НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн авлигын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нээлттэй Улаанбаатар хот болох зорилтыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөр нь нийслэлийн нутгийн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хандлага, үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, бүтээмжтэй, хариуцлагатай иргэний нийгмийн оролцоог хангасан нийслэлийг хөгжүүлэх зорилготой юм.
Авлига нь улс орны нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилд саад тотгор учруулж, ардчилал, шинэчлэлийг явцыг сааруулах хүчин зүйл болж байна гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, авлигатай тэмцэх санаачилга гаргаж, тодорхой ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс ч олон ажил хийж байгаагын нэг нь “Нээлттэй Улаанбаатар – 2014” авлигын эсрэг олон улсын форум юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын оролцоотойгоор “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг 2014 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, авлигатай тэмцэх шат дараатай ажлыг зарлан тунхагласны дагуу Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулж, ил тод, нээлттэй Улаанбаатар хотыг бий болгохыг зорин ажиллаж байна.
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор авлигын эсрэг авч хэрэгжүүлэх “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг Авлигагүй нийтийн алба, Авлигаас ангид төрийн албан хаагч, Тунгалаг санхүүтэй Улаанбаатар, Нийслэлийн өмчийн ил тод, үр ашигтай тогтолцоо, Дүрэмтэй хот, Авлигыг үл тэвчигч хотын иргэд, Иргэн, иргэний нийгмийн оролцоо гэсэн 7 зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: www.ugluu.mn