Comment.mn

Ц.Амгалантөгс: Ямар нотолгоогоор лам хүний шарил гэснийг ойлгохгүй байна

“Монголын нутгаас муми (хатмал шарил) олдлоо” гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гадаад, дотоодын хэвлэлээр шуугисан юм. Уг олдворын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан адилгүй мэдээлэл цацсан билээ. Энэхүү хатмал шарилын талаар антропологич, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн “Палеоантропологи-палеозоологийн судалгаа’’-ны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амгалантөгстэй ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүргийн нутгаас олдсон гэх хатмал шарилын талаар хэвлэл мэдээлийн хэрэгслээр шуугиж байна. Антропологич хүний хувьд та мэргэжлийн зүгээс хэрхэн үзэж байна вэ?
-Одоогийн байдлаар ШУА-ийн Археологийн хүрээлэнд энэ талаар албан ёсоор хандсан зүйл үгүй. Тиймээс бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээллүүдийн хүрээнд л ойлголттой байна. Монголын нутгаас урьд өмнө илэрч, олдсон хадны оршуулга болон бусад дурсгалуудын олдвортой харьцуулахад энэ төрлийн хадгалалттай олдвор байх боломж бий.
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлд бичсэнээс үзвэл лам хүний шарил байх магадлалтай гэсэн?
-Бурханч лам Г.Пүрэвбат болон анх очиж үзсэн хүмүүсийн дүгнэлтээр л лам хүн гэж үзсэн юм шиг байна лээ. Шинжлэх ухааны ямар нотолгоонд тулгуурлан ийм итгэлтэйгээр лам хэмээн хэлснийг нь би сайн мэдэхгүй байна.
-Он цагийн хувьд зөрүүтэй мэдээлэл байна. Ер нь урьдчилсан байдлаар он цаг тогтоох боломжтой юу?
-Уг хатмал шарилын он цагийг урьдчилсан байдлаар тогтоохын тулд чухам хаанаас олдсоныг нь мэдэх хэрэгтэй. Мөн эд өлгийн болон нарийн баримт болохоор ямар зүйлс цугт нь дагалдуулсан зэргээс үүдэн нарийвчилсан насыг тогтоох ёстой. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа 200 гаруй жилийн настай гэдгийг хэн яг юун дээр үндэслэн тэгж тогтоосныг нарийн мэдээлэх нь зөв болов уу. Мэргэжлийн бус хүмүүс энэхүү хатмал шарилыг тойрсон нотолгоо баримтгүй таамаг төдийхнөөр ярьж байна.
-Уг хатмал шарилыг холбогдох байгууллагад нь өгч шинжлүүлнэ гэсэн. Тэгэхээр танай хүрээлэнд хандах уу?
-Ер нь Соёлын өвийн тухай хуулиа баримтлах юм бол манайд л хандах ёстой.
-Монголын нутгаас энэ төрлийн хатмал шарил олон олдсон уу?
-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн “Палеоантропологи-палеозоологийн судалгаа” секторын лабораторид Монголын нутгаас олдсон МЭ Х-ХIV зууны үе буюу дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн арав гаруй хатмал шарил бий.
-Тэдгээр олдворт нарийвчилсан шинжилгээ хийсэн үү?
-Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хатмал шарилуудын ихэнхийг нарийвчлан судалсан. Гэхдээ шинжлэх ухааны олдвор хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн гүйцэд судалж дуусна гэж байхгүй. Цаг үе, техник технологийг хөгжлийг даган үргэлж шинэлэг судалгаа хийх боломж, шаардлагууд урган гарч ирдэг учраас дараа дараагийн судалгааг үргэлжлүүлэн хийх боломж бололцоог хүлээж байна.
-Энэ төрлийн археологийн олдворын талаар монголчууд тэр бүр мэддэгүй нь нийтийн үзмэр болоогүйтэй холбоотой байх?
-Бид академийнхаа боломж бололцоондоо тааруулаад Археологийн хүрээлэнгийн лабораторит хадгалдаг. Музейд дэлгэн үзүүлэх зориулалтын орчин байхгүй шүү дээ. Гэхдээ аль болох хүмүүст үзүүлж харуулахыг зорьдог. 2004 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас олдсон нэг гэр бүлийн есөн хүний хатмал шарил, мөн 2002 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Их Нартын хадны оршуулгаас илэрсэн хатмал шарилуудыг АНУ-ын Смитсионы институтидтэй хамтран лабораторийн нарийн судалгаа хийсэн. Улмаар Их Нартын хадны оршуулгаас илэрсэн дурсгалыг 2008 онд АНУ-д зохиосон “Чингис хаан” үзэсгэлэнд оролцуулсан юм. Судалгаа болон үзэсгэлэн дууссаны дараа Монголд авчирч Дорноговь аймгийн орон нутгийг судлах музейд хүлээлгэн өгсөн.
-Антропологийн шинжлэх ухааны талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Монгол Удсад антропологийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ чиглэлээр ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС гэсэн байгууллагууд үндсэн судалгааг явуулж байна. Ингэж хөгжихдөө генетик, одонтологи, угсаатны ба бие бүтцийн (физиологийн) антропологи, палеоантропологи, палеопатологийн чиглэлээр салбарлан хөгжиж байна.
-Энэ хоёр байгууллага дээр антропологийн нарийн судалгаа хийхэд орчин үеийн техник төхөөрөмжийн бололцоо хангамж хэр байдаг вэ?
-Орчин үеийн лабораторийн нарийн шинжилгээний багажийн хувьд асар өндөр өртөгтэй учраас хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан оруулж ирэх бололцоо байхгүй. Иймээс бид нарийн шинжилгээ судалгааг гадаадын хамтарсан судалгааны хүрээнд тэдний лабораторит хийдэг. Бусад төрлийн судалгааг өөрийн лабораторит хийдэг юм.
-Монголд ганцхан байдаг танай хүрээлэмгийн сан хөмрөгт буй гайхалтай ховор нээлтийн талаар сонирхуулна уу?
-Манай хүрээлэнд буй дурсгалаас он цагийн хувьд хамгийн эртнийх нь 2006 онд Монгол-Орос-Германы хамтарсан экспедици Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд малтан судалсан Пазырыкийн үеийн (МЭӨ \/II-III зуун)-ийн цэвдгийн булшнаас илэрсэн мөсөн муми байгаа. Тухайн дурсгалаас илэрсэн хүний ясны арьс, үс, мах зэрэг зөөлөн эдүүд нь тодорхой хэмжээгээр хадгалагдан үлдсэн. Энэхүү дурсгал нь 2006 онд АНУ-ын “Disovery” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн шилдэг арван нээлтийн нэгээр тодорч байсан.
-Археологийн хүрээлэнд хатмал шарилаас гадна эртний хүний яс олон бий юү?
-Археологийн хүрээлэнгийн лабораторит одоогийн байдлаар хамгийн эртний хүний ясны олдвор нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхит хэмээх газраас олдсон ойролцоогоор 30 000 жилийн настай эртний хүний яс бий. Мөн хүрэл зэвсгийн үеэс нааш төмрийн түрүү, Хүннү, Түрэг Дундад зууны үе, мөн 1930-д оны үед холбогдох хүн, малын ясны нийт мянга гаруй томоохон цуглуулга бий.
Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.