Comment.mn

Хонины ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Хонины ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа ч монголчууд угтах жилээ өнгөтэй өөдтэй, элбэг, дэлбэг байхыг бэлгэдэн үндэсний баяраа чадах ядахаараа тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээдэг. Сар шинийн баяр дөхөхөөр хэн хүнгүй баярын бэлтгэлээ базаахаар хамгийн хямд үнэтэй гэх худалдааны төвийг зорьдог нь нууц биш. Тиймээс нийслэлчүүддээ баярын ширээндээ тавих идээ, будааг бэлтгэхэд бага ч болов нэмэр болох үүднээс зарим нэг барааны үнэ ханш ямар байгааг сурвалжлав. Хонины ууцны үнэ ханш сонирхохоор “Хүчит шонхор” захыг зорилоо. Түм түжигнэж, бум бужигнах хараахан болоогүй ч баярын хэрэгцээгээ хямд дээр нь базаах гэсэн хүмүүсийн хөл энд тасрахгүй байв.

Хонины гулууз мах 4300-4800 төгрөг

“Хүчит шонхор” захын хашааны төв хаалгаар ороход машины тэвшин дээр дэлгэн тавьсан хонины том, жижиг ууц, үхрийн өвчүү хаа сайгүй харагдав. Том жижгээр нь эгнүүлсэн ууцнаас хүмүүс сонгон үнийг сонирхон сүүлийг нь эргүүлэн тойруулан сонжих аж. Үнийн хувьд хонины ууц 150-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Харин жижгэвтэр ууц 100-120 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Ууцны мах нэг килограммыг нь 5000 төгрөгөөр тооцон худалдаалах аж. Өнгөрсөн жил том хонины ууц 350 мянга хүрч байсан бол энэ жилийнх хамгийн үнэтэйдээ 300 мянгаас хэтрэхгүй байгаа нь хямдарсан үзүүлэлт юм. Сүхбаатар аймгаас ирсэн махны худалдагч “Энэ жил худалдан авагч муу байна. Тиймээс махны үнэ нэмэгдээгүй. Гэхдээ сар шинийн баяр болоход хугацаа бага үлдсэн учир хэд хоногоос үнээ нэмнэ. Тиймээс үнэ нэмэгдээгүй, сонголт ихтэй байгаа үед хүмүүс ууц, махаа авбал дээр” гэв. Мөн томоохон зах, худалдааны төвөөс үхрийн өвчүү сонирхох хүн цөөнгүй байлаа. Захын худалдагчийн хэлж буйгаар сүүлийн үед хүмүүс үхрийн өвчүү их авдаг болсон гэнэ. Учир нь, баяр дууссаны дараа идэхэд идэнгэтэй, амттай байдаг аж. Үнийн хувьд 70-115 мянган төгрөг бөгөөд нэг килограммыг нь 6800-7000-аар худалдаалж байна. Харин хонины гулууз мах нэг килограмм нь 4300- 4800, ямааных 3500-3700, үхрийн 5300-5800 төгрөгийн ханштай байв. Цааш явсаар тус захын махны жижиглэнгийн худалдаагаар ороход хонины ястай мах 5700, шулсан нь 6000 төгрөгөөр борлуулж байхад үхрийн мах 7000-8300, адууны цул мах 5500, тэмээний махыг 4800 төгрөгөөр худалдаалж байв.

Гандангийн хэвийн боов хамгийн хямдхан нь

“Хүчит шонхор” захаас гараад “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Тавгийн идээ, хэвийн боов- гүйгээр Цагаан сарыг тө сөөлшгүй. Тиймээс бид хамгийн түрүүнд хэвийн боовны үнийг сонирхлоо. Энд хэвийн боовыг аль хэдийнэ худалдаалж эхэлжээ. Худалдагчид борлуулж буй идээнийхээ амт, чанар, үйлдвэрийг тал бүрээс нь тайлбарлан худалдан авагчдад амтлуулж байв. Хамгийн үнэтэйд “Суман гүн” болон “Арвайн хишиг” компанийн боов нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэтэй аж. “Өгөөж”, “Тэнгэрийн хишиг”, “Бамбууш” зэрэг компанийн боов 2200 төгрөг байхад Гандангийн хэвийн боов хамгаас хямд буюу 1800 төгрөгийн үнэтэй байна. Амт, чанар сайтай атлаа хямд байгаа учир иргэд Гандангийн боовыг илүү сонирхож байгаа нь ажиглагдсан юм. Үүнээс гадна Цагаан сарын буузны амт, үзэмжид гурилын чанар их нөлөөлдөг. Ус даадгүй гурил цагаан сарын буузыг өнгө, үзэмжгүй болгодог учир иргэд гуриландаа ихэд анхаарч сонголт хийдэг. Тиймээс бид гурилын чанар, борлуулалт ямар байгааг сонирхлоо. “Алтантариа”-н нэгдүгээр гурил килограмм нь 1000 төгрөг, дээд нь 1200 төгрөг. “Улаанбаатар” нэгдүгээр гурил 1000 төгрөг, дээд нь 1300 төгрөг байв. Нийслэлийн иргэд “Цесна” орос гурилыг илүү асуун, сураглаж байлаа. “Цесна” гурил таван килограмм нь 10 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл нэг килограмм нь 2000 төгрөгийн үнэтэй аж. Хэрэв 10 кг-ын савлагаатайгаар авбал 20 мянга, 25 кг-ын шуудаатай нь 38 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Мөн “Аляка”, “Хурх”-ын гурил тус тус 1200 төргөгийн үнэтэй байв.

Ааруулаар зассан тавгийн идээ эрэлттэй байна

Сар шинийн баярыг цагаан идээгүйгээр төсөөлшгүй. Цайны сүү, зулын шар тос, ааруул, өрөм гээд аваад, асуугаад байвал мундахгүй. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед нийслэл хотод цагаан идээний эрэлт ихэсч, үнэ нь тэнгэрт хаддаг болсон. Сүүлийн жилүүдэд айлууд хэвийн боовноос гадна ааруул цагаан идээгээр таваг засах болсон. Саяхнаас “Бөхийн өргөө”-ний гадаах талбайд гарсан Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаагаар орлоо. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-28 хүртэл үргэлжлэх юм. Биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй, лангуу бүрийн урд багтаж орох зайгүй хүн шавсан байв. Энд төрөл бүрээр хэвлэсэн ааруул нэг килограмм нь 9-12 мянга, цагаан тос 4000, шар тос 600 гр нь 4800, гүзээтэй шар тос нэг килограмм нь 8000, аарц 2500, тогооны өрөм 10 мянга, хөлдөөсөн түүхий сүү 2500 төгрөгийн үнэтэй байв. Таваг засахад зориулсан хэвийн ааруул томхон нь ширхэг 5000 төгрөг. 25 ширхгээр зассан тавгийн идээ 150 мянган төгрөгийн үнэтэй юм. Ааруулын хэмжээ, тоо, ширхгээс хамаарч зассан тавгийн идээ 100- 160 мянган төгрөгийн үнэтэй.

Энэ үеэр Тариат сумын иргэн Цоожилоос борлуулалтын талаар тодрууллаа.

Тэрбээр “Үзэсгэлэн худал- дааны эхний өдөр гэхэд бор- луулалт сайн, хүн ч ихтэй байна. Ченжийн гар дамжуулахгүй өөрс- дөө ирж худалдаа хийж бай- гаа болохоор бүтээгдэхүүнээ харьцангуй хямд зарж байна. Хүмүүс хэвийн ааруулаар зассан тавгийн идээг илүү сонирхож байна. Үйлчлүүлэгчид өөрсдөө бүтээгдэхүүнээс амсч үзээд авч байгаа болохоор өөрсддөдөө таалагдсанаа авах боломж бүрдэж буй юм” гэлээ. Морин жил шилжрэн одож, хонь жил гарахын өмнөх өдрүүдэд шинэ оныг сайхан угтах гэсэн нийслэлчүүдийн идээ будааг өнгөтэй, хямд хөсөр байлгахад хөдөөгийн малчин иргэд хичээл зүтгэл гаргаж буйд бахархах сэтгэл төрөв.

М.ЭНХЦЭЦЭГ

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.