Comment.mn

Ерөнхийлөгч, төрийн түшээдэд ноён уулаа хамгаалах шаардлага хүргүүлэв

Ерөнхийлөгч, төрийн түшээдэд ноён уулаа хамгаалах шаардлага хүргүүлэв

“Ноён уулаа аварцгаая хөдөлгөөн “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ “Ноён уулаа аваръя жагсаалыг төв талбайд өчигдөр зохион байгууллаа. Хүйтний эрчийг үл ажран “ Бид Ноён уулыг гадныхнаар ухуулж, сүйтгүүлэхгүй эртний ховор олдворыг хадгалан хамгаалах үүрэгтэй. Тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэсэн иргэд сурвалжлага хийх явцад олон таарав. Тэд “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”, Ус үгүй болох гэж байж алтаар яах юм. Улс үгүй болох гэж байж амиар яах юм” “Их эзэн Чингисээс өвлүүлэн үлдээсэн эх орон газар шороогоо хамгаалцгаая”, “Газрын доорхи баялгийг гадныханд өгвөл өчиг үгүй цаазлуулсугай”, “Гачууртын алтыг хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе” гэх уриа бүхий лоозон барьжээ. Ноён уул нь Хэнтий нурууны томоохон салбар уулсын нэг бөгөөд нийт 650 м2 талбайг эзэлдэг. Тус ууланд Сүжигт, Зурамт, Гацуурт, Билэгт, Зуун мод, Булагтай зэрэг 20 орчим ам байдаг байна. Үүнээс Сүжигт, Зурамт, Хужирт гэх гурван аманд Хүннүгийн үеийн хаад ноёдын 230 булш байдаг аж.

Мөн Оросын археологчдын судалгаагаар хийсэн амьтны дүрстэй урлагийн бүтээлүүд, нэхмэл дээл хувцас, сүйх тэрэг зэрэг үнэт олдворууд илэрсэн байна. Ноён уулыг Сэлэнгэ аймаг болон Мандал сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын үндэсний өвийн урьдчилсан жагсаалтад эртний ховор олдворуудыг албан ёсоор нэр дэвшүүлсэн гэнэ. Ноён уул нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд багтаж байгаа. Энэ мэтчилэн Ноён уулыг хамгаалсан олон хууль тогтоол байсаар байтал УИХ-ын гишүүд Гацууртын алтны ордыг стратегийн орд болгож, “Сентерра гоулд” ХХК иар олборуулна” хэмээн зүтгэж байгаа нь эх оронч сэтгэлгүйн илрэл гэж иргэд шүүмжилж байв.

Энэ үеэр “Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс зарим зүйлийг тодруулсан юм.

– Өнөөдрийн жагсаалын гол зорилго нь юу бэ?

-Бид лоббид өртсөн төрийн түшээдэд Ноён уулаа хамгаалах шаардлага хүргүүлж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын 2005 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Ноён уул орчмын 31500 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэтэл Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд болгож, эдийн засгаа сэхээнэ гэх юм. УИХ-ын гишүүд дээрх асуудлын эсрэг кноп дарвал тэдэнтэй хатуу хариуцлага тооцно гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Уух үсгүй, мод агааргүй бол бид амьдарч чадахгүй үхнэ шүү дээ. Тэр үнэтэй усыг бид гаднаас авчирч ууж чадахгүй. Тиймээс бид үр хойчдоо байгалиа бүрэн бүтэн үлдээхийн тулд хатуу тэмцэхээс өөр ямар ч арга алга.

 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлнэ гэсэн үү?

-Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентерра гоулд” ХХК- ийн Гачууртын алтны ордыг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс гаргаж, стратегийн орд болгон хууль зөрчихийг таслан зогсоох, Ноён уул орчмын Хүннүгийн үеийн хаад ноёдын бунхан болон чулуун зэвсгийн үеийн үнэт олдворыг Төрийн хамгаалалтад авах зэрэг шаардлагыг хүргүүлж байна.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ. Хэрэв хүлээж авахгүй бол цаашид яах бодолтой байна?

-Хоног заагаагүй.УИХ-аар хэлэлцээд “Сентерра гоулд” ХХК- ийн талд шийдвэр гарвал шуурхай бөгөөд тэмцлийн хэлбэрт шилжинэ. Ноён уулаа худалдах гээд кноп дарж байгаа зөвшөөрсөн гэсэн хүмүүсийн нэрс хэний ч өмнө ил тод болно шүү. Өнөөдөр “Сентерра гоулд” гэдэг нэрээр Бороо гоулд Гацууртын ордны 67 тонн алтыг 75 тэрбум ам.доллараар худалдсан байж болзошгүй байна шүү. Тиймээс шийдвэр гаргахаар жүжиглэж байгаа хүмүүс ичээсэй л гэж бодож байна.

С.ИЧИНХОРЛОО

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.