Стратегийг Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаа, НЭМГ-ийн орлогч дарга Б.Ганбат Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт- У нар үзэглэсэн юм.
Тус дүүрэг нийслэлийн хүн амын гурваны нэг нь оршин суудаг, Улаанбаатар хотын баруун талд байрладаг томоохон дүүргийн нэг юм. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж Орчлон, Содон, Залуус, Буман өлзий хороололууд сүндэрлэн босч, үйлдвэр аж ахуйн нэгж нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч нийт өрхийн 27 хувь нь төвлөрсөн усан хангамж бүхий орон сууцны хороололд, 73 хувь нь гэр хороололд амьдарч, хүн амын 27 хувь нь ядуу, агаарын болон хөрсний бохирдол их байдаг нь хүн амын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байна. Жилд дундажаар 11000 орчин хүн шилжин ирж байгаа нь хүн амын амжиргааны байдалд, дүүргийн эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг. Үүнтэй холбоотой иргэдийн эрүүл мэндийн байдалд олон тулгамдсан асуудал үүсч байдаг.
Агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл болон гажиг хөгжил тэргүүлж байна. Жил бүр өсч байгаа хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд өнөөдрийн байгаа эрүүл мэндийн байгууллагын нөөц хүрэлцэхгүй байгаа нь тусламж үйлчилгээний чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг нь эрүүл мэндийн түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх санаачлагыг туршин хэрэгжүүлэх загвар дүүрэг болох стратегийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү “Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратегийг 2014-2016 онд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
Стратегийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоотойгоор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ба хүн амын эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд стратегийн төлөвлөгөөнд зургаан тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Үүнд:
1.Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх
2.Хүн амын дунд тэргүүлэх халдварт өвчний тохиолдол, тархалт, нас баралтын түвшинг бууруулах
3.Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах
4.Орчны эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах
5.Эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, хүний нөөцийн төлөвлөлт, мэдээллийн тогтолцоо, хамтын ажиллагааг сайжруулах
6.Эмийн хангамж, зохистой хэрэглээ, лаборатори, тусламж үйлчилгээний чанар дэд бүтцийг сайжруулах зэргийг багтаасан байна.
Энэ стратегийг хэрэгжүүлснээр бусад дүүрэгт хэрэгжүүлэх загвар болох юм.
Эх сурвалж http://www.info.mn