“…Одооны бүсгүйчүүд хүүхэд тээж чадахгүй, тээсэн хойноо төрүүлж чадахгүй, төрүүлсэн хойноо арчилж чадахгүй болж дээ… ” хэмээн эмэгтэйчүүдийн туршлагатай нэгэн эмч хэлж байхыг сонсоод энэ бүхэн юутай холбоотой, түүний гол шалтгаан нь юу юм бол гэж эрхгүй бодож билээ. Мэдээж бүгд ийм биш, олон эх эсэн мэнд амаржиж, олон хүү, охин ээж аавыгаа баярлуулан хорвоод дуугаа хадаан мэндэлж байна. Тиймээс ч тун удахгүй манай улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байгаа билээ. Ингээд энэ салбарын халуун тогоонд ажиллаж байгаа “Хүрээ” амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Л.Цэвэлмаатай эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.
-Хүүхэд тээж буй эхчүүд ямар нэгэн өвчин эмгэгтэй байх нь ихэсч байна гэх боллоо. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ?
-Жил бүр төрөлт нэмэгдэж байна. Энэ хэрээр эрхтэн тогтолцооны эмгэгтэй болон БЗХӨ -тэй эхчүүдийн тоо өсч байна. Ийм төрлийн өвчин эмгэгтэй эхчүүдийн хувьд төрөлт хэвийн бус, хүүхэд эрүүл саруул байх нь эргэлзээтэй. Нэг талаараа жирэмсэн эхчүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Ямар нэгэн өвчтэй тохиолдолд түүнийгээ эмчлүүлэхгүй бол өөрт болон урагт хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ гэдгээ тэд ойлгодоггүй. Гэхдээ жирэмсэн эхчүүдэд ганцхан буруу өгч болохгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь өөрчлөх ёстой. Учир нь, хүмүүс өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус өвдөхөөсөө өмнө өөрийгөө эрүүл байлгах хэрэгтэй. Үүнийг аль аль талдаа ойлгож, үүрэг мэт хандах ёстой. Ийм ойлголтгүй учир дээрх асуудал гарч байна. Тухайлбал, манай эмнэлэгт өнгөрсөн жил элэгний эмгэгтэй 54 эх хүүхэд төрүүлсэн бол энэ жил 117 болсон байх жишээтэй.
-Жирэмсэн эх БЗХӨ- тэй байгаа тохиолдолд хэвлий дэх хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү. Хэрхэн эмчилгээ хийлгэх ёстой вэ?
-БЗХӨ дотроо олон янз байдаг. Тэдгээрээс жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүү өвчин зонхилж байна. Энэ жил манай эмнэлэгт тэмбүүтэй 138 эх төрсөн. Мэдээж, БЗХӨ эхийн хэвлий доторх урагт сөргөөр нөлөөлдөг. Ураг халдвараар өвчлөх хүндрэлийг үүсгэнэ. Ганцхан тэмбүү өвчин гэлтгүй жирэмсэн эхийн биед ямар нэгэн байдлаар үрэвслийн голомт байвал урагт халдвар үүсгэх магадлал өндөр. Тухайлбал, тэмбүү өвчтэй эхээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг. БЗХӨ-тэй жирэмсэн эхчүүд ганцаараа эмчилгээ хийлгээд ямар ч нэмэргүй. Бэлгийн харьцаанд орж буй хүнтэйгээ заавал цуг эмчилгээ хийлгэх ёстой. Ингэснээр эрүүл хүүхэд төрнө. Уг нь жирэмсэн эмэгтэйчүүд эхний гурван сарын дотор жирэмсний хяналтад орж, нарийн шинжилгээг өгдөг. Тухайн үед эмгэг өвчтэй гарсан тохиолдолд төрөхдөө бэлт гэж, эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл сүүлийн үед жирэмсэн эхчүүд шинжилгээгээр БЗХӨ-тэй гэж оношилсон боловч стандартын дагуу эмчилгээндээ хамрагдахгүй байна. Тиймээс энэ төрлийн өвчлөлтэй ирж төрөх нь их байна.
-Төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхдэд эмчилгээ хийдэг үү?
-Тэмбүү бол эдгэрдэг өвчин. Эх, хүүхэд аль нь ч ялгаагүй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эдгэрнэ. Гэхдээ нярайн хувьд янз бүр байдаг. Халдвар нярайн биед хэтэрхий гүнзгий тархсан тохиолдолд тархи мэдрэлийн систем, дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн буюу эмчилгээг үр- гэлж лүүлэх шаардлагатай тохиол- долд ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэгийн тасаг руу шилжүүлдэг. Шатлалынхаа дагуу шилжүүлнэ гэсэн үг. Аль эсвэл зөвлөгөө өгч, өрхийн эмнэлгийн эмч нарын хяналтад эх, хүүхдийг эмнэлгээс гаргадаг.
-Ургийн гажиг нэмэгдэх хандлагатай болсон нь юунаас шалтгаалж байна вэ. Жирэмсэн эхчүүд юуг анхаарах ёстой бол?
-Ургийн гажиг гэдэг нь ураг үүсч хөгжих үед гаднын ямар нэгэн таагүй нөлөөний улмаас эд эрхтэнд нь эмгэг үүсэхийг хэлдэг. Ураг бүрэлдэх эхний гурван сарыг хамгийн эмзэг үе гэж үздэг. Мөн жирэмслэхийн өмнөх үе ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс эмэгтэйчүүд маань жирэмслэлтэд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хоол унд, ажлын орчин нөхцөлөө зөв зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, эм тариа, архи, тамхи, химийн бодисын найрлага бүхий бүтээгдэхүүнээс хол байж, дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ургийн гаж хөгжил, өсөлтгүй жирэмслэлт аль, аль нь нэмэгдэж байна. Манай эмнэлгийн хувьд төрөлхийн гажигтай хүүхэд өнгөрсөн жил 23 байсан. Харин энэ жил 36 болсон. Үүнд яг тийм зүйл нөлөөлж байна гэж хэлэх нь өрөөсгөл. Ерөнхийдөө нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхийн амьдрах орчин, амьдралын нөхцөл чухал гэсэн үг. Манай амаржих газар Сонгинохайрхан дүүргийн жирэмсэн эхчүүдэд үйлчилдэг. Тус дүүргийн дийлэнх хувийг гэр хорооллын айлууд эзэл дэг учир агаарын бохирдол ихтэй. Учир нь, агаарын бохирдол мэдрэлийн системийн талдаа асар их нөлөөтэй. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа амин дэм, эрдэс, кальцитай эрүүл хоол хэрэглэх ёстой. Эмч нар ч ийм зөвлөгөө өгдөг. Гэтэл өнөөгийн нийгэмд бодит амьдрал дээр эрүүл хоол хүнс хэрэглэх нь битгий хэл хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж буй эх олон байдаг. Нийгмийн стресс, сэтгэл зүйн дарамт, агаарын бохирдол, эрүүл бус хооллолт зэрэг янз бүрийн хүчин зүйл урагт нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс жирэмсэн эхчүүд амьдарч буй орчин, хэрэглэж буй хоол хүнсэндээ онцгой анхаарах нь зүйтэй.
-Ургийн гажиг үүссэн ч зарим тохиолдолд эрүүл болох боломж байдаг уу?
-Ургийн гажгийг засах боломжтой ба боломжгүй гэж хуваадаг. Хүнд хэлбэрийн гажгийг засах боломжгүй. Харин уруул, тагнайн сэтэрхий, өрцний болон хүйн ивэрхий, илүү дутуу хуруу зэрэг гажгийг төрсний дараа эмчлэх боломжтой гэж үздэг ч эмгэгтэй хэсгийн хэмжээнээс ихээхэн хамаардаг.
-Зарим эх эход олон харуулах нь муу гэдэг. Ийм тохиолдолд эх болон хүүхдэд сөрөг нөлөөтэй юу?
-Эхо оношлогоо урагт сөрөг нөлөө байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн эхийг сар тутамд эход харуулахыг зөвлөдөг. Зарим хүн эхог рентген оношлогоотой адил гэж андуурдаг. Эхо нь рентген шиг цацрагийн ачаалал, хортой нөлөөг үзүүлдэггүй. Манай улсын хувьд эрүүл мэндийн бодлогодоо жирэмсний таван сартайд эход заавал харуулахыг шаарддаг. Гэхдээ зөвхөн таван сартайд нэг удаа эход үзүүлэх нь учир дутагдалтай.
-Ямар нэгэн шалтгаанаар нэлээд хожуу төрөх тохиолдол байдаг. Ийм хүмүүсийн хувьд төрөлтийн үед хүндрэлтэй зүйл гардаг уу?
-28 наснаас дээш төрөлтийг хожуу, анхан төрөлт гэж үздэг. Нас нэмэхийн хэрээр тухайн эмэгтэйчүүдийн бие организмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байдаг. Тиймээс 28-аас доош насныхантай харьцуулахад илүү хүндрэл гарах талтай. Сүүлийн жилүүдэд хожуу анхан төрөгчид нэмэгдэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлттэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, цаг үеэсээ шалтгаалан нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлж байж, үр хүүхэдтэй болно гэж эмэгтэйчүүд ярьдаг болсон. Тийм ч буруу биш л дээ. Гэхдээ хожуу төрөлтөөс аль болох татгалзах хэрэгтэй.
-Зарим эмэгтэй жил дараалан хүүхэд төрүүлэх тохиолдол байдаг. Хэдэн жилийн зайтай хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ?
-Эмэгтэйчүүдийн нөхөн үржи- хүйн нас бол 18-40 нас. Гэхдээ 18- 25 насны хооронд анхны хүүхдээ төрүүлбэл зүгээр. Үүнээс хэтэрвэл хожуу төрөлтөд орно гэсэн үг. Эхчүүдийн төрөлт хоорондын хугацаа хоёроос гурван жил байх нь илүү зохимжтой. Тухайн хугацаанд эхчүүд дараагийнхаа төрөлтөд бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эхийн бие организм дараагийн хүүхдийг тээж, төрүүлэхэд бэлэн болно гэсэн үг.
-Жирэмсэн эмэгтэйчүүд өвдөлтөөсөө болоод кесарево хагалгаа хийлгэхийг хүсдэг гэсэн. Ямар заалттай тохиолдолд энэ хагалгааг хийдэг вэ?
-Эхийн болон ургийн талаас туйлын болон харьцангуй заалттай тохиолдолд кесарево хагалгаа хийдэг. Тухайлбал, эхийн талаас эрхтэн тогтолцооны хүнд эмгэгтэй, хүүхдийг төрөх замаар төрүүлэх боломжгүй тохиолдолд хийдэг. Артерын даралт хэт ихэссэн, нүдний болон зүрх судасны хүнд эмгэгтэй үед. Мөн өмнө нь кесарево хагалгаатай төрсөн эхчүүд хийлгэдэг. Гэхдээ өмнө нь хагалгаа хийлгэж байсан ч гэсэн оёдол нь бүрэн эдгэсэн тохиолдолд эмчийн хяналтын дагуу төрөх замаараа төрж байгаа тохиолдол бий. Гэхдээ яалт ч үгүй нэгээс хоёр удаа кесарево хагалгаа хийсэн эхчүүд дараагийн удаа дахин хийсвэрээр төрнө. Харин ургийн талаас хэт их том, буруу байрлалтай тохиолдолд мөн энэ хагалгааг хийдэг. Түүнээс биш хүссэн хүн бүрт хийх ёсгүй. Манай эмнэлгийн хувьд кесарево хагалгаа 27.9 хувьтай байна. Үүнийг төрж буй эхчүүдийн тоотой харьцуулахад олон улсынхаа түвшинд байгаа юм.
-Эхийн хэвлийд буй хүүхэд хэдэн килограмм байгаа тохиолдолд хэт том гэж үздэг вэ?
-Ураг эхийн хэвлийд 4.5 кг байвал хэт том гэж үздэг. Ерөнхийдөө ийм ураг төрөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Ураг тээж буй эх эрхтэн тог толцооны эмгэг, чихрийн шижин тэй бол хүүхэд гэдсэндээ хэт их томордог. Мөн жирэмсэн эхчүүд төрөл бүрийн эрдэс бодис, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэглэх бол- сонтой холбоотой гэж боддог. Харин эхийн хэвлий дэх хүүхэд 2.8- 3.8 кг байвал хэвийн хэмжээтэй гэж үздэг.
-Анхан төрөгчид хүүхдээ төрүүлэх үед ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд юуг илүү их анхаарах ёстой вэ?
-Юуны түрүүнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсний хяналтад эхний гурван сард багтаж орох ёстой. Гэтэл жирэмсэн эхчүүд эхний гурван сард багтаж хяналтад орох нь хангалтгүй байна. Зарим тохиолдолд анхан төрөгчид жирэмсэн болсноо мэдэхгүй хүүхдээ томруулдаг. Зарим нь мэдсэн атлаа хувийн шалтганааас болж хяналтдаа орохгүй хойшлуулдаг. Энэ мэтээр цаг алдаж, хүүхдээ томорсон хойно нь хяналтад ордог. Үүнээс гадна төрөлтийн үеийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамрагдах хэрэгтэй. Тус сургалтад суух эхчүүдийн идэвхи сул байна. Тиймээс анхан, давтан аль, аль нь төрөлтийн үеийн мэдлэг муу. Төрөлтөд өөрийгөө бэлтгэхгүй байна гэсэн үг. Тиймээс төрөх гээд өвдөж ирсэн эхчүүд гадна орчинтойгоо харилцах харьцаа нь алдагдаж зүй бус үйлдэл гаргадаг талтай. Жирэмсэн байх арван сарын хугацаандаа тухайн хүн төрөх үеийн өвдөлтийг хэрхэн зохицуулах, яаж зөв амьсгалах, дүлэх зэргийг мэддэг болсон байх ёстой. Гэтэл наад захын ийм мэдлэггүй эхчүүдэд дээрх мэдээллийг богино хугацаанд олгох ямар ч боломжгүй.
С.ЮМСҮРЭН
Монголын үнэн