“Эрүүл мэнд” булангаараа “Топаз” эмнэлгийн хүний их эмч О.Ганболдын зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа Цөс чулуужих өвчин гэж юу вэ? сэдвээр зөвлөгөөгөө бэлтгэн хүргэсэн. Энэ удаад цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөж байна.
-Цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ-
Эмийн буюу мэс заслын эмчилгээ хийгддэг. Эмийн эмчилгээ нь шинж тэмдэг дарах эмчилгээ юм. Харин цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ. Нээлттэй болон дурангийн тусламжтайгаар цөсний хүүдийг авах хоёр арга байдаг.
Орчин үеийн дэлхийн чиг хандлага хэвлийн дурангийн хагалгаа руу эрчимтэй хөгжиж байна. Манай эмнэлэг нь дурангийн болон нээлттэй аргаар цөсний хүүдийг авах аргыг хослуулан хийдэг.
-Дурангийн хагалгаагаар цөсний хүүдий авах-
Ерөнхий унтуулагын дор хагалгаа явагдах ба хэвлийн урд хананд 0,5-1,0 см 3-4 зүслэг хийн дурангийн тусгай багажийн тусламжтайгаар хагалгааг хийнэ. Хагалгааны дараа өвчтөний биеийн байдлаас шалтгаалан 2-7 хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Дурангийн хагалгааны давуу тал:
Гоо сайхны хувьд сорви бага
Хагалгааны дараа наалдац үүсэх нь харьцангуй бага
Хагалгааны дараа эдгэрэлт харьцангуй хурдан
Мэс заслын дараа өвдөлт нээлттэй хагалгааг бодвол бага байдаг.
-Цөс чулуужихаас сэргийлэх зөвлөмж-
Цөсний чулуу нь холестерины болон билирубины солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөс чулуужих өвчин (ЦЧӨ) гэдэг нь цөсний коллойд шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет цөс ялгаруулах замд тохиолдож буй байдлаар илрэх бүлэг өвчнийг хэлнэ.
Цөс чулуужихаас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд, 40-өөс дээш насныхан, олон төрсөн эмэгтэйчүүд, илүүдэл жинтэй буюу тарган хүмүүс жил бүр хэвлийн хэт авиан шинжилгээ хийлгэж байх шаардлагатай. Хэрвээ цөсний хүүдийн хана зузаарсан (3 мм-ээс дээш), хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдан сунаж нугаларсан бол, элэгний үрэвслээр өвдөж байсан, элэгний хатууралтай, суугаа ажил эрхэлдэг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөрсөнө.
Тархалт: Цөс чулуужих өвчин хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг болоод байгаа билээ. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэ төрлийн өвчнөөр өвдөж байна. Энэ өвчин дэлхийн улс орнуудад өргөн тархсан өвчний нэг боловч өвчин үүсэхэд газар зүйн бүс, цаг агаар, уур амьсгал, удамшил, хоол тэжээлийн онцлогоос хамаардаг аж.
Монгол улсын Эрүүл Мэндийн Статистикийн Төвийн мэдээгээр ЦЧӨ ба цөсний хүүдийн үрэвслээр1991 оны өвчлөлийг 2005 оны өвчлөлтэй харьцуулахад улсын дундаж өвчлөл 1.7 дахин ихэссэн бөгөөд энэ нь нийт хүн амын 0.9%-ийг эзэлж байна. 2005 онд ЦЧӨ ба цөсний хүүдийн үрэвслийн 23180 тохиолдол бүртгэгдсэн нь нийт дотрын өвчлөлийн дотор 3.1%, хоол боловсруулах эртхний өвчлөлийн12.2%, элэг цөсний өвчлөлийн 46.9 хувийг эзэлж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвчлөлийн харьцаа 1:1.76 – 1:1.97 болж, эмэгтэйчүүд өвчлөлд эзлэх хувь 63.7- 66.4 болж нэмэгдсэн нь энэ өвчнөөр эмэгтэйчүүд илүү өвддөгийг харуулж байна. Орчин үед цөсний чулууг холестерины, нөсөөт (бор, хар), холимог хэмээн 3 ангилж байна.
Шалтгаан: Цөсний чулуу үүсэх шалтгааныг одоо болтол бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй хэдий ч чулуу үүсэх эмгэг жамыг орчин үед дараах байдлаар тодорхойлон мөрдлөг болгож байна.
1-р үе буюу физик химийн үе – энэ үед элэгнээс холестеринээр баялаг цөс ялгарч эхэлнэ. Үүнийг литоген цөс гэх бөгөөд зөвхөн дээрх гэдэс хаймсуурдан цөсний хүүдийн цөсөнд холестерины талст болон бусад тунадас үүсч байгаагаар оношилно. Энэ үе удаан хугацаагаар үргэлжилнэ.
2-р үе буюу нууц үе – Энэ үед цөсний чулуу үүссэн байх ба чулууг тээх үе гэнэ. Эмнэл зүйн шинж илрээгүй (асимптоматик), өвчтөнд ямар нэгэн зовиур шаналгаа илрээгүй байна. Литоген цөс үүсэлт явагдахын зэрэгцээ цөсний зогсонгишол, үрэвсэл, цөсний хүүдийн салст гэмтэх зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Голдуу тохиолдлоор хэт авиан болон холецистографийн шинжилгээ хийх үед илэрнэ. Дээд гэдсийг хаймсуурдан цөсний хүүдийн цөсөнд цөсний коллойд шинж алдагдан бичил дурангаар холестерины талст, билирубинат кальци, лейкоцитийн тоо олширсон байдаг.
3-р үе буюу эмнэл зүй илэрсэн үе – Энэ үед өвчтөнд тодорхой зовиур шаналгаатай болсон байна. 2-р үеэсээ цөсний чулуу тоогоор олшрон хэмжээгэээр томорсон байна.
ЦЧӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл: Үүнд нас, эм хүйс, удамшил ба угсаатны нөлөө, олон төрөлт, таргалалт, жингээ огцом хасах, элэгний хатуурал ба гемолизын цус багадалт, гипертриглицеридеми, зарим эм хэрэглэх (эстрогены төрлийн эм, клофибрат, жирэмслэлтээс хамгаалах эм, цефтриаксон), Кроны өвчин болон цутгалан гэдэсний төгсгөл хэсгийг тайруулах, цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал ба зогсонгишол зэрэг хамаарагдана.
Нас – Нас бол ЦЧӨ үүсэхэд хамгийн гол хүчин зүйл болдог. Хүүхэд насанд маш ховор тохиолддог ба холецистэктомийн хагалгааны 5-аас бага хувьд тохиолдоно. Насанд хүрэгчдэд 40 насанд хамгийн элбэг байдаг талаар судлаач нар бичжээ. Италид хийсэн судалгаагаар 40-69 насанд залуу насныхнаас өвчлөл 4 дахин их байна гэсэн судалгаа бий. 75 насанд эрчүүдийн 20%, эмэгтэйчүүдийн 35%-д ЦЧ илрүүлсэн. ЦЧӨ нас ахих бүр ихэсдэг гэсэн судалгаа бий.
Хүйс – Аль ч бүлгийн насанд эмэгтэйд өвчлөл давамгайлна. Ихэнх судлаачид эмэгтэйчүүд ба эрчүүдийн өвчлөлийн харьцаа 1:3 -1:5 байна гэж тэмдэглэжээ. Италид хийсэн судалгаанаас харахад 30-39 насанд өвчлөлийн харьцаа эмэгтэй эрэгтэйд 1:2.9, 40-49 насанд 1:1.6, 50-59 насанд 1:1.2 болж буурдаг байна. Эм хүйсэнд өвчлөл их байгаа нь төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотой. 50 нас хүртэл эмэгтэйчүүдэд ЦЧӨ эрчүүдээс 2 дахин элбэг тохиолдоно.
Жирэмслэлт ба төрөлт – ЦЧ үүсэхэд төрөлт ба жирэмслэлтийн тоо аль аль нь нөлөөтэй. Олон төрсөн эмэгтэйчүүдэд ЦЧ төрөөгүй эмэгтэйчүүдийнхээс их тохиолдоно. Цөсний хүүдийн (ЦХ) агших үйл ажиллагаа суларснаас жирэмсний сүүл саруудад цөсний хүүдийд үлдэгдэл цөс ихсэж, цөсний зогсонгишол үүсдэг нь холестерины талст тунадасжих нөхцөл бүрдүүлнэ. Жирэмсэн үед голдуу цөсний өтгөрөл үүсэх ба төрсний дараа 2/3 хувьд өөрөө аяндаа арилна. Төрсний дараах үед ЦЧӨ 8-12%-д илэрч төрөөгүй эмэгтэйчүүдэд ЦЧӨ 1.3% тохиолдсон бол олон төрсөн эмэгтэйчүүдэд 12.2% тохиолдож, төрөлтийн тоо ихсэх тутам ЦЧӨ ихэсдэг.
Удамшлын нөлөө (угсаатны) – Гэр бүлийн ойрын гишүүд нь ЦЧ-тай хүнд ЦЧӨ-өөр өвдөх нь 2 дахин их байдаг. Сүүлд хийгдсэн судалгаанаас харахад гэр бүлийн ойрын төрлийн ЦЧӨ-тэй хүмүүст ЦЧ үүсэх магадлал 15.5% -д (хяналтын бүлэгт 3.6) тохиолдож байжээ. ЦЧө-ий удамшлын болон генетикийн нөлөө илэрхий ажиглагдсан угсаатан бол Хойд Америкийн Пима Индианчуудын 25 настай эмэгтэйчүүдийн 75%-д тохиолддог байна. Зарим судлаачид Апо Е, А1, бага нягтралтай липопротеины рецепторын генетикийн өөрчлөлттэй хүнд ЦЧӨ-өөр өвдөх магадлал өндөр.
Таргалалт – Жин ихтэй хүмүүст холестерины ялгарал ба нийлэгжил ихэсдэгээс ЦЧ үүсэх магадлал өндөр байдаг. Энэ нь хоол идсэний дараах ЦХ-н үлдэгдэл эзэлхүүний өөрчлөлттэй холбоогүй байдаг. Судалгаанаас харахад биеийн жингийн индекс 45 кг/м кв-аас их хүнд 7 дахин (тарган биш хүмүүстэй харьцуулахад) биеийн жингийн 120% түүнээс их байгаа тохиолдолд ЦЧӨ үүсэлт 3 дахин нэмэгдэнэ. Голдуу тарган, жин ихтэй эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
Жин огцом буурах – Турах зорилгоор биеийн жинг хурдан хасч буй үед ЦЧ үүсэх риск болдог. Жингээ багасгах зорилгоор хоолоо сойж буй хүмүүсийн 25%-д, тарган хүмүүст хийгдэх ходоодны мэс заслын дараа ойролцоогоор 35-50%-д цөсний өтгөрөл үүсэх ба ойролцоогоор 6 сарын дараа ЦЧ үүснэ. Энэ нь илчлэг багатай (хоногт 2100 кДж) хоол хүнс хэрэглэснээс элэгнээс үүсэх холестерины ялгаралтыг ихэсгэнэ. Нөгөө талаас муцины ялгаралт ихэссэнээс ЦХ-н хөдөлгөөн буурна.
Хоол тэжээлийн хүчин зүйл – Баруун Европын улсууд ургамлын эслэг багатай хүнс хэрэглэснээс ходоод гэдэсний замаар удаан хугацаагаар дамжин өнгөрөх нөхцөл болдог. Энэ нь цөсөн дэх хоёрдогч цөсний хүчлийн (дезоксихолевын) хэмжээг ихэсгэнэ. Цэвэршүүлсэн нүүрс ус хэрэглэх нь цөсийг холестеринээр ханах боломжийг ихэсгэдэг бөгөөд бага хэмжээний архи эсрэг нөлөө үзүүлдэг. Цагаан хоолтон хүмүүст тэдний биеийн жингээс үл хамааран ЦЧ ховор тохиолддог. Хоол хүнсээр орж ирэх холестерины хэмжээ нэмэгдсэнээс ЦЧ үүсч байгааг хүнсний болон тархвар судлалын судалгаагаар тогтоожээ.
Чихрийн шижин – Чихрийн шижингээр өвдөх явдал ЦЧӨ-өөр өвдөх нөхцөлийг 4.8 хувиар ихэсгэнэ гэж судлаачид үздэгч шалтгааныг нь гүйцэд тайлбарлаагүй байна. Шижингийн үед ЦЧ үүсэх нь цусанд триглицерид ихэссэн, шижингийн невропатигээс ЦХ-н хөдөлгөөн алдагдсантай (гипомотор) холбоотой гэж үзэж байна. Зарим судлаачдынхаар инсулин цусанд ихсэх нь шижингүй байсан ч ЦЧ үүсэх нөхцөлийг ихэсгэдэг гэж үздэг.
Сийвэнгийн липид – Цусны холестерин их байх нь ЦЧ үүсгэх хүчин зүйл болохгүй. Харин сийвэнгийн триглицерид ба аполипопротеин Е3, Е4, Е2-ийн хэмжээ ихсэх нь өвчин үүсэхэд нөлөөтэй гэж үздэг. Цусан дахь триглицерид ба биеийн жингийн индекс хоёр хоорондоо хамааралтай тул тарган хүмүүс нэрвэгдэх нь илүү.
Элэгний хатуурал – ЦЧӨ үүсэхэд гол хүчин зүйл болдог. Цөсний хүүдийд нөсөөт чулуу үүсэх явдал нь элэгний эмгэг, элэгний билиар хатуурал, архины шалтгаант хатуурлын үед ихэсдэг нь элэгнээс эмгэг бүтэцтэй билирубин ялгаруулдагтай холбоотой. Элэгний хатуурлын үед ЦЧ үүсэх нь 10-30% их байдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа Чайлдын ангиллаар В ба С зэрэгтэй, биеийн жин ихтэй хүмүүст ЦЧӨ үүсэх магадлал их байдаг. Энэ нь элгэн дэх цөсний хүчлийн нийлэгжил ба зөөвөрлөлт буурах, эстроген болон холбоот бус билирубины хэмжээ их байх, ЦХ-н агших чадвар буурсантай холбоотой үүсдэг байна.
Гепатит – В вируст гепатиттай хүмүүст цөсний чулуу тохиолдох нь нэмэгдэж байна. АНУ-д С Вирусын гепатиттэй хүмүүсийн 23.8% нь ЦЧӨ-тэй байна. Энэ нь цөсний чулуутай хүмүүсийн 10-15%-ийг эзэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд 31 %, харин эрэгтэйчүүд 18% эзэлж байна гэж мэдээлжээ.
Цусны эмгэг – Цус задарлын цус багадалт, хадуур хэлбэрт эсийн цус багадлын үед ЦЧӨ 9-35% хүртэл ихэснэ. Ямайка улсад гомозигот хадуур хэлбэрт эсийн анемитэй 311 өвчтөний 96-д ЦЧӨ илэрсэн бөгөөд тэдний 7 өвчтөн цөсний хүүдий авахуулах хагалгаа хийлгэжээ. Мөн Жилбертын хам шинжийн үед, пернициоз анеми, зүрхний ишеми, зүрхний трансплантацтай, цус задарлын гемолиз, нугасны гэмтэлтэй хүмүүс ЦЧӨ үүсэх өртөмхий бүлэгт орно.
Цөсний өтгөрөл – Энэ нь цөсөнд холестерины моногидратын талст, кальци билирубинатын мөхлөг ба бусад давсуудаас тогтсон өтгөн хэсэг бөгөөд 70% өөрөө арилдаг, 20%-д ЦЧӨ эсвэл цочмог холецистит үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон.
Цөсний хүүдийн зогсонгишол – ЦХ-н зогсонгишолтой хүмүүст ЦЧӨ-ний тархалт их байдаг. ЦХ усыг шимэх үүрэгтэй тул ЦХ-н цөс өтгөн байдаг. Иймээс ЦХ-н цөс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байвал холестерины концентрац ихэсч чулуу үүсэх нөхцөл бүрдэнэ. ЦХ-н хөдөлгөөний алдагдлаас ЦЧ үүсэх тод жишээ бол нугасны гэмтэл, удаан өлөн явах, судсаар тэжээлийн тарилга хэрэглэх, соматостатины илүүдлийн үед өвчин үүсэлт ихэсдэг. Нөгөө талаас тарган хүмүүсийн цөсний хүүдийн хананд байдаг холецистокинины рецепторын мэдрэг чанар буурсан байдагтай холбоотой.
-Цөсний чулуу үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйл-
Биеийн хөдөлгөөн буурах – Хөдөлгөөн багатай ажил эрхлэгчдийн дунд цөсний замын эмгэгүүд элбэг тохиолдож цөсний хүүдийн агших чадвар буурсан байдаг. Энэ нь нас ахих тутам нэмэгддэг, тухайлбал 40-64 насныханд цөсний чулуу 1.72 хувьд илэрч байна. Судалгаанаас харахад цөс чулуужих өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 34 хувь нь хөдөлгөөний хомсдолтой ихэвчлэн суугаа ажлыг удаан цагаар эрхлэгчид байжээ.
Нарийн гэдэс тайруулах – Кроны өвчтэй хүмүүст нийт хүн амтай харьцуулахад ЦЧӨ илэрхий их байна. Өвчтөний нас, эмгэгийн байрлал, анамнез, гэдсийг хамарсан байдал, гэдэсний хагалгаа зэрэг нь ЦЧ-тай хамааралтай байна. Энэ нь цутгалан гэдэсний төгсгөлд байх цөсний хүчлийн рецепторын тоо арилснаас эргэн шимэгдэлт буурч цөсний хүчлийн хэмжээ багасч цөс литоген чанартай болсноос үүсч байна гэдгийг тогтоосон.
Эмийн бодис – Октреотид, судсаар тэжээлийн тарилга хийх, клофибрат эмчилгээ, цефтриаксон зэрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд чулуу үүсэх магадлал ихэсдэг байна.
Эх сурвалж: www.dorgio.mn