Эдийн засгийн хямрал хүндэрч буй цагт Ч.Сайханбилэг фракц нэгт Н.Алтанхуягаа араас нь цохиж, Ерөнхий сайд болж, засгаа байгуулаад авав. Тиймээс нийгмийн байдал саарал, эдийн засаг хүндэрсэн үед нэгэн танхим болон ажиллаж байгаа сайдуудын хэтэвч рүү нь өнгийсөн хэрэг. Гэхдээ бид далд эдийн засгийнх нь талаар төдийлөн бодит мэдээлэл байхгүй. Яахав, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын жил бүр мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлгээс албан ёсны баримтыг л харсан хэрэг.
Харин шинээр энэ засагт багтаж байгаа Л.Пүрэвсүрэн, C.Шийлэгдамба, С.Чинзориг, Н.Төмөрхүү, У.Хүрэлсүх, яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Жигжид нар ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо албан ёсоор мэдүүлэх ёстой.
Ч.Сайханбилэг ганцхан орон сууцтай юм байх
Ерөнхий сайд маань нийт орлогоо 21 сая 46 мянган төгрөг хэмээн мэдүүлсэн байх юм. Ташаарсан хэрэг байж болох талтай. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 140 сая 480 мянган төгрөг гэжээ. Түүнчлэн нэг орон сууцтай, мөнгөн дүн нь 226 сая 500 мянган төгрөг. “Lexus-570”, “Land Rover-V1” маркийн автомашин тус бүр нэгийг эзэмшдэг. Харин “И энд Ти” компанид 50 ширхэг хувьцаа, “АСУ” компанид 125 ширхэг, “Байгаль бюти” компани 100 ширхэг хувьцаатай. “И энд Ти” компаниас 1.5, “АСУ” компаниас 12.5, “Байгаль бюти” компаниас 3.1 хувийн ногдол хүртдэг. Хадгаламж, бэлэн мөнгө, данс, картын үлдэгдлээ өнгөрсөн онд 90 сая 483 мянга 500 төгрөг хэмээн мэдүүлсэн байх юм. Харин ойр дотных нь хүмүүсийн мэдээлж байгаагаар түүнд гурван ч орон сууц байгаа гэв.
С.Баярцогтын орлого 249 саяар буурчээ
С.Баярцогтын хувьд жилийн орлого 249 саяаар буурч 20 саяд хүрчээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 975 сая болж өссөн хэмээн мэдүүлжээ. Тэрээр нийлээд нэг тэрбумын үнэтэй гурван орон сууцтай. “Land rover”, “Range rover-V1”, “Lexus-570” тус бүр нэгийг унадаг. “Нидо”, “Товхон хан”, “Миний Монгол энтертайнмент” зэрэг гурван компанийг 100 хувь эзэмшдэг байна. Энэ бол яах аргагүй ташаа мэдээлэл. Түүний оффшор бүсдэх нууц дансаар сая ам.доллар ороод гарсныг олон улсын сэтгүүлчид илрүүлчихсэн шүү дээ.
С.Эрдэнэ 10 сая төгрөгийн авлагтай гэнэ
С.Эрдэнэ 30.7 сая төгрөгийн жилийн орлоготой. 42 адуу, 47 үхэр, 96 хоньтой. “Land cruiser-200” нэгийг, “Toyota Estima” нэгийг эзэмшдэг. Тэрээр бусдаас 10 сая төгрөгийн авлагатай бол бусдад өргүй. Өөрийнхөө нэр дээр хоёр газар авсан. Үйлдвэр үйлчилгээний болон бусад ангиллын хоёр байгууламжтай бөгөөд хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.
Д.Дорлигжав долоон ААН-д хөрөнгө оруулжээ
Д.Дорлигжав 23.3 сая төгрөгийн орлого өнгөрсөн жил олсон гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийнхэн нь 129.4 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Үйлдвэр үйлчилгээний болон бусад ангилалд багтах тус бүр нэг барилгатай бол хоёр орон сууцтай. Тэрээр долоон аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан. Эдгээрээс “Билэг” дээд сургууль, “Дошт”, “Дошт даймонд” компанийг 100 хувь эзэмшдэг. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй. 94 сая төгрөгийн үнэтэй нэг ширхэг “Mersedes Benz” хөлөглөдөг байна.
Д.Оюунхорол найман тэрбумын барилга байгууламжтай
Д.Оюунхорол сайд 268 сая 781 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүд нь нийт 252 сая 777 мянган төгрөгийн орлого олсон байна. Хувьдаа “Land cruiser-200”, Lexus-“570” тус бүр нэгийг унадаг. “Отгонтэнгэр” их сургуулийг 100 хувь эзэмшдэг бол “Сольтерра партнерз” компанийн 50 хувийг эзэмшдэг аж. Д.Оюунхорол гишүүний нэр дээр орон сууц нэг, үйлдвэр үйлчилгээний зориулалттай хоёр, бусад гэсэн ангилалд багтах барилга нэг байна. Энэ дөрвийн нийт үнэлгээ найман тэрбум 752 сая 660 мянган төгрөг.
Ц.Цолмонгийн орлого 44 саяар буурчээ
Ц.Цолмон 30 сая 531 төгрөгийн орлоготой. Энэ нь 2012 оноос 44 сая төгрөгөөр орлого нь буурсан үзүүлэлт. Харин гэр бүлийн гишүүдийнхээ нийт орлогыг өнгөрсөн жил хоосон орхижээ. Тэрээр бусдаас авах авлагагүй, бас өргүй. Үүнээс гадна “Land cruiser-100” маркийн нэг машинтай. “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаатай. Түүнчлэн “Дельтапи” компанийн 50 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
Д.Зоригт бусдаас 10 тэрбум төгрөгийн авлагтай
Өнгөрсөн онд Д.Зоригтын нэр дээр хоёр тэрбум 47 сая 543 мянган төгрөгийн орлого бичигджээ. Мөн Д.Зоригт нийтдээ 15 компанид хөрөнгө оруулжээ. Эдгээрээс “Одод” компанийн 100, “АСУ” компанийн 60, “Орхон булаг” компанийн 70.9, “Гермес” компанийн 85, “Кимон” компанийн 60 хувийн ногдол хүртдэг. Бусдаас 10 тэрбум 47 сая төгрөгийн авлагатай. Гурван орон сууцтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Р.Бурмаа 159 сая төгрөгийн орлого олжээ
Өнгөрөгч онд 25 сая төгрөгийн жилийн орлогоо мэдүүлж байсан Р.Бурмаа гишүүн өнгөрсөн онд 159 сая төгрөгийн орлого олсноо тайландаа тусгажээ. Тэрээр 290 сая төгрөгийн үнэлгээтэй үйлдвэр үйлчилгээний байгууламж болон нэг орон сууцыг эзэмшдэг. “Land cruiser-200” маркийн автомашин хөлөглөдөг. “Баялагийн хувь” компаниас 10 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг ч ногдол хувийнхаа мэдээллийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна. Бусдаас авлагагүй бас өр, зээлгүй. Харин 400 ам.метр талбайтай газар өмчилж авснаа мэдүүлжээ.
Л.Гантөмөр 110 адуу, дөрвөн орон сууцтай
Л.Гантөмөр 2013 онд 18.5 сая төгрөгийн орлого олжээ. Түүний орлого уг нь 2012 онд 244 сая төгрөг байсан юм. Л.Гантөмөр гишүүнээс илүү гэрийнхэн нь 57.8 сая төгрөгийн орлоготой гэж дурджээ. Тэрээр дөрвөн орон сууцтай бөгөөд нийт үнэлгээ нь 313 сая төгрөг. Хөдөө 110 адуутай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Үүнээс өөр хөрөнгө оруулсан компани, үйлдвэр үйлчилгээний байгууллага түүний нэр дээр алга.
Д.Эрдэнэбат хадгаламжиндаа мөнгөгүй
Д.Эрдэнэбат 48.5 сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай. Хоёр адуу, 72 ямаа, 392 хонь, 37 үхэртэй. Түүний нэр дээр 1.5 га, 1.6 га, 2.6 га хэмжээтэй гурван газар бүртгэгджээ. Тэрээр “Хорол-Эрдэнэ” компанийн 65.4 хувийг, “Залуучууд” зочид буудлын 60 хувийг, “Ноён” компанийн 71 хувийг эзэмшдэг. Зээл, авлагагүй. Бас хадгаламжиндаа мөнгөгүй тухайгаа өнгөрсөн онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.
Ж.Эрдэнэбатын орлого нь 21 саяар буурчээ
Түүний орлого 2012 оныхоос 21 саяар буурч 2013 онд 17.1 сая болжээ. Гэр бүлийн гишүүд нь өнгөрсөн онд 40 сая төгрөгийн орлого олсон байна. Тэрээр өөрийнх нь нэрээр бүртгэгдсэн гурван орон сууцтай. 71 сая төгрөгийн үнэт эдлэл, түүх, урлагийн үзмэр хадгалдаг. Дансандаа 17.8 сая төгрөгтэй тухайгаа өнгөрсөн онд мэдүүлжээ. Мөн “Сүүтэй” компаниас 30, “Хэрх илч” компаниас 50, “Хэрх өргөө” компаниас 100, “Гүн сан эрдэнэс” компаниас 25 хувийн ногдол ашиг хүртдэг ажээ.
Д.Цогтбаатар гурван орон сууц, гурван байгууламжтай
Д.Цогтбаатар урьд өмнө нь 19 сая төгрөгийн жилийн орлоготой байжээ. Харин гэр бүлийнхэн нь 328 сая төгрөгийн орлого төвлөрүүлдэг байв. Энэ үедээ Хонконгийн “Стандарт Чартеред” компанид олон сая төгрөгийн хадгаламжтай нэгэн байв. Тэднийх гурван орон сууцтайгаас гадна бусад ангилалд багтах гурван барилга, байгууламжтай. Эдгээрийг тухайн үед 673 сая төгрөгөөр үнэлж байжээ. Тэрээр “Петро Матад Лимитед”-ээс 165 мянга, “Иксиллион” компаниас 64 мянга, “Жей Ти Эс консалтинг” компаниас 420 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тодруулаад хэлэхэд “Иксиллион”, “Жей Ти Эс консалтинг” компанийн 70 хувийг эзэмшдэг нэгэн.