Comment.mn

Монголчууд золголтоо ресторанд хийх нь ихэсчээ

Цагаан сар Монгол түмний уламжлалт баярын нэг. Энэ нь хахир хатуу өвлийг өнтэй давж, урин дулаан цагтай золгосны баяр билээ. Монголчууд эрт дээр үеэс аав ээж, хамаатан садан, ураг төрлийн ахмад настнаа хүндлэн золгож, тэр жилийн өнгө, ололт амжилтаа хэлэлцэн, мэнд мэдэж золгож ирсэн. Жилдээ ганц удаа аав, ээж, ах дүү, ахмад настнаа хүндэтгэн, учран золгодог билээ. Гэвч орчин үеийн монголчууд садан төрлөөрөө уулзах боломж тэр болгон гардаггүй болсон. Тиймээс ах, дүү, хамаатан саднаа ч танихгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Харин сүүлийн үед нийслэлчүүд Цагаан сарын баярыг шинэ хэв маягаар тэмдэглэх болжээ. Тухайлбал, айл өрх, ах дүүсээрээ нийлж, зоогийн газарт тэмдэглэж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг болжээ. Мөн олон өдөр үргэлжүүлэн тэмдэглэхгүйг илүүд үздэг болж. Үүнийг зарим хүн монгол ёсоо умартаж, уламжлалаа дагахгүй гэх зэргээр шүүмжлэх аж. Дэмжих хүн ч цөөнгүй. Тиймээс зоогийн газар, болон ресторануудад Цагаан сар тэмдэглэх захиалга хэр ирж байгаа, иргэд энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэхээр энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

 

РЕСТОРАНЫ ЗАХИАЛГА СОНИРХОХ ХҮН ОЛОН БАЙВ

Бидний очсон эхний газар Бөхийн өргөөний хойд талд байрлах “Broadway” сүлжээ ресторан. Үүдээр ороход тус рестораны зохион байгуулагч угтан авлаа. Ирсэн хэрэг зоригоо тайлбарлан, энэ талаар тодруулж асуухад тэрбээр “Манайх жил бүр “Мөнгөн завъяа”-д байрлах салбартаа сар шинийн золголтын захиалга авдаг. Захиалагч өөрсдөө идээ будаа, бууз, шүүсээ гаргана. Энэ жилийн хувьд захиалга одоогоор ирээгүй байна. Тийм болохоор тогтсон үнэ, цэс гараагүй. Гэхдээ сонирхож ирэх хүн олон байна. Өнгөрсөн жилд нэлээд олон захиалга авсан. Үнийн хувьд энэ жил хямдруулсан. Иргэд ихэвчлэн шинийн 1-нд захиалга өгөх сонирхолтой байдаг. Дээд тал нь гурван цаг золголт хийдэг” гэв. Харин монгол үндэсний хэв шинжийг агуулсан “Хөх нуруут” ресторан нь энэ жил албан ёсоор сар шинийн золголтын захиалга авахгүй байгаагаа онцолж байв. Иргэд сонирхож ирэх нь олон байна. Өнгөрсөн жил заалны түрээс нэг цаг нь 250 мянган төгрөгөөс дээш байсан. Золголтод ирэх хүний тооноос хамаарч үнэ нь өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямралаас болоод ч тэр үү үнэ, цэс сонирхох хүн их байна. Гадуур сураглаж байхад өнгөрсөн жил нэлээдгүй газар захиалга авсан байсан гэлээ.

Энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 

ИРГЭН ОЮУНАА: САДАН ТӨРЛӨӨРӨӨ САНАЛ НИЙЛБЭЛ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БИШ

-Мөнгөтэй, боломжтой хүмүүс бол зоогийн газарт тэмдэглэж болох л юм. Цагаан сарын баяр чинь өндөр настандаа золгож, садан төрлөөрөө уулзаж, үр хүүхдүүдээ хооронд нь танилцуудаг болохоор нэг дор бүгд цуглавал бүр л сайн шүү дээ. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн, эдийн засгийн хямралтай байгаа үед зардал их гарах болов уу гэж бодож байна. Түүнээс биш боломжтой байгаад садан төрлөөрөө санал нийлбэл болохгүй зүйл биш байх.

 

ИРГЭН Н.ДОЛГОРМАА: УЛАМЖЛАЛТ БАЯРЫГ ЕВРОПЖУУЛАХ ХЭРЭГГҮЙ

-Монголын уламжлалт цагаан сарын баяр хүн бүрийн хувьд их чухал. Ялангуяа өндөр настнууд хол ойрын үр хүүхэд, садан төрөлтэйгөө учран золгодог ганц баяр нь. Гэтэл сүүлийн үед эдийн засгийн хямралаас болж өргөн дэлгэр, хангалуун тэмдэглэж чадахгүй болж байна. Бидэн шиг цалин тэтгэврээрээ амьдардаг хүмүүс ресторанд Цагаан сарыг тэмдэглэж чадах биш. Арай дээгүүр амьдралтай хүмүүс хүлээн авалт байдлаар хийдэг юм шиг байна лээ. Ер нь уламжлалт баярыг европжуулах хэрэггүй. Ресторанд тэмдэглэнэ гэдэг чинь Цагаан сарын баяр устаж үгүй болох эхлэл тавигдаж байна гэж ойлгож байна.

 

ИРГЭН С.САНЖСҮРЭН: САНХҮҮГИЙН ХУВЬД ХҮНДРЭЛТЭЙ ЮМ ШИГ САНАГДДАГ

-Монгол уламжлалаа дагаад хийж байвал хаана ч хийсэн ялгаагүй шүү дээ. Чадалтай нэг нь ресторандаа, чадалгүй нь гэртээ хийнэ. Ер нь хаана хийж байгаа нь чухал биш. Хамгийн гол нь садан төрөлтэйгөө уулзаж, өндөр настнаа хүндэлж учран золгох нь чухал шүү дээ. Миний бодлоор ингэж тэмдэглэхээр мөнгө арай их орох болов уу. Мэдээж нэгэнт ресторанд хийж байгаа юм чинь 10, 20 хүн орохгүй шүү дээ. Бүгд л үр хүүхэд, хамаатан саднаараа цуглах болохоор олон хүн орно. Тэр болгоны хоол цай, чихэр жимс, рестораны түрээс гээд их л мөнгө орох байх. Ресторанд хийж байгаа гээд гэртээ таваг засахгүй байна гэж байхгүй. Давхар юм бэлдэх л болно. Тэгэхээр бидэн шиг хүн дийлэхгүй байх.

 

ИРГЭН В.СҮХБААТАР: УЛАМЖЛАЛ ЁС ЗАНШЛАА ЭВДСЭН ХЭРЭГ

-Монголын уламжлалт баяр болохоор ресторанд тэмдэглэх буруу. Цагаан сар гэдэг чинь ирэх жилээ өнгөтэй, өөдтэй угтах гэж гэр орны хир тортгоо цэвэрлэж, идээ будаагаа засч, үр хүүхдүүдтэйгээ байх ёстой. Тэгтэл ресторанд хийвэл уламжлалт ёс заншлаа эвдсэн хэрэг гэж бодож байна.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.