-Тариаланчдын хувьд тариалсан буудайг улс худалдан авч, гурил үйлдвэрлэгчид үйлдэрлэх ёстой гэдэг хандлагаар тоо, мөнгө хоёрын хойноос хөөцөлддөг болсон. Харин чанартаа анхаарахгүй боллоо гэх нь бий. Яг үйлдвэрлэл явуулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа та бүгдэд энэ асуудал илүү бодитоор харагддаг болов уу?
-Бүх тариаланчид чанаргүй буудай тариалаад байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ манай тариаланчид хөрсөө бордохгүй байна. Хөрсөө бордож байж чанартай хүнсний улаанбуудай авах нөхцөл бүрддэг. Гэтэл энэ чиглэлдээ анхаарч, мөнгө зарцуулах сонирхолгүй байна. Өнөөдөр тариа тариалсан газар нь үржил шимгүй болвол өөр газар очиж газар тариалан эрхлэх сонирхолтой, түр зуурын амиа аргацаалсан байдлыг явуулах юм. Үүнээс үүдээд улаанбуудай нь чанаргүй, цавуулаг муутай байдаг. Гэхдээ чанар, цавуулагтайг нь гурил үйлдвэрлэгчид намартаа сонгоод авчихдаг. Явж, явж он гарч, гурилын хэрэгцээ үүсээд ирэхээр үлдсэн чанаргүй улаанбуудай тунаад үлддэг. Үүнийг нь тариаланчдын эзэд шантааж хийж, улсад шахах. Эсхүл гаднаас орж ирэх улаанбуудайг боомилж хааснаар хэрэгцээний хомсдол бий болохоор хүчээр шахах гэж оролддог. Ингэж байсан тохиолдолд ч бий. Харин шахсан тохиолдолд гурил үйлдвэрлэхээс өөр аргагүй байдалтай болдог.
-Үүний үр дүнд чанар муутай гурил хэрэглэгчдийн гарт очих нь ээ.
-Гэхдээ чанаргүй улаанбуудайгаар чанартай гурил үйлдвэрлэх гурван арга бий. Нэгдүгээрт, чанартай улаанбуудай гаднаас оруулж, хольж тээрэмдсэнээр чанартай гурил гаргах. Хоёрдугаарт, ОХУ-аас оруулж байгаа гурилтай хольж чанарыг нь сайжруулах. Гуравдугаарт, БНХАУ-аас химийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж байгаад цавуулаг, өнгийг нь сайжруулсанаар хэрэглэгчид хүргэдэг. Хэдийгээр химийн нэмэлтийг Хятад улсад хориглосон ч зарим үйлдвэрлэгч хулгайгаар оруулж ирж, аргагүйн эрхэнд чанарыг нь сайжруулахаар хольдог. Томоохон аж ахуйн нэгжүүд гаднаас будаа оруулж ирээд холиод тээрэмтдэг бол боломжгүй нэг нь дотоодод орж ирж байгаа импортын гурилтай хольж чанарлаг болгодог ийм л зүйл бий.
-Манай улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан улаанбуудайг тариалж байгаа. Гэтэл чанаргүй байдлаас болж гурил үйлдвэрлэгчид ирэх хохирол хэрхэн тусч байна вэ?
-Үүн дээр хоёр жишээг дурдах нь зүйтэй байх. 2009 онд “Атар III” аян эхлэхэд тухайн жилдээ хураасан улаанбуудай нойтон, цавуулаг байхгүй, хольц ихтэй байсан. Тэгэхэд тариаланчид “Засгийн газар худалдаж авна гэж биднээр улаанбуудай тариалуулчихаад одоо авсангүй” гэсээр байгаад улсад тушааж, гурилын үйлдвэрүүдэд авхуулсан. Харин үүнээс болж 2010 онд Дарханы элеватор дэлбэрч, Булганы элеваторт 10 гаруй мянган тонн улаанбуудай шатсан. Гурилын үйлдвэрүүд тодорхой хэмжээгээр нойтон будаанаас шаталт амссан. Ингээд энэ хохирлыг хэн хариуцсан бэ гэвэл, Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид үүрсэн. Харин тариаланчид урамшууллаа аваад үлдсэн. Нөгөөтэйгүүр 2012 онд Засгийн газраас “Дотоодоо бүрэн хангаад 100 мянган тонн улаанбуудай экспортлох хэмжээнд хүрчихлээ, гэрээ хийлээ” гэж баахан улстөржсөн. Харамсалтай нь нэг ч тонн улаанбуудай гадагшаа гараагүй. Яагаад гэвэл, авах газрын экспертүүд ирж чанарыг үзээд “Манайд таарахгүй улаанбуудай байна” гээд явчихсан. Тэгээд яасан гэвэл, гадаадын гахай ч үнэрлэж тоохгүй улаанбуудайг гурил үйлдвэрлэгчид бид далд оруулсан. Ард түмэнд шахсан. Тэгэхэд тариаланчид урамшуулал, мөнгөө аваад хэн нь ч хохироогүй. Хог тарьсан, сайн будаа тариалсан ч тариаланчид мөнгө л болгодог. Үнэндээ ингэж их эрхлүүлсэнээр тариаланчид даварч байна.
-Танай үйлдвэрийн хувьд ямар байдалтай байна?
-Амаа бариулчихсан л байна. Зарим тариаланчдын чанаргүй улаанбуудайг авснаар үндсэндээ эдийн засгийн боломжгүй болсноор үйлдвэр маань зогссон. Хамгийн сүүлд үйлдвэрлэсэн гурилаа спиртэнд тушаахаас өөр аргагүй байдалд орсон.
-Газар тариалангийн салбар нэг хэсэг уналтад байснаар сэргэсэн. Харин нэг хэсэг тариаланчид чанаргүй улаанбуудай тариалж байгаа нь тариаланчдыг төр хэтэрхий эрхлүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна уу?
-Чанаргүй үйлдвэрлэл явуулж байгаагийн гол шалтгаан нь засаг муу, сайн ч хамаагүй дэмжих үүднээс будааг нь худалдан авч байгаа асуудал. Нөгөөтэйгүүр стретегийн хүнс гэдэг нэрийн дор тариаланчид, улстөрчид гаднаас будаа оруулах асуудлыг улстөржүүлж зогсоож байна. Уг нь тариаланчдын цөмд нөлөөлөхгүйгээр гаднаас бага хэмжээгээр улаанбуудай оруулж ирэх ёстой. Одоо 20 мянган тонныг оруулж ирнэ гэж байгаа бол маш зөв. Аль нь ч хохирохгүй. Өмнө нь 100 мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэхэд хэн нь ч юу ч хэлээгүй. Энэ засгийн үед 20-хон мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэхэд бослого, хөдөлгөөн хийж “Бидний будаа борлогдохгүй байна” гэж ярьж байна. Үнэндээ будаагаа борлуулж чадахгүй байгаа нь чанаргүй гэсэн үг шүү дээ.
Үүний зэрэгцээ тариаланчдыг харж үзсэн бас нэг зүйл бол 2010 онд будааны стандартыг бууруулсан. Гэтэл тариаланчид “Бид юу ч өгсөн авах ёстой” гэдэг байдлаар хандаж байгаа нь буруу.
-Одоо тэгвэл яах ёстой вэ. Чанартай будаа тариалж, хэн хэндээ хохирол учруулахгүйн тулд юу хэрэгтэй вэ?
-Зах зээлийнх нь зарчимд оруулах ёстой. Мөн стратегийн хүнс гэдэг нэр оруулсан учир тодорхой хэмжээнд улаанбуудайн нөөцийг авч үлдэх бааз сууриа байлгах хэрэгтэй. Түүнээс биш тарьсан будаа болгоныг худалдаж авч, тарьсан будаа болгон нь гурил болно гэсэн ойлголт байхгүй. Тарьсан улаанбуудай тэжээл болж болно. Ерөөсөө эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх ёстой. Тариаланчдад урамшуулал бодож, техникийг нь хөнгөлөлттэй үнээр олгож, үрийг нь авч өгч, бензин шатахууныг хөнгөлттэй үнээр нийлүүлж байхад энэ бүгдийг хэтэрхий хавтгайруулж “Бид” гэдэг ухагдахуун байгаад байна.
-Улаанбуудайн асуудалд тариаланчдад шахалт үзүүлэхээс гадна манай гишүүд улстөржүүлэх асуудал байна шүү дээ?
-Улаанбуудай чанаргүй байгааг Ардчилсан нам, Монгол ардын нам ч мэдэж байгаа. Тиймээс ард түмэнд харагдуулах үүднээс “Хэрэгцээгээ 100 хувь хангасан” гэсэн жүжгээсээ салах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баяралаа.
Эх сурвалж http://www.info.mn