“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ, урлаг, соёлын зарим гавьяатууд, 10 аймгийг төлөөлөн ирсэн малчид урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах шаардлагыг Засгийн газрын тэргүүнд хүргэхээр уулзах санал тавьсан ч хүлээн аваагүй учир өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийв. “Алт” хөтөлбөр эхэлснээс хойш усны тооллогын дүнгээр 2003 онд 713 гол горхи, 780 нуур тойром, 2007 онд 831 гол горхи, 1163 нуур тойром ширгэсэн бөгөөд 2009 онд урт нэртэй хууль батлагдсанаар гол мөрний урсац, усны сан, ойн сан бүхий газруудыг хамгаалалтад авч, уул, уурхайн компаниудын олборлолтыг түр зогсоосны үр дүнд 2011 оны усны тооллогоор ширгэсэн гол горхи 551, нуур тойром 483 болон буурсан байна. Гэтэл 2013 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь арайхийн нөхөн сэргээгдэж буй гол горхи, нуур тойрмуудын амийг нэгмөсөн таслахаас гадна цаашид ундны цэвэр усны хүрэлцээнд заналхийлж буй хэрэг тул эргүүлэн татахыг шаардан, шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хамтарсан тэмцэлд шилжихээ мэдэгдлээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд ойролцоо булаг шанд, гол горхи ширгэсэн учир өвөлдөө ачааны машинаар мөс ачин кг-ыг нь 30 төгрөгөөр, зундаа ёмкостой машинаар зөөвөрлөн литрийг нь таван төгрөгөөр, дунджаар литр усыг 18 төгрөгөөр худалдан авч ундандаа хэрэглэдэг аж. 270 өрхтэй энэ сум сүүлийн 14 жилийн туршид ундны усны хүрэлцээ муудсанаар 1.4 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан байна. Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хувьд ашиглалт, хайгуулын 49 лицензтэй байгууллага ажлаа эхлэхээр зэхэж байгаа бөгөөд “Саусгоби сэндс”, “Чинхуа мак”, “Өсөх зоос” зэрэг гурван компани үйл ажиллагаагаа явуулахад 13 гол горхи ширгэж, худгийн усны түвшин эрс багассан ажээ. “Нэгэнт үйл ажиллагаагаа эхлүүлэн олборлолтоо хийж байгааг нь зогсоож чадахгүй нь тодорхой. Цаана нь эксковаротынхоо шанагыг буулгачихаад хүлээж байгаа 40 гаруй хайгуул, олборлолтын компанийн зөвшөөрлийг цуцлуулахын төлөө сумын иргэд санаа нэгдэж байна” хэмээн тус сумын малчин А.Ариунаа хэлж байлаа. Тус хөдөлгөөнийхөн “Уул уурхайг хөгжүүлэхэд бид саад хийх гэсэнгүй зөвхөн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө шаардлагаа төр засгийн удирдлагуудад хүргүүлж байна. Дээрх шаардлагын хариуг долоо хоногийн дотор авна” хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж : unen.mn