Монголын Угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, соёл урлаг судлаач Д.Ганпүрэвтэй уулзаж, ярилцлаа. Уншигчид маань түүнийг “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулсан, Герман улсын пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг уран бүтээлийн шагнал, АНУ-ын Манннхаттан мужийн XIII Хамптоны олон улсын кино наадмын “ARTEMIS RECORDS ORIGINAL MOVIE SCORE AWARD” шагнал, 2010 оны Үндэсний хөгжмийн урлагт шинэ стиль, жанр оруулж ирсэн номинациар бүх урлагийн тэргүүн дээд “Гоо марал” шагнал хүртсэн гэдгээр нь андахгүй. Ингээд олныг нуршилгүйгээр түүнтэй уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг зорьж ирсэн шалтгаан маань маш энгийн. Өөрөөр хэлбэл, та бид хоёрын ч ярилцах сэдэв тодорхой. Та эртний нүүдэлчдийн археологийн хөгжмийн зэмсгийг судлаж, дахин нутагшуулсан цорын ганц эрхэм. Зөвхөн эл хүрээнд л ярилцахыг минь зөвшөөрнө биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, би 2010 оноос Монгол угсаатны хөгжмийн товчооний тэргүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эртний дуу хуур, хөгжмийг гаргаж ирэх тал дээр нэлээн ажиллалаа. Нөгөөтэйгүүр их ч зүтгэлээ. Үүнийхээ үр дүнд өнгөрсөн 2014 онд 1400 жилийн өмнөх Алтай ятгыг нутагшуулан гаргаж ирсэн. Энэ бол аль ч талаас нь харсан гайхамшиг гэж бодож байна. Археологийн олдвор талаасаа ч тэр Алтай ятга нь эртний нүүдэлчдийн хөгжмийн зэвсэг яах аргагүй мөн юм.
-Бас Аху ятгыг олж илрүүлсэн байх аа?
-Тийм ээ. Аху ятга бол зөвхөн хааны ордонд тоглогддог, дээдсийн хөгжмийн зэмсэг. Үүнийг бас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард илрүүлж, гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, бид хятад биш Монгол хүн монгол хөгжмөө тоглодог байх ёстой. Тэр уламжлал тасарсан ч гэсэн эрж хайх ёстой. Энэ ч үүднээс эртний хоёр ятгыг гаргаж ирлээ. Гэхдээ энэ удаа Алтай ятгыг түлхүү ярихыг хүсч байна.
-Тэгэлгүй яах вэ, ингэхэд Алтай ятгыг яг хаанаас олж илрүүлсэн юм бэ?
-Бид Алтай ятгыг 2008 оны зургаадугаар сарын 25-нд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны булшнаас олж илрүүлсэн. Дайчин баатрын бунханд толгой дээр нь тахиж оршуулсан байдалтай олдсон. Хадны булш гэдэг нь маш нарийн том соёл байдаг. Эдүгээ 1400 жил болоход ямар ч чийг, үерт автаагүй байсан. Өөрөөр хэлбэл, тэртээ XIII зуны үед Их Монгол Улсыг байгуулж байх үеийн дайны, морин туурай талхлагдаагүй гарч ирсэн том хөгжмийн зэмсэг.
-Алтай ятга нь таван чавхдастай, модоор хийсэн атлаа огт өмхөрч унаагүй байсан гэх юм билээ?
-Тийм ээ, үнэн. Модоор хийсэн зэмсэг бол цагийн эрхэнд өмхөрч унадаг. Гэтэл Алтай ятга тэгээгүй. Агаарын солбилцол хийгээд тухайн хадны булш түүнийг 1400 жил хадгалж ирсэн байсан. Нүүрэн дээрх тэвх нь хүртэл наалттай байсан гээд бод доо. Алтай ятга нь өөрөө эртний нүүдэлчдийн хөгжлийг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, эртний нүүдэлчид сэлэм эргүүлж, газар нутгийнхаа төлөө байлдаж ирсэн ч өв соёлоо тээж ирсэн байна. Дуу хууртай, өөрийн гэсэн ёс заншилтай ард түмэн байсан гэдгийг хэлж өгч байна л даа. Алтай ятга маань таван чавхдастай. Зөвхөн үүнээс харахад л соёлынхоо хувьд маш их, том үнэт мэдээллийг бидэнд өгч байна.
Түүнчлэн хөгжим нь өөрөө сүг зургийн аргаар сийлж гаргасан. Ард талдаа анчны үйл явдлыг харуулсан, гурван цаг үед бичигдсэн байх магадлалтай энэ нь өв уламжилсан байх гэж байгаа юм. Энэ зэмсэг өөрөө маш том нууцлалыг бидэнд авч ирж өглөө. Улмаар би Алтай ятгыг 2010 оноос дахин нутагшуулж эхэлсэн. Энэхүү хүрээндээ өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд том хэмжээний ёслол хийж байсан. Аливаа улсын үнэ цэнэ нь соёл байдаг. Энэ соёлыг хамгийн бодитойгоор баталж өгдөг, олонд харуулж чаддаг зүйл бол археологи юм. Манай улсын хэмжээнд археологийн олдвороор баталгаажсан ганц зэмсэг бол аман хуур. Хэрэв санаж байгаа бол тухайн үед аман хуур Ноён уулын булшнаас олдож байсан шүү дээ. Харин дараагийнх нь Алтай ятга болж байна. Үүнээс үзэхэд эртний нүүдэлчид ятга тоголдог байсан нь батлагдаж байгаа юм. Гэхдээ үүнийг улсын хэмжээнд ач холбогдол өгч, авч үзэх ёстой.
-Улсын хэмжээнд ач холбогдол өгч, авч үзэх ёстой гэдэг тань юу гэсэн үг вэ. Манайхан археологийн олдвороо тоодоггүй гэсэн үг үү?
-Өөрөөр хэлбэл, манай улс археологийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн төв гэгддэг Монголын газар нутгаас урд хөршөөс өмнөх үеийн зэмсэг гарч ирэх аваас маш том дархлаа болно.
-Хэрэв таныхаар гаргаж ирж чадахгүй бол яана гэсэн үг вэ?
-Бүх зүйлийг Хятадынх гэх л байх даа. Тиймээс Археологийн хүрээлэнгийн бүхий л үйл ажиллагааг улс орон нь дэмжин, түүгээр дамжуулж мартаж, орхигдсон соёлоо мэддэг, таньдаг, олж болдог, чаддаг байх хэрэгтэй. Үүнийгээ бид маш сайн ойлгох ёстой. Гэтэл дэлхийн бусад оронд археологи нь маш сайн хөгжсөн байдаг. Дэлхий нийтээрээ сүлжээ маягаар хамтарч ажилладаг.
-Манайхны хувьд?
-Яах вэ, манай улсын хэд хэдэн эрдэмтэн хамтарч ажилладаг. Зарим нь мэргэжил дээшлүүлж байна. Үнэндээ би үнэхээр археологи, түүний үнэ цэнийн талаар хэдэн зүйл хэлэхийг хүч байна. Болно биз дээ.
-Тэг л дээ?
-Археологийн хүрээлэн бол нүүдэлчин соёлыг маань баталж өгөх цор ганц байгууллага. Энэхүү байгууллагаар дамжуулж эртнийхээ соёлыг олон түмэнд таниулна. Тиймээс эл байгууллагыг энэ чигээр нь байлгах хэрэгтэй. Одоогийн байдлаар Засгийн газар солигдлоо. Бүхэл бүтэн соёлын яамыг боловсролын яамд аваачиж зүгээр л нэг хэлтсийн хэмжээнд аваачих нь өрөөсгөл юм. Үүнээс үүдэж олон улс дахь бидний үйл ажиллагаанд доголдол гарч эхэлнэ.
-Яг ямар доголдол гарна гэж вэ?
-Наад зах нь холбоо сүлжээ багасна. Хэчнээн олон төсөл хаагдана гэж бодож байна. Чи бод л доо.
-Юуг тэр вэ?
-Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал өөр байгууллагын хавсрага болчихсон байвал хэн гэрээ, хэлцэл хийх юм бэ. Бид өөрөө өөрсдийнхөө соёлын эсрэг маш том гэмт хэрэг хийж байгаагаас өөрцгүй. Гэтэл Германд 1270-аад оны ресторон одоог хэр нь бий. Анх байсан тэр газартаа өнөөг хэр нь байж л байдаг. Аливаа юм нэг газраа удаан байх тусам үнэ цэнэтэй болдог. Ийн атал манайх улсын хэмжээнд байх ёстой чухал байгууллагаа ийш тийшээ болгох, ямар нэгэн байгууллагын хавсрага болгосноороо цаад хамтын ажиллагааг давхар устгаж байгаа хэрэг юм.
Наад зах нь олон улсын байгууллагын хоорондох итгэлцэл гэж байх ёстой. Тэр итгэлцэл нь байхгүй болно. Бид өөрсдөө л ийм алхам хийгээд байна л даа. Энэ тал дээр буюу эртний хөгжим судал талаасаа манай Монгол угсаатны хөгжмийн товчоо их ажил хийж байгаа. Археологийн хүрээлэн байнга үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсынхаа хөрсөн доороос тухайн цаг үеийг хамарсан ямар ч олдворуудыг гаргаад ирэх юм бол түүн шиг гайхалтай үнэ цэнэтэй зүйл гэж хаана байна. Гэтэл ийм том чухал ач холбогдолтой хүрээлэнг хавсарга болгох, үйл ажиллагаанд нь ямар нэг сөрөг үйлдэл үзүүлэх бодлого гаргаад ирэх вий гэж эмзэглэх юм даа.