Comment.mn

Монголчуудад зодуулсан вьетнам засварчдыг өмөөрөхүй

Монголд ирсэн гадаадын иргэд зодуулах, юмаа дээрэмдүүлэх гээд зүсэн бүрийн эрсдэлд өртөх болжээ. Дээр нь өөрсдийн  буруугаас болоод визийн хугацааг хэтрүүлэх, эсвэл санаатайгаар хууль зөрчин “харлаж” ажиллах нь элбэг тохиолдоно.  Гэхдээ монголчууд  гаднынханд арай хэтэрхий дээрэнгүй хандаж буй нь бас нууц биш ээ.

Манай оронд вьетнамчууд тийм ч олноороо ажилладаггүй. Одоогоор ердөө л 400  гаруй вьетнам  иргэн бий. Тэдний дийлэнх нь автомашины засварын ажил эрхэлж амь зуулгаа тэжээдэг. Арав гаруй нь оюутан, мөн арав гаруй нь хөрөнгө оруулагч юм билээ.

Вьетнам засварын газрууд манайд автомашины засварыг хамгийн чанартай хийдэг. Тэднээс монголчууд сүүлийн жилүүдэд их зүйл сурч байх шиг байна. Цаашдаа ч ихийг сурч, тэдэнтэй өрсөлдөх биз. Гэвч монголчуудын  атаа хорсол, өөнтөгч эвгүй зан чанараас болоод Вьетнам улсаас ирж ажиллаж буй иргэд хохирсоор байгаа юм. Саяхан хоёр вьетнам залууг  засварын материалаа худалдаж авахаар  будгийн дэлгүүрт ороход нь дагаж орсон монголчууд гар утас, мөнгийг нь дээрэмдэн зодож гэмтээжээ. Үүнтэй холбогдуулан манай улсад суугаа Вьетнамын Элчин сайдын яамныхан өчигдөр хуралдаж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан  нот бичиг гаргажээ.  Тус Элчин сайдын яамнаас Монголд байгаа иргэддээ хандан гадуур хамаагүй сэлгүүцэхгүй байхыг сануулсан байна. Аль ч улсын элчингүүд тухайн улс дахь иргэдээ хамгаалах үүрэгтэй. Саяын болж өнгөрсөн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад цэвэр монголчууд буруутай нь илт байна. Тиймээс  манайхан өөрсдөө  эвгүй байдалд орж буй хэрэг. Зандалчин маягийн иргэдтэй улс оронд тайван амаглан ажиллаж амьдарч болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл гадныханд төрөх нь мэдээж.

Вьетнам улсаас ирж ажиллаж байгаа иргэд манай улсад сар бүр 384 мянган төгрөг төлж, дээр нь нийгмийн даатгалд  200  орчим мянгыг тушаадаг.  Өөрөөр хэлбэл нэг вьетнам иргэн манай таван хүний даатгалыг төлсөнтэй тэнцэх хэмжээний орлого оруулдаг гэсэн үг. Нэгэнт мөнгийг нь ингэж авчихаад тэдний  эрх чөлөөнд халдах нь яавч эрүүл харилцаа биш.  Ер нь улс хоорондын дипломат харилцааны алтан гагнаас нь иргэд хоорондын нөхөрсөг харилцаа юм. Үүнийг манай иргэд тэр бүр ойлгодоггүйд хэргийн бас нэг учир шалтгаан байгаа болов уу. Нөгөөтэйгүүр, монголчууд маань өөрсдөө олигтой юм  хийж чадахгүй атлаа бусдад атаархаж, хийснийг нь үл тоож, үгүйсгэх, элдвээр гоочилж, нэр хүндэд нь халдах явдал түгээмэл хандлагатай байна. Үүний нэг илрэл нь тэдгээр вьетнам иргэдийн эрх чөлөөнд халдаж, дээрэмдсэн этгээдүүд эцэст нь Чингэлтэйн цагдаагийн үүд сахин чулуу нясалж суухад хүрсэн эмгэнэлт дүр зураг ажээ.

Манай улсад ирж ажиллаж буй гадаад иргэд рүү Монгол охидыг илгээж, зарим охид нь өөрсдөө саваагүйтэн тэднээс яаж ийж байгаад мөнгө салгахын тулд садар самуунд уруу татах маягаар элдэвлэдэг тухай мэдээлэл  бий. Охидоо өмөөрч гадаадынхан дээр гүйж очоод “Монгол цус бузарласан” хэмээн эх оронч царайлан дөвчигнөж зодоон үүсгэх Монгол эрчүүд ч бас байдаг бололтой. Саяхан хэсэг охидтой хамт вьетнам залуу зугаацаж суугаа бичлэг цахим ертөнцөөр цацагдаж, удалгүй тэдгээр охидын нэг нь амиа хорлохыг завдлаа гэсний мөрөөр цагдаагийнхан шалгаж байна.  Зарим эх сурвалжууд  “Вьетнам хүмүүс харь оронд очоод ямар нэг хэрэг төвөгт орооцолдохыг огт хүсдэггүй. Тэд эртнээс зовлон үзсэн ард түмэн тул аль болох хуулийн дагуу ажиллаж амьдрахыг хичээдэг”  гэж  байгаа юм. Энэ үнэний  ортой байх.

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрынхан 20 гаруй вьетнам иргэдийг нутаг руу нь буцаасан хэмээн мэдээлж буй ч тэдний эрх ашгийг хэн, хэрхэн хамгаалсан, энэ чиглэлээр хууль хяналтынхан яаж  ажилласан нь бас тодорхой  бус байна.  Вьетнамчуудын автомашин засварлах арга ухаанаас Монгол залуучууд суралцахын оронд янз бүрийн атаа хорсол, шантаажаар цээжээ дүүргэн түхэлзэх хэрэг юун. Вьетнам засварчид  одоохондоо Монголд хамгийн найдвартай нь хэвээрээ л байна шүү дээ. Ийм алтан гартангуудыг тэгээд манай мулгуу эрчүүд нь зодоод л шорон руугаа  яваад байх уу. Вьетнам засварчдыг зодсон тохиолдол ганц энэ удаагийх  биш юм билээ. Урьд нь зөндөө л зодож байж. Тэр бүхэнд вьетнамчууд гомдол мэдүүлээд яваад байгаггүй байсан байна. Тэгвэл одоо тэд хуулийн дагуу  хатуухан ярихаас өөр яахав.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.