Comment.mn

Эрхэм гишүүдийн халдвар тарвал…

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар тун удахгүй болох гэж байна. Энэ л баяраар эцэг эх, элгэн садантайгаа золгон, амар мэндийг нь мэддэг билээ. Тэгвэл энэ  баярын хамгийн чухал зүйл болох бэлэгний асуудал олон хүнийг сэтгэлийг зовоодог.

Эрээн рүү явж, элдэв төрлийн бараа авчиран, нэгэндээ өгч, нөгөө бэлэг нь эхэлж өгсөн айлдаа ирдэг тухай онигоо маягийн зүйл тарсаар олон жилийг үджээ.

Эрээнээс биш эх орныхоо үйлдвэрийн барааг элгэн садандаа өгье гэж амаа чилтэл ярьдаг ч ажил хэрэг болсон нь үгүй. Харин энэ жилээс эхлээд байдал нэлээд өөрчлөгдөх шинжтэй. Шийдлийн хэмээх тодотголтой Засгийн газар Аж үйлдвэрийн салбарыг дэмжих бодлого баримталж, тэр ч хүрээндээ салбар яамыг нь байгуулаад өгчихсөн нь тунчиг нүдээ олсон ажил болсон бололтой.

Эдүгээ талбай дүүрэн гарсан үндэсний үйлдвэрлэгчдийн маань бараа бүтээгдэхүүний чанар сайжирч, үнэ нь ч бас боломжийн болсон харагдана. Тиймдээ ч энэ жилийн сар шинийн баяраар эх оронч худалдан авалт хийж, Монголоороо гоёж шинэлэхийг Аж үйлдвэрийн яамнаас нийт монголчууддаа уриалаад байгаа. Тэгвэл зөвхөн уриалаад өнгөрөх бус аливаа зүйлийг хүн өөрөөсөө эхэлж, өөрөөрөө үлгэрлэх учиртайг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат харуулсан байна.

Тэрбээр саяхан твиттер хуудсаараа “Манай гурав эсгий шаахай худалдаж авчээ. Резинэн ултай нь бүр чанартай. Эхнэр маань бас ийм эмэгтэй арьсан бүснүүд худалдаж авсан байна. Сар шинийн гарын бэлэг…” хэмээн жиргэж байсан. Тэгвэл эрхэм гишүүний энэхүү уриалга халдварлаж эхэлсэн бололтой.

Х.Баттулга гишүүн ч мөн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ирсэн зочид гийчдийнхээ гарыг нь цайлгах сар шинийн бэлгээ задалсан байна лээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн цахим хуудаснаа “Цагаан сарын баяр ойртож байна шүү. Бэлэгний сонголт…” хэмээн доорх зургийг оруулсан байсан. Түүний хувьд энэ жилийн Цагаан сарын бэлгээрээ Монголд үйлдвэрлэсэн “Унагалдай” болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд, “Монголын нууц” товчоо зэрэг номыг сонгосон байсан. Ямартай ч эл халдвар нэлээд сайн тарж чадвал, Эрээнийг санхүүжүүлэх мөнгөө эндээ шингээж болох нь байна шүү, монголчууд аа.



Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Мөнх

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.