-Өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг улсын дөрвөн эмнэлэгт хийнэ-
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар өртөг өндөр бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтыг баталсан ба эдгээр эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зохицуулалт хийгдсэн байгаа. Эдгээр өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гэсэн дөрвөн байгууллага үзүүлэхээр болсон аж. Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл болон протезийн зардлын тарифыг гурван сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Энэхүү тариф хараахан батлагдаагүй байгаа аж. Юутай үүнд нийтдээ 13.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн юм байна.
-Алслагдсан дүүргүүдийн эмийн сангуудтай даатгалын гэрээ байгуулна-
Нийгмийн даатгалын байгууллага нь жил бүрийн нэгдүгээр сард “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, рашаан сувилал, эмийн сангуудтай байгуулдаг юм. Даатгуулагч эрүүл мэндийн даатгал даатгуулснаар өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор 134 олон улсын нэршлийн эмнээс 80 хүртэл хувиар хөнгөлттэй үнээр авах эрхтэй байдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 500 гаруй, нийслэлийн хэмжээнд 117 эмийн сантай эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулан ажилласан. Энэ онд даатгалын гэрээ байгуулах эмийн сангийн тоо өсөх магадалтай байна. Учир нь хүн амын нягтаршил ихтэй болон алсагдсан дүүрэг гэр хороололд байрладаг эмийн сангуудтай даатгалын гэрээ байгуулах шийдвэртэй байгаа.
-“Муу” үнэлгээтэй эмийн сангуудтай гэрээгээ цуцлана-
Энэ сарын 7-8-ны өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлэг, рашаан сувилал болон эмийн сангуудтай хийсэн гэрээгээ дүгнэсэн. Нийтдээ 240 эрүүл мэндийн байгууллага даатгалын гэрээгээ дүгнүүлсэн байгаа. Гэрээний дүгнэлтээр 70-79 оноотой буюу “дунд” үнэлэгдсэн эрүүл байгууллагуудад алдаа зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлж албан шаардлагын биелэлтийг үндэслэн гэрээг үргэлжлүүлэн байгуулах эсэхээ шийдвэрлэнэ. Мөн гэрээний биелэлт 60-69 буюу муу үнэлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг түр хугацаанд түдгэлзүүлж, албан шаардлага хүргүүлж, энэхүү албан шаардлагын биелэлтийг үндэслэн гэрээг үргэлжлүүлэн байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин 80-дээш үнэлэгээ авсан байгууллагатай даатгалын гэрээгээ үргэлжүүлэн байгуулаад явна.
Эрүүл мэндийн даатгалаас даатгуулагчдад ямар хөнгөлтийг үзүүлдэг вэ?
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараалсан гурван жилийн хугацаанд хуульд заасан хугацаанд тогтмол төлж, дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй даатгуулагчийг урамшуулж нэг удаа бүрэн үзлэгт харуулж байгаа аж. Улсын хэмжээнд 70-аад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн хэмжээнд 40-өөд эрүүл мэндийн байгууллага энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Энэхүү урамшууллын үзлэг энэ оны гурван сараас үргэлжилээд явахыг албаныхан хэлж байна.
Өнгөрсөн 2014 онд л гэхэд 15757 даатгуулагч урамшууллын эрхээ авч, тэднээс 9282 даатгуулагч эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгтээ хамрагджээ.
Эх сурвалж: 24tsag.mn