Comment.mn

Ц.Оюунгэрэл “Сентерра гоульд”-ад худалдагдав уу

Нэгэнтээ хэдэн хэлхээтэй ясыг үндэсий өв соёл хэмээн мунхаглаж байсан Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл түүхийн үнэт өв, соёлын дурсгалт газар бүхий Ноён уулыг ухаж сэндийлэх тухай байр сууриа илэрхийлсэн нь олны гайхширлыг барлаа. Тэрээр “Гацууртын ордыг ашиглахад соёлын өв хөндөгдөөд байх юм алга. Тэр хэсэгтээ малтлага хийж, олборлолт явуулах юм байна. Цаашаа бусад ам хөндөгдөхгүй” хэмээжээ.

 

Сая өнгөрсөн амралтын өдрүүдэд С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын гишүүд Ноён уул, түүний бүс нутагт очиж танилцажээ. Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн энэ багтай хамт яваагүй байж араас нь давхин очиж тус газартай танилцаад дээрх байр суурийг илэрхийлсэн байх юм. Ийнхүү Ноён уултай танилцсан гишүүдийн баг хөдлөхөд Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгийн хамт үлдэж, “Сентерра гоульд” –ын урилгын дагуу үдийн зоог барьжээ. Тиймээс хотод ирсэн даруй байр сууриа илэрхийлсэн нь өөрийн эрхгүй хардахад хүргэнэ. Ямар ч байсан энэ бүгдээс дүгнэж үзвэл Ц.Оюунгэрэл “Сентерра гоульд”-ад худалдагдсан байж болох талтай. Нөгөө талаар Ноён уулын бүс нутаг, тэндэх үйл ажиллагаатай танилцсан багийнхан Ц.Оюунгэрэлийг багтаа багтаагаагүй шүү дээ. Гэтэл араас нь давхин очиж, “Сентерра гоульд”-ийн урилгаар зоог барьчихаад, ирүүтээ УИХ-ын гишүүдийн эсрэг байр суурийг илэрхийлсэн болохоор хардахаас өөр яахав.

 

“Сентерра гоульд” гэхээр монголчууд бид андахгүй сайн мэднэ. Өнөөх гүрэн дамжсан том луйварчин компани шүү дээ. Тодруулбал, манай Бороогийн алтыг цөлөмчихөөд олон он дамжсан маргаан дэгдээж байв даа. Энэ маргаан өнөөдөр ч эцэслэн шийдэгдсэн зүйл биш. Өмнө нь цөлмүүлсэн байж хаширалгүй дахин ийм гүрэн дамжсан луйварчдад найр тавьж байгаа нь цаанаа улстөрийн олигархи бүлэглэлийн нэгэн том тохироо байхыг үгүйсгэх арга алга. Тиймээс тэдгээрийн гар хөлийн үзүүрт тохироо хийж яваа хүн нь соёлын салбарыг удирдаж байсан түшээ Ц.Оюунгэрэл гэж хардахаас өөр арга алга.

 

Гадна дотнын эрдэмтдийн үзэж байгаагаар бол тус бүс нутагт Хүннүгийн үеийн 200 шахам булш бунхан байгааг тогтоосон. 1924-1927 онд Оросын эрдэмтэд ч үүнийг нотлосон байдаг. Гэтэл соёлын салбарыг толгойлж байсан Ц.Оюунгэрэл гишүүн юуны учир энэ олон түүх дурсгалын үнэт өвийг үгүйсгэнэ вэ. Яах аргагүй хувийн ашиг сонирхол, үүний ар талд улстөрийн олигархи бүлэглэл байгааг төвөггүйхэн харуулж байгаа хэрэг.

 

Уг нь тэрээр ССАЖ-ын сайд байхдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-д зарагдсан гэх хэдэн хэлхээтэй ясыг бүтэн жилийн турш ярьж, түүнийг авчирч, түүнийгээ Монголын үндэсний өв соёл хэмээн тэнэгтэж зогссон хүн сэн. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн кампанит ажил байснаас тэр хэдэн хэлхээтэй яс гадагшаа гарсан эсэхийг хэн мэдлээ. Сонгуулийн кампанит ажлын хүрээнд тус яснуудыг АНУ-д өөрсдөө гаргаад сенсааци дэгдээгээд буцаан авчирсан гэх мэдээлэл ч хэвлэлийн архивт байх юм билээ. Үүний дэргэд бол Ноён уул, түүний ай сав газарт байгаа 200 орчим булш бунхан бол яах аргагүй үнэт өв соёл мөн. Ёстой л “мөнгө цагаан нүд улаан” гэгч энэ болж байх шиг.

 

Харьд хадамлаж, харийн нэгэнтэй дэр нэгтгэсэн ийм хүнд төрийн жолоо атгалцах эрх олгож байгаа нь ч өрөөсгөл гэдэг нь эндээс харагдана. Ийм хүнд бусдын эрх ашгийн төлөө улс орноо худалдах юу ч биш байж таарна. Нөгөө талаар даяаршиж буй энэ цагт АНУ-ын туган дор нэгдэхдээ тулж яваа хүн бол яах аргагүй Ц.Оюунгэрэл мөн. Энэ мэт хагас дутуу харь боловсрол эзэмшиж, харь шүтсэн нөхөд туйлын аюултай байгааг ч анзаарах цаг нь болжээ.

Н.Дөл

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.