Comment.mn

Бурмаа бужигнуулаад эхэллээ

5812a90728f0bbb5bigР.Бурмаа ХААҮ-ийн сайдаар томилогдоод бүтэн хоёр сар болоогүй ч тус салбарт будилаан үүсгэж, буруу зөвгүй зандарч, бужигнуулаад эхэллээ.

“Хэдэн зууны туршид өвөг дээдсээсээ өвлөн ирсэн  ХАА  үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал зорилт болж байна. Иймд мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” хэмээн Раднаагийн Бурмаа давхар дээл нөмрөхдөө андгайлж байжээ.

Бурмаа мэдээлэл, технологийн мэргэжилтэй. Энэ салбартаа 10-д жил ажилжээ. Бусдад нь буяны шахуу ажил хийж, нийгмийг соёлжуулж гэгээрүүлэх ажил эрхэлжээ. Тэрээр хөдөөний ахуй амьдрал, газар тариалангийн жаргал зовлонг гадарлах нь юу л бол. Гэхдээ л монгол хүүхэн гэсэндээ эмээлтэй моринд эрх биш зөв мордож, үр тарианы үр шим, үнэр амтыг гадарлахтайгаа гэж бодоод уйлж, дуулж гуйгаад байхаар нь ХХАА сайдаар томилсон гэх яриа явдаг.

Төрийн сайдын тамгыг гардан авахдаа түүний хэлсэн үгэн дотор нь “мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” гэж тангараг шахуу өгүүлбэр байна. Гар нийлнэ гэдэг нь яг юуг хэлсэн юм бол, яаж нийлэх гэсэн юм бол хэмээн гайхаж байтал тэр үгний далд санаа, утга учир нь танигдаад эхэллээ хэмээн тус салбарынхан ярьцгааж байна.

Томилогдоод бүтэн 2 сар ч болоогүй Бурмаа тус салбарт будилаан үүсгэж буруу зөвгүй зандарч байна. Насаараа үр тариа ургуулж, газар шороотой амь амьдралаа холбосон үндэсний үйлдвэрлэгчдээ ад шоо үзсэн, өнгө мөнгө тендертэй  холбоотой асуудалд хүзүү, сээрээрээ хутгалдаж “би мэднэ, би мэднэ, би мэдэхгүй юм бол манай нам мэднэ” хэмээн цамнаж байгаа аж.

Газар тариалангийнхан түүнийг Ерөнхий сайдтай нь хамт халз мэтгэлцээнд дуудаад байгаа энэ үед мах бэлтгэлийнхэн ч бас нэмэгдэж болзошгүй боллоо. Тус яамны үндсэн гол, томоохон салбарын төлөөллүүд зүгээр ч нэг зугаа хийх гэж ийм зүйл яриагүй гэдгийг тус салбараар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид ч баталж байна.

Өнгөрсөн жил хоёр хөршийн тэргүүн нар манайд айлчилж монгол малын махыг өөрийн улсдаа экспортлохыг бүхий талаар дэмжиж, хамтарсан ажлын хэсэг байгуулан хууль дүрэм, тавигдах техник, технологийн шаардлагын талаар хэлэлцэж тохироод явцгаасан.

Гэтэл мах экспортлох тендерт хууль журмынхан дагуу оролцож хоёр улсын зохих мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдаж буй бүхий л шаардлагыг нь хангаж шалгарсан, үндэсний 28 аж ахуйн нэгжийнхээ зөвшөөрлийг өдий болтол олголгүй “би мэднэ, би мэднэ” хэмээн гацаасаар 2 сар болоод байна. Эдгээр 28 компаний зургаагийн зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн боловч үлдсэн 22-ын талаар Бурмаа сайд амандаа ус балгасан мэт суугаа ажээ.

Мал, махны бизнес эрхлэгчид төдийгүй, ажил хэрэгч хүмүүст өдөр хоног алдах нь битгий хэл цаг, минут бүхэн ямар их үнэтэй байдгийг энд тайлбарлах хэрэгтэй гэж үү сайд аа. Аль эсвэл … байгаа юм уу. Арай ч үгүй байх гэж найдаж байна.

Ажлаа хийдэггүй бусадтай хуйвалдлаа хэмээн намынхаа даргыг огцруулахдаа: -“УИХ-ын гишүүн Төрийн сүлдэнд “Нийт ард түмэн улсын эрх ашгийг дээдэлж ажиллана” гэж тангаргалдаг. Хэдийгээр бид АН-аас, сонгогдсон ч төрийн тангаргаараа явах ёстой. Ардчилсан намын гишүүд бид хууль бус үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй гэсэн үндэслэлийг гаргаж огцруулах тогтоолын төслийг өргөн барихаар гарын үсэг цуглуулж байна.” хэмээн хэлж байсныг тань энд сануулья.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.