Л.Пүрэвбаатар Орос-Монголын ТУЗ-ийн гишүүдийн толгойг тун амархан эргүүлсэн нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатартай холбоотой гэх. Учир нь, өмнөх Засгийн газрын шийдвэрээр Зам, тээврийн яамны мэдэлд байсан хувь нийлүүлэгчийн эрхийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэнтэй холбоотой аж.
Харин шинэ Засгийн газарт тус салбарыг тэргүүлэхээр болсон сайд Н.Төмөрхүү Л.Пүрэвбаатарын томилгоог эсэргүүцээд дийлээгүй гэдэг. Үүнд омогшсон Л.Пүрэвбаатар 3-4 хүнтэй бараг бүтэн баг дагуулан ирж, УБТЗ-ыг шинэчлэх ажлаа өрөө, тасалгаагаа олон сая төгрөгөөр засуулан, хаалт хамгаалалт хийлгэхээс эхлүүлжээ. Түүний эл багийн гол хүн нь төмөр замын зүтгүүрийн инженер Ц.Сүрэнхорлоо гэгч. Мэргэжил нэгт хамт олонтойгоо таарахгүйн улмаас төмөр замд хэдэнтээ орж, гарсан энэ эрхэм Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүнээр өөрийгөө сонгуулж, телевизийн дэлгэцнээс нэг хэсэгтээ л салаагүй.
Л.Пүрэвбаатарын багийнхан ойрноос бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр мэргэжлийн олон төмөр замчныг халж солин, чухал объектуудыг эзэнгүйдүүлэхээр нойр хоолоо хагаслаж, орлогч дарга нараасаа ч нууцлан суух болсон гэнэ.