Comment.mn

Түрээсийн гэрээ нэртэй луйварт Номингийнхон гаршчээ

sad“Улсын их дэлгүүр” 1998 онд Монголын хөрөнгийн биржид анх үнэт цаасаа бүртгүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 21.3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 36.8 сая ширхэг хувьцаатай, 45 мянга 456 хувьцаа эзэмшигчтэй ажээ.

Хурлын үеэр єєрийн талд шийдвэр гаргахын тулд 4.99 хувийн хувьцаагаа хурлын тов зарлагдаж байх үед нууц ноёнтонд худалджээ.

 

ХОЁР ДАХЬ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Нийт хувьцаа эзэмшигчдийн 64 хувь нь таван нэгдмэл сонирхолтой этгээдэд төвлөрсөн байдаг. Тодруулбал, Р.Содном 45 хувь, А.Шагдарсүрэн, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр нар үлдсэн хувийг нь эзэмшдэг юм байна. Улсын их дэлгүүр нь өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, 11.5 тэрбумын өр төлбөртэй гэсэн санхүүгийн тайлан гаргажээ. Ийнхүү өр барагдуулах нэрийн дор “Номин” өөрийн охин компани болох “Номин тав трейд”-д 12 сая 440 мянга 520 ам.долларын зээлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зургаан жилийн хугацаатай төслийн зээл хэлбэрээр авахаар болсныг жижиг хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж байна. Харамсалтай нь тус компани анх удаа ийнхүү жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж буй хэрэг биш. Өмнө нь 2007 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор улайрч байжээ. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороонд асуудлыг шийдэх эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй хэмээн тайлбарласан байна. Ийнхүү олон мянган хувьцаа эзэмшигчийг хохироож буй компанийн асуудлыг хэрхэн шийд­вэрлэх талаар Хөрөнгийн биржийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангараас лавлахад “Манай байгууллагын зүгээс тухайн компанид арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хуулиар Хөрөнгийн биржид тийм эрх олгогдоогүй. Гэвч хувь хүний зүгээс энэ асуудлыг байж болохгүй гэж үзэж байна. Харин жижиг хувьцаа эзэмшигч нарын зүгээс Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Тэдний талд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

 

“НОМИН”-ГИЙНХНЫ ЛУЙВАР

Тавхан хүний эрхшээлд 45 мянган хүн байх нь зүйд нийцэмгүй. Өөрөөр хэлбэл, “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханы эрх ашгийн төлөө 45 мянган хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж болохгүй юм. Компанийн тухай хуулийн 9.4-д зааснаар “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирах эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” хэмээн заажээ. Эрхзүйн орчин ийн жижиг хувь­цаа эзэмшигчдэд таа­тай эр­гэснийг тэд анзаарсангүй. Аливаа шийд­вэр гаргахдаа олонхийг дагадаг нь орчлонгийн бичигдээгүй хууль. Гэтэл түрээсийн гэрээ нэртэй цэвэрхэн луйвраар Номингийнхон гаршсаныг хувьцаа эзэмшигчид хэлж байна. Учир нь 2000 оноос өнөөг хүртэл “Номин трейд”, “Номин Холдинг” компанитай байгуулсан ерөнхий түрээсийн гэрээгээр УИД-ийн барилгыг бүхэлд нь “Бүх зардлыг оруулан тооцсон дүнгээр” гэх аргачлалаар зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тооцдог байна. Гэрээг байгуулах үед нийт талбайн хэмжээг тусгаж байгаагүй гэдэг.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2007 онд хийсэн шалгалтаар 17 мянга 872 ам метр талбайтай. Үүнээс худалдааны зориулалттай талбайн хэмжээ 14 мянга 863 бол ашигтай талбай нь 10 мянга 404 ам метр хэмээжээ. Тэр үедээ нэг ам метрийг нь 4133 төгрөгөөр түрээсэлж байжээ. Өдгөө УИД-ийн нэг ам метр талбайн хөлс 10-15 мянган төгрөг аж.

 

НЭЭЛТТЭЙ БУС ХААЛТТАЙ ГЭДГЭЭ ЗӨВШӨӨРЧЭЭ

“Номин тав трейд” компанийн үйл ажиллагааг сайжруулахаар УИД-ийг барьцаалах нь зүйд хэр нийцэх вэ гэдэг асуулт зайлшгүй гарна. Гэтэл “УИД” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Сайнбат “Манай дэлгүүрийн гол түрээслэгч нь “Номин реалтор”, “Номин Тав трейд” компани” гэв. Тэрээр “Эдгээр компани 2010 онд УИД-т хийсэн засвар, шинэчлэлд зориулан 11.6 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг тухайн үед банкнаас өндөр хүүтэй зээл авч хэрэгжүүлсэн. Одоогоор 25 мянган ам метр талбай түрээсэлдэг” гэлээ.

УИД-ийн түрээслэгчид сард 75000-120000 төгрөг төлдөг. Үүнийг дунджаар 80 мянган төгрөг байхаар тооцвол ганцхан сард хоёр тэрбум төгрөгийн орлоготой юм. Тэгэхээр жилд 24 тэрбум төгрөгийн орлого олж буй. Ийм хэмжээний орлоготой компани дөрвөн жилийн туршид 11.6 тэрбумын өрийг төлж дийлэхгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв тухайн компанийн үйл ажиллагаа догдолдон зээл төлөх боломжгүй бол барьцааны эд хөрөнгө зээл олгосон банкны өмч болох эрсдэл бий. Уг нь хувьцаат компани нээлттэй байх ёстой гэдэг. Гэтэл тэд хаалттай ажилласаар өдийг хүрснээ хүлээн зөвшөөрч байна.

 

НИЙТ ХУВЬЦААНЫ 4.99 ХУВЬ 45 МЯНГАН ХҮНИЙГ ДЭЭРЭЛХЭВ

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд том хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн шинжийг агуулж байгаа тул тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид саналын эрхгүй оролцсон байна. Гэвч тухайн хуралд цугларсан гишүүдийн хувьд хамгийн их буюу 4.99 хувийг эзэмшдэг нэг гишүүн зөвшөөрч гар өргөснөөр УИД-ийг барьцаалах боломжийг бүрдүүлсэн ажээ. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн эгдүүцлийг ихээхэн төрүүлсэн байдаг. Хачирхалтай нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тов зарлаж байх үед таван хувьцаа эзэмшигч 24 сая 348 мянга 856 ширхэг хувьцаатай байв. Харин хоёр сарын дараа тэд 22 сая 508 мянга 856 ширхэгтэй болсон нь анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл үүний зөрүү нэг сая 840 мянга ширхэг хувьцаа хаачив. Ийм хэмжээний хувьцааг худалдаж авахад ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Тэгэхээр үүнийг худалдаж авсан нууц ноёнтон хөрөнгөлөг байж таарах нь. Шинэ хувьцаа эзэмшигчийн тусламжтайгаар “Номин”-гийнхон хүслээ гүйцээх таатай боломжийг бүрдүүлэв. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс энэ этгээдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн хувьцаа худалдаж авсан мөнгийг хууль ёсны орлого эсэхийг тодруулах шаардлагатай гэдгийг онцлов. Тиймээс хувьцаа эзэмшигчид холбогдох газруудад өргөдөл, гомдол гаргахаар болжээ.

 “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.