Comment.mn

Тэднийг нэг хоногийн хүйтнээс нохойн толгой авардаг

Баян, ядуугийн зай улам алсарсаар байна. Тансаглагчид утаанаас дайжин ой модтой, уулын ар өвөрт юунд ч санаа зовохгүй жаргаж суух болсон. Гэтэл мөнгө төгрөгөөр гачигдан ядуурч буй айл өрх, иргэд хоногийн хоол, түлэх түлээгүйдээн аргаа барж, өвлийн хүйтэн өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөх боллоо. Дээгүүр суудалтай эрхмүүд хотын захын гэр хорооллоор орж, эдийн засгийн хямралд өртөн ядуурч буй айл өрх, иргэдээ харж хандан, өөд татах цаг ирчихээд байна. Халаас нь хоосорсон иргэд хоосон ходоодондоо юухан хээхэн хаяж, амьд явахын тулд аргаа барж, ягтаа тулж байна. Гэр хорооллын дэлгүүр мухлагаар ороход ширхгээр төмс, граммаар будаа, нохойд өгөх зориулалт бүхий өвдөл цөвдөл авахын тулд иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримтаа барьцаалан зээлээр идэх юм авах нь олширчээ. Иргэний үнэмлэх, бичиг баримтаа дэлгүүрт барьцаанд тавьчихаад эргэж түүнээ авахгүй таг чиг болдгоос харахад ирэх өдөр хоногийг тэд хэрхэн яаж өнгөрөөхөд эргэлзээ төрнө. Хоол ундаар гачигдаж буй ядууст хоёр дахь гачлан хахир өвлийн хүйтэн. Монголчууд “Дулаан явах мянган лан” хэмээн хэлэлцдэг. Малын хэвтэр дулаан бол өвлийг өнтэй давахад үр өгөөжөө өгдөг. Түлэх түлшгүй зарим айл өрх нохойн нэг толгой түлж өвлийн урт шөнийг хөлдчихгүй шиг амьд өнгөрөөж байна гэвэл хэрийн хүн үнэмшихгүй. Олдсон бүхнээ түлж амь зогоодог тэдэнд хорт утааны тухай ярихын ч хэрэггүй. Гэр хорооллын ядарч зүдэрч буй иргэдийн дунд ийм эмгэнэлтэй гэхүйц амьдралтай хүмүүс бий болж буйг төр засгийн алдаатай бодлогын золиос гэхээс өөрөөр тайлах аргагүй. Өгөөж баян, өргөн уудам газар нутагтай, өсч үржсээр50 гаруй сая малтай болсон Монголын гурван сая хүрэхгүй иргэнийг нохойн толгой түлж, өвдөл цөвдөл олж идэж чадахгүй болтол ядуурууллаа шүү гэдгийг дээш тэнгэрт бус дээд төвшнийхөнд хандан хэлэхээс өөр арга, үг алга. Тэнгэр хол, газар хатуу ч хайртай эх орондоо тэд хүний ёсоор ажиллаж, амьдрах, амьд явах эрхтэй билээ. Эрхээ эдлэх бололцоо нөхцөлийг төр, засаг бүрдүүлж өгөхгүй байгаагаас ядуурал газар авсаар буйн бодит жишээ энэ.

Н.Бөхдамбий

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.