Comment.mn

Ж.Амарсанаа: Элэгний вирусгүй Монголын эхлэл тавигдлаа

52833fde1c24048eoriginalТанд энэ үдшийн мэнд хүргэе. Мөн юуны түрүүнд багагүй урт хугацаанд зорьж тэмүүлсэн зүйлдээ амжилт гаргасанд баяр хүргэе.

За их баярлалаа.

Ярилцлагаа элэг гэж яг юу юм бэ? Элэгний с вирус гэж юу юм бэ? гэдгээс эхэлье.

Элэг бол хоол боловсруулах эрхтэнүүдийн нэг гэж явдаг. Элэг хүний биед ганцхан байдаг. Тийм учраас бусад эрхтнүүдтэй харьцуулашгүй. Бөөр л гэхэд нэг нь байхгүй боллоо гэж бодоход нөгөөдөх нь ажиллаж байна шүү дээ. Тиймээс хос эрхтнүүдийг бодоход хүний биед цорын ганц гэдэг утгаараа их эрхэм эрхтэн байгаа юм. Түүнээс гадна маш өндөр чадамжтай эрхтэн. Жаахан хэсэг нь л эрүүл байхад хүний элэг үүргээ гүйцэтгээд байдаг. Гэтэл энэ эрхтэн хатуураад юмуу элэгний хавдар үүсэх л юм бол хүн нас барах аюултай. Яг өнөөгийн байдлаар бол элэгний өвчлөл Монгол хүний нас баралтын хоёрдугаар шалтгаанд орж  байна. Энэ нь зүрх судасны өвчний дараа  орж байгаа юм. Тэгээд энэхүү эрхтнийг өвчлүүлдэг гурван хүчин зүйл байдаг. Нэг нь элэгний В вирус, нөгөө нь элэгний С вирус, тэгээд 5-10 хувийг нь архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ гэж үздэг. Тэгэхээр элэгний С вирус гэдэг бол элгэнд очиж үрждэг үржихдээ элгийг гэмтээж үрждэг ийм бичил биет юм.

Элэгний С вирус Монголчуудын хувьд эмчлэхэд хүндхэн аюултай өвчлөлүүдийн нэг байсан. Харин  вирусыг устгадаг эмийг  оруулаад  ирлээ. Оруулж  ирэхээс өмнө 84000 долларын өндөр өртөгтэй эм гээд л  хэл ам багагүй  дагуулсан ч шаргуу хөөцөлдсөний үр дүнд дээрх үнээсээ хэд дахин бага өртгөөр оруулаад  ирлээ? Энэ эм нь орж ирснээрээ ямар  үр нөлөө  үзүүлэх вэ?

Элэгний С вирусыг урьд өмнө устгадаггүй  биш устгадаг байсан. Гэхдээ гол нь эмчилгээ нь үр дүн муутай байсан. Эмчилгээ хийлгэхэд  40-60 хувийн үр дүнтэй, мөн эм, тариа нь асар их гаж нөлөөтэй, өндөр үнэтэй байсан учраас Монголд эмчилгээ хийлгэсэн хүн маш цөөхөн байдаг. Харин сүүлийн үед гаж нөлөө багатай зөвхөн уугаад л эдгэрэх боломжтой шинэ эмүүд дэлхийн зах зээлд гарч ирлээ. Энэ нь элэгний С вирусын судалгаа шинжилгээ сүүлийн арван жилд маш хурдацтай хөгжсөнтэй холбоотой. Сүүлийн  үед элэгний С вирусын эсрэг бүтээгдэж дэлхийн зах зээлд гарахаар яригдаж байгаа 40-өөд эм байна. Эндээс сүүлийн үед дуулиан дагуулж мөн үр дүнтэй гэгдэж байгаа нэг эм нь  софосбүвир (sofosbuvir) эм. Софосбүвир дангаараа тийм өндөр үр дүнтэй биш. Хавсарч байж илүү сайн үр дүн өгдөг. Дангаараа 50хувь хүрэхтэй үгүйтэй вирусыг устгах чадвартай эм. Харин зөв эмтэй хавсарч чадах юм бол зуун хувь ч устгаж чадах үр дүнтэй эмчилгээ. Дараа дараагийн эмнүүд нь бүртгэгдэж байж үүнтэй хавсрах эмнүүд нь орж ирнэ. Магадгүй бие даасан өөр эмнүүд ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхлээр одоо  Монгол улсад бүртгэгдсэн эмнүүд дотроос софосбүвир эмтэй хавсраад хэрэглэх хоёр эм байгаа. Нэг нь бол Пег-Интерферон, нөгөөх нь Рибавирин гэдэг эм. Рибавирин гэдэг эмтэй хавсраад эмчилбэл Монгол хүнд 76 хувийн үр дүн өгөх боломжтой. Яагаад гэвэл Монголчуудын хувьд С вирус голдуу нэгдүгээр гепотип байдаг. Хэрвээ Пег-Интерферонтой  дээр нь Рибавиринтай гурвалсан эмчилгээ хийх юм бол 90 хувиас илүү үр дүнг үзүүлэх боломжтой. Гэхдээ түрүүн хэлсэн Пег-Интерферон гэдэг эмчилгээ гаж нөлөө ихтэй, асар өндөр үнэтэй байгаа учраас дэлхий даяараа энэ эмнээс татгалзах талруугаа явж байна. Учир нь Пег-Интерферонгүй өөр эмүүдээр элэгний С вирусыг бүрэн эмчилэх боломжууд маш олноор нээгдэж байгаа учраас энэ чиг рүү явж байна. Хямдруулсан тухай ярьж байна. Ер нь асар их хямдарсан нь үнэн. Хэд хэдэн шалтгаанаас болж хямдарсан. Зарим их хартай хүмүүс Монголчууд дээр туршилт хийх гэлээ гээд хэл  ам  гаргаж байсан. Гэхдээ тэгж хардах шаардлага байхгүй. Энэ эм АНУ-д бүртгэгдээд бүр эмчилгээнд хэрэглээд эхэлчихсэн. АНУ-д бүртгэгдэхийн тулд маш олон шат дараалсан шинжилгээ, судалгаагаар дамжиж байж энэ эм Америкийн зах зээлд ордог. Одоо дэлхийн шинжлэх ухааны энэ ололт амжилтыг Монголчууддаа нэг өдрийн өмнө ч гэсэн хүртээх тал руу хичээж ажиллах ёстой. Тийм ч учраас анхнаасаа энэ эмийг маш их судалсны үндсэн дээр Монгол улс руу оруулахаар хөөцөлдсөн юм. Эрүүл мэндийн яам ч  тодорхой судалгаа нотолгоон дээр үндэслэж ажлыг хийдэг. Тэгээд ер нь хямдарсан шалтгаан бол Нэгдүгээрт энэ эмийг оруулахаар Монголын засгийн газар маш их идэвхтэй ажилласан. Тухайн нийлүүлэгч компани нь Засгийн газар нь идэвхтэй ажиллахад маш нааштай хүлээж авдаг. Засгийн газар нь дэмжлэг муутай орон руу орж ирэх сонирхол багатай байдаг. Хоёрдугаарт Монгол улсын хувьд бол элэгний вирусын өвчлөл дэлхийд өндөрт ордог. Тэгсэн хэрнээ хүн амын хувьд харьцангуй багатай оронд тооцогддог. Тийм учраас Монгол Улсын С вирустэй өвчтнүүдийн вирусыг эмчлэгдсэнээр дэлхийн хэмжээнд загвар орон болох боломжтой. Энэ ч үүднээс тухайн компани манай улсыг сонирхож байгаа болов уу. Хэрвээ Монгол оронд энэ төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжээд  эхэлбэл буцаад тэр компанидаа ашигтай. Нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байна гэж бусад орнууд үзнэ. Гуравдугаарт энэ компанийн өөрийнх нэр хүнд дээшлэх  боломжтой учраас Монгол улсад ингэж хандаж байгаа юм. Дөрөвдүгээрт Монголчуудын төлөө нэг ч болтугай буян хийгээд хямдралтай үнээр үйлчилье гэсэн зүрх сэтгэл байна гэж харсан. Үүнийг нь манай ард түмэн эерэгээр хүлээж авч энэ шинжлэх ухааны ололт амжилтыг хүртэх хэрэгтэй. Бид нэг л  эмний тухай яриад байгаа юм шиг бодож  болохгүй. Энэний цаана маш олон шинжлэх ухааны бүтээгдэхүүнүүд шил дараалаад хүлээж байгаа. Бусад эмнүүдийг ч Монгол улсад яаралтай оруулахын төлөө Эрүүл мэндийн яам өөрсдөө хөөцөлдөх ёстой. Яагаад гэвэл нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь элэгний өвчлөл болоод байна. Нас баралтаа бууруулахын төлөө Эрүүл мэндийн яам ажиллах ёстой. Шинэ эм бүтээсэн тэр компаниудаас ичиж зоволгүй Монгол орондоо эмийг хямд үнээр оруулах талаас нь ярих ёстой. Бусад орны Засгийн газрууд очиж яриад байна. Хэлэлцээр хийгээд байна. Египетийн засгийн газар хэлэлцээр хийгээд үнээ бууруулаад одоо ашиглаад эхлэх гэж байна. Гэтэл Монголын засгийн газар хөдөлгөөнгүй, хөгшүүн байсаар энэ эмийг нь хүлээж авалгүй жил болчихдог ийм байдалтайгаар яамны ажил  явах ёсгүй л байгаа юм.

Энэ эмийг Монголд ямар компани нийлүүлэх вэ?

“Омбол” гэдэг компани албан ёсны дистрибютер.

Софосвэр эмийг Пег-Интерферон, Рибавирин гэсэн хоёр эмтэй хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй гэлээ. Энэ хоёр эмийн олдоц болоод үнийн хувьд ямар байдаг юм болоо?

Пег-Интерферон, Рибавирин хоёулаа олдоц хангалттай байгаа. Нэг биш компаниуд эдгээр эмүүдийг оруулж байна. Үнийн хувьд бол Рибавирин нь нилээн хямдхан. 200-300мянган төгрөгөөр нэг курс эмчилгээг нь хийх боломжтой. Сарын эмчилгээ нь 40-50 мянган төгрөг болов уу  гэж бодож байна. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Харин  Пег-Интерфероны хувьд асар үнэтэй. Нэг удаагийн тариа нь 300-400мянган төгрөг. Үнэ өндөртэйгээс гадна гаж нөлөө ихтэй тариа юм.

Энэ эмчилгээг хийж  эхэлснээр хэр хугацааны дараа Монгол улс С вирусгүй орон болох бол?

Манай улсын хувьд С вирусыг хурдан устгахад тийм ч амаргүй. Яагаад гэвэл нэгдүгээрт хүн бүр эмчилгээнд оръё гэхэд одоогоор хүн болгоныг хүлээж авах эмний нөөц алга байна. Түүнчлэн олон эмч нарыг вирусны эмчилгээгээр сургах ёстой. Тэгэж байж бид бүхэн хангалттай хүний нөөцийн чадавхитай болно. Энэ ажлыг Эрүүл мэндийн яамнаас бодлогоор дэмжиж хийх ёстой. Бидний урьд нь боловсруулж байсан хөтөлбөр байгаа. Тэр хөтөлбөр дээр юу тусгаж байсан бэ? гэхээр сум, өрхийн эмнэлэг болгонд нэг элэгний вирусын эмчилгээгээр дагнасан эмчийг богино хугацааны сургалтанд хамруулж бэлтгэе гэсэн. Үүнийгээ ч  Шийлэгдамба сайдад өргөн барьсан. Харин энэ хөтөлбөр маань одоо ямар шатанд явж байгааг нь мэдээгүй байна.

Та хөтөлбөр гэж ярилаа. Тэр хөтөлбөр маань яг ямар зүйлүүдээс бүрдсэн хөтөлбөр юм бэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Монгол улс хэдэн он гэхэд элэгнийхээ С вирусынхаа халдварыг хэдэн  хувиар бууруулах вэ? Шинэ халдварыг яаж бууруулах уу? Элэгний хорт хавдар, элэгний хатуурлыг хэдэн он гэхэд хэдэн хувиар бууруулах вэ? гэсэн зорилтуудыг байсан. Үүнд хүрэхийн тулд ямар зорилтуудыг биелүүлэх вэ? Юуны өмнө хүний нөөц болон оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах, түүний дараа эмчилгээний шинэ хэлбэрүүдийг Монгол улсад оруулах. Тэдгээр шинэ эмчилгээний арга техникүүдийг оруулах шаардлагатай эрх зүйн боломжуудыг нээж өгөх, ялангуяа  вирусын эмүүдийг гаалийн татвараас чөлөөлөх, вирусын эмчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүнээс гадна  вирусын зарим оношлогооны төрлүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэх мэтчилэн нарийн тодорхой зүйлүүд орсон байгаа. Тэрийг Шийлэгдамба сайдыг ажлаа авангуут нь  “Энэхүү хөтөлбөрийг маань  үргэлжлүүлээд яваачээ”  гэж өргөн барьсан юм. Дэлхийн улс орнууд С вирусыг  эсрэг үндэсний хөтөлбөрөө боловсруулаад, тэрхүү хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тухайлбал Египет, Өмнөд Солонгос хэрэгжүүлж байна. Зөвхөн Египет дээр жишээ дурдахад Египет орны хувьд төсвөөс мөнгө гаргаад АНУ-ын тусламжийг оруулаад улсынхаа хэмжээнд 29 элэгний С вирусын эмнэлэг байна. Түүнийгээ оношлогоотойгоо цогц байгуулсан. Монгол улсын хувьд энэ дээр онцгой анхаарах цаг  болсон. Энэ элэгний вирус өвчнийг засаг төр маань өөрөө тараагаад явчихсан. шприцний ариутгал хангалттай хийгддэггүй байсан 1960-90-д онд шприцний зүү тариураар эмнэлгүүдээр л голдуу тардаг байсан. Нэгэнт л одоо улс эх орон  шприцний шар гэдэг юмыг тараахад гол үүрэг гүйцэтгэсэн учраас буцаагаад улс өөрөө нэг ч болтугай юман дээр хариуцлага хүлээгээд энэ  тараасан вирусныхаа эмчилгээний тодорхой хэмжээний ачааг үүрэлцээд явбал их сайн.  100 хувь ард түмнээр хүнд ачааг үүрүүлнэ гэдэг нь бас тийм ч таатай зүйл биш. Гэхдээ Монголын ард түмэнд уриалаад хэлье. Энэ эм бол АНУ-д  байгаа үнээсээ бараг 100 дахин хямдарчихсан үнэ шүү. Тийм учраас одоо байгаа үнээр нь авсан ч гэсэн дэлхийд байж болох хамгийн бага үнэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэнээс хямдхан үнэ дэлхий дээр одоохондоо байхгүй.

Тэгэхээр энэ эмчилгээнд хамрагдахад ямар шалгуур  байгаа вэ?

Вирустай хүн болгон энэ эмчилгээнд хамрагдах боломжтой. Гэхдээ би эмч хүний хувьд зөвлөхөд элэгний үйл ажиллагаа нь ноцтой доройтоогүй хүмүүс жоохон хүлээхийг зөвлөж байна. Учир нь богино хугцааны дараа илүү үр дүнтэй эмчилгээний сонголтууд бий болно. Өнөөгийн нөхцөл байдалд эмийг худалдан авах чадвар ямар байна? Түүнээс гадна улсаас ямар нэгэн хөнгөлөлт байхгүй өнөөгийн нөхцөлд хүн болгон энэ эмчилгээнд хамрагдаж дийлэх үү үгүй юу гэдэг нь тодорхой биш байна. Зургаан сарын эмчилгээ нь 1800 доллар гэдэг чинь 6 сарын эмчилгээ нь бараг 3,500,000 төгрөг хавьцаа. Дээр нь тэр эмнийх нь нөөц ч тийм хангалттай биш байгаа. Жишээлэх юм бол Монголд байгаа бүх С вирустэй хүн энэ эмчилгээнд хамрагдъя гэвэл нөөц нь хүрэхгүй. Тийм ч учраас энэ эмчилгээнд хамрагдах улсуудаа эрэмбэ дараалал тогтоогоод өнөө маргаашгүй эмчилгээнд хамрагдах шаардлагатай, өвчнийх нь явц хүндэрсэн элэгний үйл ажиллагаа доголдоод эхэлсэн хүмүүсээ нэгдүгээрт тавиад харьцангуй элэгний үйл ажиллагаа хэвийн байгаа хүмүүсээ бас нэг арай хойш нь тавиад явах нь арай зүйтэй. Ёс зүйн хувьд ч тэр. Үүнийг Эрүүл мэндийн яам эрэмбэ дарааллыг нь тогтоогоод, эмчилгээнд яг хэдэн хүн хамрагдах тоог нь гаргаад, энэ ажлыг барьж авч хийх байх гэж найдаж байна. Ер нь дараа дараагийн эм Монгол улсад бүртгэгдэх эрх зүйн боломжийг шинээр тавилаа. Эрүүл мэнд спортын Сайд Шийлэгдамба нэг том хаалга нээж өглөө. Эм бүртгэлийн журамд ч томоохон өөрчлөлт оруулсан. Урьд нь бол орчин үеийн шинэ эм бүртгүүлсэн газраа дор хаяж 3 жил хэрэглэгдсэн байх ёстой гэдэг заалт Монгол улсад шинэ эм шуурхай орж ирэхэд маш том саад бэрхшээл болж байсан. Энэ журманд өөрчлөлт оруулснаар Монгол улсад АНУ-д бүртгэгдсэн эмүүд маш хурдан орж ирэх боломж бүрдлээ. Үүнд Монголын ард түмэн, миний бие элэг судлаачид,  эмч нар ч гэсэн Шийлэгдамба сайдад баярлаж талархаж байгаа байх. Цаашдын ажилд нь бас амжилт хүсье. Ийм оновчтой зөв шийдвэрүүдийг олон гаргаарай гэж хүсмээр байна.

Ярилцсанд баярлалаа    

Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.