Энэхүү хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат, дэд сайд Х.Баделхан, ЕТГ-ын дарга П.Цагаан, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан С.Эрдэнэболд болон яамны хэлтэс, албадын дарга нар оролцсон юм.
Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн бие даасан байдал., тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох нэмүү өртөг шингээсэн өрсөлдөх чадвартай байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
Нэг: Аж үйлдвэржилттэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хэрэгжилтийн үр дүнд хяналт шинжилгээ хийж, эдийн засгийн нөөц чадамжид тулгуурлан богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан гаргах, хэрэгжилтийг хангах эрхзүйн орчныг дэмжих
Хоёр: Экспортыг дэмжсэн татварын уян хатан бодлого явуулах, ингэхдээ дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах
Гурав: Олон улсын гэрээ хэлцэлд нийцүүлэн төсвийн хөрөнгөөр аж ахуйн үйлчилгээнд бүтээгдэхүүн худалдан авахдаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, импортыг орлосон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх, нэрийн бүтээгдэхүүн олшруулах” зэрэг 10 заалт бүхий зарлигийг гардууллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан зарлиг гардуулсны дараа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Үйлдвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Аж үйлдвэрийн сайдад гардуулах завшаан олдсонд баяртай байна. Монгол Улсын хөгжлийг авч үзэх юм бол үе шаттай явж иржээ. Соц нийгмийн үед түүхийн эдийг түшиглэж байсан бол дараа нь зах зээлийн эдийн засагт шилжих гэж 25 жил болсон. Улс орны эдийн засгийн үе шатыг харахаар эхлээд арилжаа наймаа явагддаг юм байна. Манайх ч тэр замыг туулсан.
Эхлээд ганзагын наймаа цэцэглэсэн. Дараагаар нь үйлчилгээний салбар хөгждөг юм байна. Гуанз ресторан, банк гэх мэт. Дараа нь үйлдвэржилт хөгждөг юм байна. Шийдлийн Засгийн газар анх удаа Аж үйлдвэрийн яам шинээр байгуулсан нь өнөөгийн эрэлт хэрэгцээнд яв цав тохирсон гэж харж байна. Бид баяжуулаад гаргах бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаад баяртай байгаа. Бид дэлхийн дэвжээнд гарах ёстой. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортолдог шинэ цаг ирж байна” гэв.
Харин зарлиг гардсан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Саяхан шинэ яам байгуулагдсаны дараа Ерөнхийлөгч маань үйлдвэрлэгчидтэй уулзсан. Энэ уулзалтад би оролцсон юм. Ерөнхийлөгч уулзалт дээр ганцхан зүйл онцолсон нь төр аж үйлдвэрийн бодлогоо цэгцтэй болгох цаг нь болжээ гэсэн үг. Энд үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо их чухал. Экспорт, импортоо монгол орон өөрсдөө шийддэг байх нь чухал. Худалдаачдын орноос бид үйлдвэрлэгч болох нь чухал байна. Бэлэнчлэн сэтгэлгээнээс салж халамжаа больж үйлдвэрлэл бүтээгч ард түмэн болох ёстой. Үүнийг манай яам ажил хэрэг болгон дэмжиж ажиллаж байна. Өнөөдөр гарч байгаа зарлиг аж үйлдвэрийг дэмжихэд том дэмжлэг болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан аж үйлдвэрийн салбарын хүмүүс, үйлдвэрлэгчид маань энэ талаар өндөр хүлээлттэй байгаа гэдгийг дурьдахад таатай байна” хэмээлээ.
Б.Тогтох
Эх сурвалж http://www.info.mn