Түмний минь хүндэтгэлт их баяр Цагаан сар айлчлан ирэх дөхөж байгаатай холбогдуулан “Монголын Үндэсний Чөлөөт зурхайчдын холбоо”-ны Ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрай хэмээх эрдэмт хүнийг Солонго сайтынхаа хойморт урьж ярилцлаа. Энэхүү буурал суусан буриад баавайн тухай 1990 оны тухайн “цаг үе”-ийг зөв үнэлж, ном сөхөн, Өвөг дээдсийн өв их соёл Монгол шар зурхайг өнөөдрийн бидэнд хүргэх гэж … алсыг харж, ирээдүйн өмнө нүүр бардам, хэлсэн үгтэй, хийсэн ажилтай тэрээр нэгэнтээ: – Монголын ард түмэн, хойч үе “Баярлалаа” гэх цаг ирнэ гэж итгэл дүүрэн хэлсэн байдаг. Сүүлийн 25 жилийн дотор Намсрай гуайтай эн зэрэгцэх жинхэнэ Монгол шар зурхайч төрөөгүй байна гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн судлаач эрдэмтэн хүний хувьд: – Монгол зурхайн шинжлэх ухааны дээд түвшинд хэн хэнийгээ тэтгэн дэмжиж явах зайлшгүй шаардлага биднийг холбож байгаа юм хэмээн Монгол Улсын Түүхийн шинжлэх ухааны доктор, Зурхай судлаач Шарнууд овогт Дондогжалын Мөнх-Очир нэгэнтээ өгүүлсэн байдаг. Ингээд та бүхнийгээ зурхайч эрхэм M.Намсрай гуайтай уулзуулъя.
-Сайн байна уу, тийм цаг үеийн хүн “шар зурхайч” болно гэдэг нэг л санаанд багтахгүй юм?
-Сайн. сайн байна уу, Аавын буян, гэрийн хүмүүжил юм даа.
-Аав тань зурхайч байсан юмуу?
– Юм юмтай л хүн. Тухайн үеийнхээ ном судар их үзсэн, үлгэр түүх, үйл явдлыг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол ярьдаг түүхч хүн байсан. 3-4 настай байх үеэс л жижигхэн булбарай гарыг минь өхөөрдөн алганы үе болгон дээр нь зааж: – Энд ус байна, энд гал байна, энд төмөр, энд мод. Миний хүүгийн эрхий хуруу хөх өнгөтэй, долоовор хуруу улаан өнгөтэй, дунд хуруу шар өнгөтэй, ядам хуруу цагаан өнгөтэй, чигчий хуруу хар өнгөтэй гэдэгсэн. Ой ухаанд хадгалагдсан энэ мэт мэдлэг мэдээлэл, ном судраа дэлгэж өвөг дээдсийнхээ өв соёл, өөрсдийнхөө үүх түүхийг үнэн мөнөөр мэдэх боломж нээгдсэн. 1990 оноос хойш ямар их тус болсон гэж санана аа. 8 суудал, 9 мэнгэ, 12 жил, Их монголын их мөчлөг гэгддэг жарны тоолол тэр аяараа алган дээр минь бэлэн байж байх нь тэр. Их монголын тоо тооцооны гэрийн сургалтын наад захын жишээ ийм байжээ.
Намайг сургуульд орох үед “монгол бичиг” хэрэггүй болж, латин үсэг, кирилл бичиг хэмээн туршилт хийсээр Ц.Дамдинсүрэн гуайн “цагаан толгой” дээр тогтож байсан цаг ажгуу. Миний үеийнхэн ингэж эх бичиг, их түүхээсээ тусгаарлагдаж, огт орчуулагдаагүй К.Марксын “Капитал”-ийн сураг сонсож, В.И.Лениний бүх ботийг төвд ном шиг цээжлэх шахаж байсан хэдий ч даравч дардайн, булавч бултайж, эцэг дээдэс, эх соёлоо эрхэмлэх “мөнхийн санаа” нь оч мэт үсчин асан дүрэлзэхэд бэлэн байсныг одоо үеэс харж болно.
Бидний үеийнхэн хэдийдээ ийм сүсэгтэн, хэдийдээ ийм шүтлэгтэн болчиховоо гэмээр хэт туйлшрал бас харагдаж байна.
Үхсэн хүнийг ч амьд бурхан гэж итгэж, өвс мод, чулуунаас эрчим хүч авлаа гэлцэж, 90 оноос хойш Ромбу гарагтай харьцагч нэгэн ерөнхийлөгчийн үзмэрч болж, өөрөөсөө гал гаргагч охин манай нэрт эрдэмтдийн буянаар оюутан болж орон сууцтай болсноо гэмт хэрэгтэн болж, бариач, илээч, үзмэрч, мэргэ төлөгчид тоогоо алдан Төв халхын Монгол төрөлх чанараа олох нь бүү хэл гадаад, дотоодын хахаж цацсан мэдээлэлд автан “Уламжлал-Залгамжлал” дээрээ будилж, хэн ч биш болох дээрээ тулаад байгааг бас харж болно.
-Уламжлал, залгамжлал хоёрт ямар ялгаа байгаа юм бэ? Нэг л утгатай үгс шүү дээ?
– Хүний, өөрийн гэсэн юмаа ялгаж, салгаж ойлгоё гэвэл хүнээс авснаа уламжлалт, өөрсдийн бүтээснээ залгамжлалт гэвэл утга санаа нэг ч гэлээ зарчим зааг нь өөр шүү. Төвдөөс орж ирсэн буддын шашин бол яах аргагүй манай уламжлалт соёл (ул гэдэг язгуур нь ул болсон бусдынх, гадных гэсэн санаа) Монголдоо байгаа тэнгэр үзэлт бөөгийн өргөл бол яах аргагүй өвөг дээдсээсээ залгамжилж авсан өвлөгдсөн соёл гэж ойлговол зохино (залгамж гэдэг үг өвөг дээдсээсээ өөр хүний юмтай холилгүйгээр авч яваа гэсэн санаа). Өнөөдөр бид Энэтхэг, Төвд, Хятад хольцтой юм ч уламжлалт, жинхэнэ Монгол юм ч уламжлалт болчихоод хэвшчихсэнийг огтхон ч ажиг сэжиггүй хэлэлцсээр байна.
-Нээрээ л бодож үзмээр юм байна. Би танаас шар зурхайг хэрхэн залгамжилж авсныг улам дэлгэрэнгүй тодруулах гэсэн юм. Яагаад шар зурхай гэж? Шар зурхайг Хятадынх л (Дундадынх л) гэдэг шүү дээ?
– Би сая хэлсэн. Юм болгоныг Хятад (Дундад), Энэтхэг, Төвд, арай л Солонгосоос авсан гэхээс наагуур юм ярьцгаах юм. Яагаад Монгол байж болохгүй гэж?
Шарсан мах андахгүй
Шар зурхайч гэсэн өвгөдөөс өртөөлсөн хэлц үг байна. Хятад (Дундад) зурхайчийг хэлэх гэсэн бол шарсан ногоо, шарсан тахиа гэмээр. Гэтэл …
“Мах” гэснээрээ
Мангас гаралтай
Махан идэштэй
Монгол болж таараад байгаа юм.
Ам дамжсан ганц нэг үгэнд ач холбогдол өгч гарцаагүй “Баримт-Баталгаа” гэхгүйгээр эрт эдүгээгийн түүхэн судалгаа, өнгөрсөн 25 жилийн дотор хангалттай хуримтлуулснаа гар утаснаасаа чамд тоймлон үзүүлье. (Гар утаснаасаа үзүүлэв)
Одоогоос 40 шахам жилийн өмнө Монгол-Унгарын хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Эрдэнэ-Мандал сумын нутаг Хүний голын Баян-Уулын өвөрт ажиллан эртний Хүннүгийн булшнаас МЭӨ I, МЭ I зуунд холбогдох цагаан цас толь олжээ. Хулгана жилээр эхэлсэн энэ толь
(Эрдэнэ-Мандалын толь)
(Хань улсын хүрэл толь)
Дэлхийн ард түмний түүхийн нэвтэрхий толь бичигт нийтлэгдсэн Нанхиадын Хань улсын хүрэл Тольтой адилхан дэлхийд ганцхан хувь олдоод байгаа гайхамшигт олдвор юм.
-Энэ толины тухай тодорхой тайлбарлаж өгнө үү?
– Энэхүү толь маш гоё уран хийцтэй, угалз, од, шувууны дүрсээр зохист 8 зүг, дэлхий, гараг, ертөнц, орон зайн хязгааргүйг үзүүлснийг та харж байна.
Хүннүчүүд дэлхий дээр анх удаа Хулганаар эхэлсэн 12 жилийн тоололтой байсан гэж Францын эрдэмтэн Э.Шавани бичсэн бөгөөд Хятадын (Дундадын) түүхч Чжай хүлээн зөвшөөрч, МЭӨ 206 онд 12 амьтны нэр бүхий он тооллыг Нанхиадын Хань улс авч хэрэглэсэн гэж үзсэн байдаг.
9500 жилийн түүхтэй Шигирийн шүтээн дэлхийн хамгийн эртний модон баримал, өөрөөр хэлбэл Египетийн пирамидууд, түүхт Нойн онгоцноос ч насаар ахмад шинэс модоор урласан энэ бүтээлийг Сибирийн Доод тахил нэрт газраас 1890 онд алт олборлогчид 4 метрийн гүнээс гарган авсан байна. Тус шүтээнийг Мезолитийн эрин буюу 8680 оны гэж байсан ч Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийнхан нүүрстөрөгчийн шинжилгээ хийгээд 9500 жилийн настай гэж тогтоожээ. Библи-Семитийн эх сурвалжуудад орчлонг 5493 жилийн өмнө бүтээсэн гэж гардаг ч энэ модон баримал түүнээс эртнийх ажээ. Энд дурьдагдаж буй угалз, дүрс хэлбэрүүд нь бол яах аргагүй язгуурын Монгол урлалыг илэрхийлж байна.
Би өнгөрсөн жилүүдэд Монгол улсынхаа 4 цэг дээр гарч явах зам зуур багагүй олз омогтой явсны илрэл нь Өмнө-Говь аймгийн Орвог Гашууны Бор толгойгоос нааш 20 километрийн зам зуур тааралдах цувраа хадан хавцал дотор түүхэн эх зургуудыг баримт болгон авч явлаа.
(Хадны бичиг нарны дүрс)
– Энэ зураг бол нарны зураг. Дэлхий даяараа зурхайн ухаанд нарны тэмдэг болгон хэрэглэсээр байна. Үүнээс үүдсэн 9 гарагийн дүрс тэмдгийг Монгол нутгийн аль ч хадны бичгээс хэн дуртай нь үзэж харж болно. Би өөрийнхөө хэвлүүлсэн “ӨВӨГ ДЭЭДСИЙН ӨВ ИХ МОНГОЛ ШАР ЗУРХАЙГ ӨНӨӨДӨР ТА НАРТАА ХҮРГЭХ ГЭЖ” нэрт номондоо дэлгэрэнгүй оруулснаа танд харуулъя.
Саявтар Самдандовжидын Золбоо гэдэг эрдэмт хүү “Хадны бичиг”-ийг Сумьяабаатар доктороос ч, Түрэг судлаачдаас ч арай өөр гаргалгаагаар унших оролдлого хийсэн байхыг олж үзэв. Уг шаг нь бат бол их ирээдүйтэй, ирэх цагийн хойчис дотор нэг содон, өвөрмөц арга барил, олон талын эх сурвалжтай судлаач гарах нь дээ гэсэн найдлага төрснийг дашрамд дурдъя.
Энэ бүхнийг үгүйсгэх аргагүй түүхэн баримт гэж би бодож байна. Жил болгон гаргадаг цаг улирлын тооны бичигтээ:
“Сүмэр-майя тоолол”-ын 85 дугаар жаран, Хүннү гүрний 37 дугаар жаран Чингис хаан чиглүүлж, Хубилай хаан хуульчилж монгол шар зурхайг “Төр-Ард” түмний тоолол болгосны 735 жил Наран гэрэлт түмэн наст Богд хаан залгамжлан авч лүндэн зарлиг буулгасны 103 жилийн ойд зориулав гэх буюу Их Монголын Хүннүгийн хааны заншил нь жил бүр 3 удаа луугийн тахилга хийдэг байжээ. Цагаан сар, 5 дугаар сар, 9 дүгээр сарын шар өдөр “Тэнгэр сахиус”-аа тахидаг нь гүн утга, тэнгэр агуулгатай нь илт.
-“Цагаан сар”- тай холбогдох зурхайн зан үйлийн тухай сонирхуулвал?
– Шар өдөр байдаг нь өөрийгөө Дэлхийн хаан гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Шар өнгө шорооны өнгө, газар дэлхийн өнгө, газар дэлхийгээ хумхийн тоосноос бүтсэн гэж үздэг Их Монголчуудын шар зурхайн ухааны ид цэцэглэлтийн үе ч эндээс эхэлнэ. Цагаан сар гэсэн ойлголт 15-35 мянган жилийн түүхэн улбаатай тул Хүннүгийн их гүрний үед улам боловсронгуй болж, “Монголын цагаан сар” хэмээх хаврын тэргүүн сарын баяр нь Монголын ард түмний суу алдраар нэрлэгдэн дэлхий даяар түгсэн байна аа. Үеийн үед өнө мөнхөд улам баяжин өвлөгдөж, бахархалтайгаар тэмдэглэсээр байх амой. Эрт урьд цагаас бидний дээдэс цагаан сарын эхний 9 хоногт засал тахилга, золголт, зан үйлээ заавал багтааж хийдэг байв. Монголын цагаан сар Монголын ард түмний оюуны бүтээл, хэн ч халдашгүй оюуны өмч, “Төр-Гэр”-ийн дээд хүндэтгэл Монгол хүний эрт эдүгээгийн эрхэм бахархал, үе дамжсан ёс журам, цагийн цалиг, “цааз-эрхэмж”-ийн олон зууны “ойллого” юмаа.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд хамт олныхоо болон уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэе.
– See more at: http://www.unen.mn/content/45919.shtml?alias=unen#sthash.4IJABnnU.dpuf