Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалт зарлаж, Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консерциумыг тодорхой журам, шалгуурын дагуу тодруулсан билээ. Тэгвэл Монгол, Япон болон Хятадын хамтарсан компанийн төлөөлөгчид өчигдөр хоёрдахь удаагаа хуралдсан юм. Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Хэлэлцээрийн хүрээнд ямар гэрээ хийхээр тохиролцсон бэ?
Тавантолгой төслийн гэрээний хамрах хүрээ нэлээд том. Хөрөнгө оруулагч талууд Засгийн газартай хийх гэрээний асуудлаа шийдсэн. Энэ нь нэлээд том алхам гэж хэлж болно. Гэрээний дагуу зохицуулах асуудалд өнөөд рийн /өчигдөр/ хоёрдахь том хэлэлцээр шийдэл гаргах чухал ач холбогдолтой. Зөвхөн уул уурхайг ашиглах, олборлох төсөл биш. Нэлээд өргөн цар хүрээтэй нэмүү өртөг шингээх, төмөр зам дээр хэрэгжиж буй бусад төсөл, концессийн, хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна Эдгээр үндсэн гэрээ нь хуулийн бодлогод нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагыг хэрхэн хангах, нөгөөтэйгүүр олон улсын төв шинд хүрсэн гэрээ байгуулах зэ рэг олон шалгуурыг хангасан байх ёстой. Дээрх үндсэн гэрээний дагуу 80 асуудлыг хэлэлцэж байна. Одоохондоо энэ 80 гаруй асуудлаас төдийг нь шийдлээ гэхэд эрт байна.
-Хөрөнгө оруулалт, концессийн гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан гэсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын зүгээс нэлээд олон шаардлага тавьсан. Гол нь энэ төсөл тогтвортой, амжилттай хэрэгжүүлэхэд нийцсэн байх нь хамгийн чухал гэсэн шаардлага тавьж байна. Нөгөө талаас дээрх гэрээнүүд салбар олон жижиг гэрээг бий болгоно. Эдгээр нь хоорондоо шууд холбогдсон байх хэрэгтэй. Түүнээс хугацаа бол чухал биш. Бие биенээсээ харилцан хамааралтай байгаа асуудлыг харгалзан үзэх нь чухал. Дараагийн нэг чухал тавьж буй шаардлага бол банкны барьцааны шаардлага хангасан бичиг баримт. Яагаад гэвэл олон улсын төвшинд ярьж буй том төсөл учраас олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжинэ. Тийм учраас банкны шаардлагыг хангасан баримт бичгийг хөрөнгө оруулагчид дундаасаа гаргах шаардлагатай. Энэ нь бидний хамтын зорилго. Хөрөнгө оруулагч болон Засгийн газар өөр өөрсдийнхөө байр суур, эрх ашгийг тэнцвэржүүлж хамгаалсан бичиг баримт гаргах ёстой. Бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим баримталж тохиролцсон. Мөн харилцан ашигтай ажиллах стратеги баримталж ажиллана. Энэ нь эрх ашгийн тэнцвэрийг ханга хаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаа зовсон бүх асуудлаа ярьдаг, бүтээлч хандах, нээлттэй ажиллах зарчмуудыг дотроо агуулсан. Тийм болохоор энэ хэлбэрээр бид ажиллаж байна. Цаашид ч ажиллах болно.
-Гэрээ байгуулснаар эдийн засгийн хувь ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын намын бүлгүүддэд энэ гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл хийсэн. Үүнд эдийн засгийн ач холбогдлыг нэлээд тусгаж өгсөн. 30 жилийн хугацаатай уг төсөл амжилттай болбол хамгийн багаар тооцоход Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардал, хөрөнгө мөнгөний үзүүлэлтээс хамааран хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Үүнээс үзэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл. Хамгийн гол нь хэлэлцээр дээр маш олон эмзэг асуудал бий. Энэ тал дээр тохиролцоход дараа дараагийн хэлэлцээр онцгой үүрэгтэй
-Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа ямар хэлбэрээр оруулж ирэх вэ. Тухайлбал, үйл ажиллагааны менежмент эсвэл орлогоо барьцаалах уу?
-Төсөлд оролцож буй компаниуд хөрөнгө оруулалтын 30 хувиа өөрийн хөрөнгөөр үлдсэн 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгох замаар олно. Энэ дотор хөрөнгө оруулалт гэж ярьдаг опекс буюу үйл ажиллагааны зардал тал дээр “Сүмитомо” нэлээд ихээхэн хэмжээний мөнгө босгохоор болсон. Яагаад гэвэл гол борлуулалтаа хариуцаж байгаа учраас. Магадгүй энэ төслийн 20- 30 хувийг “Сүмитомо” худалдаж авах байдал үүсэх байх. Гэрээ амжилттай хэрэгжиж гарын үсэг зурах дээрээ тулбал консерциум дотроо гэрээ байгуулах нөхцөл үүснэ. Ингэснээр цаг хугацааны нэгдмэл байдал бий болно.
-Хөрөнгө оруулалтын 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас босгоно гэнэ. Гэтэл Оюутолгой дэлхийн арав гаруй банкинд “хавх” тавьсан. Зарим эдийн засагчид Оюутолгой явахгүйгээр Тавантолгой хөдлөхгүй гэж ярьж байна. Энэ тал дээр хэрхэн зохицуулалт хийх вэ?
-Тавантолгой төсөлд анхнаасаа хөрөнгө оруулалтынхаа 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас босгоно гэж төлөвлөсөн. Тийм учраас бидний хийх бичиг баримт банкны шаарлага хангасан байх ёстой. Өөр бусад төсөлтэй хольж, хутгах шаардлага байхгүй. Банкууд хаана ашигтай, зөв төсөл байна түүнийг санхүүжүүлэхэд бэлэн байдаг.
-“Шинхуа Энержи” компани ямар ямар томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж байсан вэ. Мөн “Сүмитомо”-г хэлэлцээрт оруулахгүй байна гэсэн яриа гарах болсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Дээрх хоёр компани Засгийн газраас зарласан уралдаант шалгуураас шалгарсан хөрөнгө оруулагчид. Энэ тал дээр тууштай хэлэлцээр хийж үр дүнг нь үзнэ. “Шинхуа Энержи”, “Сүмитомо” хоёр хэлэлцээрийн бүх шатанд оролцож байгаа. Харин “Сүмитомо”-гийн үүрэг борлуулалт дээр илүү байгааг үгүйсгэхгүй. Учир нь хөрөнгө оруулалт тал дээр банк санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгө босгоход ихээхэн үүрэгтэй оролцож байна.
-Хэлэлцээрийн үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?
-Хэлэлцээрийн хүндрэл, бэрх- шээлтэй нь тоолоод 100 хувь гэж үзье. Тэвэл хэлэлцээрийн үйл явц 50 хувьтай байна.