Өмнөд Америкийн Аргентин, Болив, Чили улсын нутагт хоёр долоо хоног үргэлжилсэн “Дакар ралли-2015” уралдаанд манай тамирчид амжилттай оролцож эх орондоо ирлээ. Авто болон мото спортын тамирчдын олимп болсон уг уралдааны автомашины ангилалд Монголын баг анх удаа оролцсон юм. Эх орныхоо нэрийг дуурсгаж Аргентины тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулсан тамирчдыг гэр бүлийнхэн, найз нөхөд болон багийн хамт олон нь угтав. Тэднийг дөнгөж эх орондоо ирээд байхад нь уулзаж наадмын сэтгэгдэл цаашдын зорилгынх нь талаар сонслоо. “Дакар рали-2015” уралдаанд 9000 километр замыг туулж барианд амжилттай орсон Олон улсын хэмжээний мастер Н.Лхамаатай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр энэхүү уралдаанд мото спортын төрлөөр оролцож байсан туршлагатай тамирчин юм.
-Авто спортын олимп болсон олон улсын наадамд амжилттай оролцсонд баяр хүргэе. Оролцсон уралдааныхаа амжилтаас манай уншигчидтай хуваалцаач?
-Энэ жилийн уралдаанд манай улсын багийн бүрэлдэхүүнд нийт зургаан хүн багтсан. Авто төрөлд гурван машин уралдсанаас нэг нь барианд орсон. Дакар раллийн замд 137 машин уралдсанаас 67 нь барианд орсон. Төрийн дууллаа монгол бичгээр бичиж, сүл дээр гангарсан спортын мастер Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нараа барианд орсонд нь бахархаж байна. Манай баг авто төрлийн ангилалдаа тав, нийлбэр дүн гээрээ 62 дугаар байр эзэлсэн.
-Та уг уралдаанд мото спортын төрлөөр оролцож байсан. Энэ жил автомашины төрөлд хүч үзлээ. Уралдааны зам амаргүй байв уу?
-Би хоёр ч удаа Дакарын мото спортын төрөлд уралдсан. Харин Дакарын замд автомашинаар уралдах амаргүй байлаа. Энэ төрөлд уралдсан гэдэгтээ одоо ч итгэхгүй байна. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна.
-Авто уралдаан бол багийн спорт. Иймд багийн тактиктай л оролцсон биз дээ?
-Энэ уралдаанд спортын мастер Ө.Бямбацогт, Д.Жаргалсайхан нар багаа барианд оруулах зорилготой урагш түлхэж уралдсан.
-Ирэх жилийн уралдаанд оролцох уу?
-Оролцох эсэхээ ивээн тэтгэгчидтэйгээ ярилцаж байгаад шийднэ. Ө.Бямбацогт: Монголын автомашин хамгийн загварлаг байсан Дакар ралли уралдаанд багаа барианд ороход чухал үүрэг гүйцэтгэсэн спортын мастер Ө.Бямбацогттой ярилцлаа. Тэрбээр өмнө нь олон улсын автомашины уралдаанд механикчаар оролцож байсан ба энэ жилийн уралдаанд чиглүүлэгч жолоочийн үүрэгтэй уралджээ.
-“Дакар ралли-2015” уралдаанд оролцоно гэдэг авто спортоор хичээллэгсдийн хувьд нэр хүндийн илрэл болдог. Энэ утгаараа уралдаанд оролцохдоо хэр их догдолж байв?
-Тэмцээнд оролцохдоо сэтгэл догдолж байсан.
-Энэ жилийн уралдаанд чиглүүлэгч жолоочоор оролцлоо. Ер нь чиглүүлэгч жолоочийн үүрэг, хариуцлага их үү?
-Автомашины уралдаанд чиглүүлэгч жолооч гол үүргийг гүйцэтгэдэг. Чиг-лүүлэгч жолооч уралдааны замд хаана бартаа, саад буйг газрын зургаас харж жолоочид урьдчилан мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
-Уралдаанд багийн ажиллагаа чухал. Та багаа барианд оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн?
-Уралдааны тактикийг багаар боловсруулдаг. Тэмцээний үеэр богино хугацаанд ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Ер нь бол багаараа нэг хүн шиг сэтгэж, хүч чадлаа дайчилж уралдахыг шаарддаг.
-Монголын баг машинаа төрийн сүлд, дууллаараа чимсэн нь бусад орны тамирчдаас онцгой байсан болов уу?
-Бид машинаа монгол бичгээр бичсэн төрийн дуулал, сүлдээр чимсэн нь бусдын анхаарлыг татсан. Гадаадын жолооч нар хараад“Загварлаг болжээ” гэсэн. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг олон улсад гайхуулъя, бахархъя гэж бодож автомашинаа ийнхүү гоёсон юм.
-Та бүхэн Унгар улсын баг тамирчидтай хамтарч оролцсон. Хамтарч оролцох саналыг аль нь түрүүлж гаргасан бэ?
-“Дакар ралли” бол дэлхийн хамгийн нэр хүндтэй авто уралдаан. Энэ уралдаанд Азийн баг тамирчид цөөн оролцдог. Биднийг энэ уралдаанд унгарын багтай хамтарч оролцох суурийг олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа тавьсан. Тэрбээр өнгөрсөн жилийн “Дакар ралли”-д мото ангиллаар өрсөлдсөн юм. Уг уралдааны үеэр Н.Лхамаа маань Унгарын багийн Шондар Себьястантай танилцсан юм билээ. Энэ хүн өнгөрсөн долдугаар сард Монголд ирж бидэнтэй уулзахдаа “Дакар ралли-2015” уралдаанд оролцох санал тавьсан.
-Өмнөд Америкийн цаг уурын орчин манайхаас ондоо. Эдгээр өдрүүдэд бие, сэтгэл зүйн хувьд дасан зохицоход амаргүй байв уу?
-Уралдааны өмнө бид техникийн болон сэтгэл зүйн бэлтгэл сайн хийсэн. Тамирчин хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: www.unen.mn