшуулал өгөхгүй, буудай хүлээж авахгүй гэсэн гомдолтой байна. Харин Засгийн газраас агуулахад байгаа улаанбуудайн чанарыг судлах ажлын хэсэг байгуулсан боловч тариаланчид тэднийг нэвтрүүлээгүй.

Хэрэглэгч бол хэн ч биш

Сүүлийн цөөн жил үргэлжилж буй энэ маргаанаас бид “Хэрэглэгч бид хэн ч биш юм” гэдэг бодит төрхөө дахин харлаа. Тийм ч учраас улаан буудайн маргаан дундаас одоогийн байдлаар хэдэн хувь нь цавуулагтай, ямар хэмжээтэй нь шаардлагад нийцэхгүй байгаа тухай судалгаа гарсангүй. Үнэндээ ийм хялбархан аргаар маргааныг шийдэж болох байтал тариаланчид буудайгаа зориудаар шинжилгээнд хамруулсангүй. Тэр бүү хэл “Бидний 100 хувийн чанартай буудайг төр авсангүй” гэж ам бардам хэлэх зүрхтэн ч үгүй байна. Иймээс ихэнх талаараа Засгийн газрын шийдвэрийг зөв гэдэгтэй санал нийлж болохоор байгаа юм. Учир нь, чанартай гурилаар иргэдээ хангахын тулд чанарлаг буудай байх шаардлагатай гэдэг нь зүйн хэрэг. Тиймээс хойд хөршөөс буудай татах гарц олсон нь буруу биш. Мэргэжлийн судалгааны байгууллагын дүгнэлтээр бол 23-25 хувийн цавуулагтай улаанбуудай тариаланчийн агуулахад байгаа. Ийм үзүүлэлттэй буудайгаар гурил үйлдвэрлэхэд ч хангалттай гэнэ. Үүн дээр үйлдвэрлэлийн явцад 2-3 хувийн цавуулаг нэмэгддэг гэж байгаа. Харин 23-25 хувийн цавуулагтай буудай хэр хэмжээтэй байна вэ гэсэн асуултын хариуг тариаланчид зориуд нуугаад байгаа нь жинхэнэ утгаараа таагүй үзэгдэл болж байна. Мөн улаанбуудайг биржийн арилжаагаар зохицуулах боломжтой тухай мэргэжилтнүүд хэлдэг боловч бас л тариаланчид “Ярьсан үлгэрт чинь итгэдэг цаг өнгөрсөн” гэсэн тайлбар тавьдаг. Тийм атлаа Засгийн газарт олон янзын шаардлага хүргүүлж, биелүүлэхгүй бол хамтарч ажиллах боломжгүй гэж дарамт үзүүлсээр байна. Энэ бүх маргааны ард харин хэрэглэгчдийн чанартай хүнс сонгох, хэрэглэх эрх сураг алдраад удаж байна. Ийм цаг үед бид оросын гурилд баяртай гэж хэлэх мөн ч хол.

Сонголтгүй маргааны цаана…

Тариаланчид Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагагүй гэдэг байр сууриа илэрхийлжээ. Хатуухан хэлэхэд хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газартай хамтарч ажиллахаас өөр боломж, тийм сонголт байхгүй. Мөн экспортын хоригийг цуцлахыг шаардаж байгаа. Ийм боломж ч байхгүй. Хэрэв тариаланчид буудайгаа хил давуулж, зарж ашиг олох юм бол төрийн өмчийн газар ашигласан учир өндөр татвар төлөх ёстой. Үгүй бол төрөөс газрыг нь өмчилж авчихаад дараа нь дураараа дургиж болно. Энэ бүхний цаана төр, хувийн хэвшил хоёрын хамтарч ажиллах алтан зарчим ч бас хөндөгдөнө. Харин хэн нь ямар оролцоотой байх тухай бол өөр сэдэв юм. Энэ бүхнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн хөнгөлөлт горьдох шаардлагагүй болно. Үгүйдээ гэхэд тус санд өргүй байж, гадаад зах зээлийн тухай ярьж, Засгийн газартай хамтрахгүй гэж зүтгэж болох юм.

Хардах эрх

Орчин цагт энэ эрхийг хүн бүр хангалттай эдлэх болжээ. Даргын тамга атгасан нэгнээ луйварчин болгож хардаг үзэгдэл бол хэв шинж. Харин энэ удаагийн хар бол өөр зүйл. Учир нь, тариаланчид өөрсдөө нийгэмд хар төрүүлэх үйлдэл хийгээд баримтыг бүрдүүлж өгөв. Хамгийн наад зах нь агуулахад байгаа буудайгаа үнэнчээр хэмжээд чанарт нь шалгалт хийхийг зөвшөөрөх ёстой байсан юм. Маш товчхондоо гурван жил орчим үргэлжилж байгаа маргааныг таслан зогсоох эрх зөвхөн тэдний гарт байгаа гэсэн үг. Тийм байхад жагсаал цуглаан, үндэсний эрх ашиг, эх оронч байдал ярьж байгаа нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хийгээд тариаланчдын холбоог үүсгэн байгуулсан цөөн хүний эрх ашиг ард нь байж ч болох юм.

Гурилын үнэ яагаад өсдөг вэ

Монгол иргэн гурил, махаа хямд үнээр авч хэрэглэх боломжтой тухай салбар бүрийн олон хүн ярьдаг. Үүнийг сонсоод бид ч мөн толгой дохидог. Гэтэл зах зээлийн зарчим, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахуун зэрэг цөөн шалтгааныг гурил үйлдвэрлэгчид тоочдог. Үнэн хэрэгтээ энэ бүхний нөлөөлөл тун бага юм. Харин одоогийн байдлаар манай улсад 80 орчим гурилын үйлдвэр ажилладаг гэсэн сайхан мэдээ биднийг хямд үнэтэй гурил хэрэглэхэд саад болдог билээ. Учир нь бараг л бүх үйлдвэр хүчин чадлаа гүйцэт ашиглаж чаддаггүй. Тэд зөвхөн жилийн гурав орчим сард л бүтээгдэхүүнээ гаргаад үлдсэн саруудад “Стоп кран” татдаг байна. Ийм учраас алдагдлаа нөхөх, сул зогсолтын хугацаанд алдагдалгүй байх нь бизнесийн дүрэм. Энэ дүрмээ хэрэгжүүлэхийн тулд тэд гурилын үнийг зах зээлийн судалгааны бус аргаар тогтоодог билээ. Хэрэв манай улсын хэрэгцээг ихээр бодоход таван үйлдвэр хангадаг байсан бол бид хямд үнээр гурил авах боломж бүрдэх байдал ч харагдаж байгаа.

Д.ГАНБААТАР
Монголын үнэн

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Sn bna uu oroin mend said nar yu hj bgaa ym ingej bgaad mongol uls hoosorlooo!!@!!

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.