2 сарын 4-ны 11 цагт Чингисийн талбай дээр жагсаал хийхээ мэдэгдэж тариаланчидын “Газар тариалан” холбоо болон МУГЖ С. Жавхлан нар хэвлэлийн хурал хийсэн юм.
Жавхлан хэлэхдээ: Энэ хүмүүсийг яагаад Жавхлан дэмжээд энд сууж байгаа юм. Монгол хүн хүнс хоёр хог болох ёсгүй. Би энэ бүхний төлөө өнөөдрийг хүртэл дээлээ өмсөж тэмцэж байгаа хүн. Эхлээд өв соёлыг нь хог болгочихоод, дараа нь хүнийг нь хог болгочихоод, одоо хүнсийг нь хүртэл хог болгоно гэж байгаа бол тийм юм байдаггүй юм. Битгий андуураад бай та нар. Би тариа тарьж мөнгө олж аваагүйдээ боож үхэх гээд байгаа юм бишээ, мөнгөө авч чадахгүй байгаа хүмүүсийн мөнгийг нь авч өгдөг айхтар баатар болох гээд байгаа юм биш. Гэхдээ энд монгол хүний үнэ цэнэ, монгол хүнсний үнэ цэнэ алдагдаж байгаа болохоор Жавхлан дуугарч байгаа юм. Монгол гэсэн тодотголтой бүх зүйл дээр Жавхлан дуу хоолойгоо өргөх ёстой, тэр тангарагаа өргөсөн хүн шүү дээ. Жавхлан Монголоо гэсэн бүх зүйлийг зөв гэж дуугарч байгаа. Зөвийн төлөө Жавхлан бүх зүйл дээр очноо гэдгээ хэлсэн. Тийм учраас би хэлсэн ёсоороо энд ирсэн. Харин надад ар араас нь маш олон санал ирж байна. Магнай, Уянга нар хүртэл хамтрая гэж байгаа. Би тэр залуучуудтай уулзаж байгаад үнэхээр бидний хооронд зөв үр дүн гарч чадах юм бол би тэднийг бас дэмжинэ.
Малчид малаа малладаг шиг энэ тариаланчид бас яг л тийм зам жимийг туулдаг юм байна. Энэ хүмүүсийг халуун тогоонд нь орж ирээл сонсохоор эвий дээ энэ улсууд чинь бас хөдөлмөрлөж байна шдээ. Бид нарыг хоолтой байлгахын төлөө нэг хэсэг малчид тэнд зовж байна, нэг хэсэг тариаланчид энд зовж байна. Малчид тариаланчидаа муухай гээд байдаг, тэгээд бид нар юу идэх ёстой юм. Бүх юм муухай байгаа юм бол яаж сайхан болох ёстой юм. Ийм юм байдаггүй юмаа. Энэ их өндөр шимтэй газар шорооноос ургасан хүнсээ бид нар хэрэглэж чадахаа больтлоо доройтчихсон юм бол Жавхлан үүнтэй тэмцэнээ. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно турдаггүй юм гэнэлээ. Бид монгол хүнсээ хэрэглэнэ. Би үүнийг уриалж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа бүх монгол хүний төлөө хамт явнаа.
Монгол хүн хүнс хоёр хог биш шүү дээ. Алтан газар шороо маань гомдоно шүү дээ. Монгол хүн чинь газар шороогоо гомдоохгүй гэж дандаа сүүгээ цацлаа өргөж явдаг.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг, Авдран дотор дүүрэн тариа будаа байж байна, гэтэл энэ зүйлийг ашиглахгүй мөртөө бусдаас авахын тухайд бодож ингэж өөрийн гэсэн үнэ цэнээ алдагдуулж байгаа энэ төртэй хариуцлага тооцно. 3 сая хүнийг талх хоолны гурилтай байлгах гэж тариаланчид маань борви бохисхийлгүй улирал жил дамнаад ажиллаж байна. Бид ерөөсөө тэднийхээ зовлонг ойлгодоггүй юм байна. Өнөөдрийн төр засгийн буруугаас Тариаланчидын хийсэн хөдөлмөр хог болж байна. Төрд шургалсан тэдгээр увайгүй хүмүүсийн уршигаас болж тариаланчид тариагаа энэ хавар тарьж чадахгүй бол дараа жилүүдэд Монголчууд бид идэх гурилгүй болох аюул нүүрлэж байна. Тариаланчид 2 сарын 4-нд Чингисийн талбай дээр тарисан буудайгаа асгах гэж байна. Баялаг бүтээгчид иргэд хоёрыг холбож зохион байгуулах чадваргүй болсон төр засгаас болж Монгол хүний хөлс хүч, Монголын хөрс шорооноос соёолсон энэ сайхан газрын шим ингэж хөсөр хаягдаж байгаад би хувьдаа харамсаж зүрх шимширч байна.Тэгэхээр төр нь тоохгүй хог болгож байгаа бол түмэн олон бид тэднийгээ өмөөрч хамгаалах хэрэгтэй. Би Монголоо гэж зүрх сэтгэл нь буцалж явдаг залуучууд, настан буурлууд, ижий аав нарыгаа 2 сарын 4 ирж тариаланчидыгаа өмгөөлж тэдэнд урам хайрлаж тэр асгах будаанаас нь гэрээсээ даллагын уутаа авч ирээд хийж аваарай гэж уриалж байна…
Эх сурвалж: www.shuurhai.mn