Comment.mn

Александр Ван: Сэтгэлийн хөдөлгөөн бол уран бүтээл туурвих түлш

Александр Ван: Сэтгэлийн хөдөлгөөн бол уран бүтээл туурвих түлш

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын эгнээнд нэрээ дархалсан Ази гаралтай загвар зохион бүтээгчдийн нэг бол Александр Ван юм. Александр Ванг загварын акулууд “Давтагдашгүй мэдрэмжтэй” хэмээн үнэлдэг билээ. Тэрбээр 1984 оны тавдугаар сарын 17-нд Сан-Франциско хотод Хятадын цагаач гэр бүлд мэндэлсэн ба 18 насандаа загварын ертөнцийг байлдан дагуулах мөрөөдөл өвөрлөн Нью-Йоркийг зорьжээ. Удалгүй Хятад залуугийн “Америк мөрөөдөл” биелж 2007 оны намар Нью-Йоркийн загварын долоо хоногийг байлдан дагуулсан юм. Улмаар залуу дизайнер загварын мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж “Марк Жэкобс”, “Дерек Лэм”, “Balenciaga”, “Uniqlo”, “Gap” зэрэг загварын ордон болон “Vogue” сэтгүүлд ажилласан байна. Алексыг 2014 онд Швейдийн “H&M” компани дизайнераар урьсан нь онцгой үйл явдал билээ. Учир нь “H&M” компани зөвхөн Европын загвар зохион бүтээгчдийг урьж ажиллуулдаг ба Александр Ван өөр тивээс ирсэн анхны дизайнераар тодорчээ. Дэлхийн одод улаан хивсний ёслолд оролцохдоо Алекс Ваны даашинзаар гангарахыг хүсдэг нь нууц биш. Загварын ертөнцийг байлдан дагуулж буй энэ залуугийн “Интервью” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

-Та “H&M” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Яагаад “Balenciaga”-г орхиж “H&M”-ийг сонгох болов?

-Би үнэнээ хэлэх зайлшгүй шаардлагатай юу. (инээв) Надад “H&M” брэндийн маркетингийн стратеги нь таалагддаг байсан. Энэ загварын ордонд ажилладаг хүмүүсийн шулуухан хэлдэг шударга шүүмжлэл намайг “H&M”-ийг сонгоход нөлөөлсөн. Би компаний анхны Европ бус загвар зохион бүтээгчээр сонгогдсоноороо бахархдаг.

-Тэгэхээр та шүүмжлэлд дуртай байх нь ээ?

-Чиний ээлжит цуглуулгыг мэргэжилтнүүд ам уралдан ярилцдаг атлаа өнгөрсөн улиралд хэрхэн сайн байсныг үнэлдэггүйд загварын ертөнцийнхний аймшиг нь оршдог. Сэтгэлийн хөдөлгөөн бол миний хувьд уран бүтээлээ туурвих түлш. Би дүүрэн цэнэгтэй байхын тулд өөрийгөө хурцлуулах үе хэрэгтэй болдог. Ялангуяа хамтран ажиллагсад маань намайг хурцлахад би дуртай.

-Сүүлд гаргасан загвар тань гараанаас гарах гэж буй тамирчныг санагдуулам болсон. Та ямар нэгэн спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Би хэзээ ч спортоор хичээллэж байгаагүй. Тийм учраас спортын хувцасны загвар зохиохыг хүсдэг байв.

-Их ажлын ард гарсны дараа олон хүн тайвширч амардаг. Шинэ загварын цуглуулгаа гаргасны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Анхны загварын цуглуулгаа гаргаад гүнзгий амьсгаа авсан. Тайзан дээрээс бууж ирээд уйлж байснаа би хэзээ ч мартдаггүй. Сэтгэлээ онгойлгосны дараа “Одоо би юу хийх вэ” гэсэн бодол төрсөн. Харин одоо бол нэг загвараа дуусгаад дараагийн ажилдаа ордог болсон. Найзууд минь намайг зайгаар ажилладаг гэж цаашлуулдаг юм.

-Та загвар зохион бүтээгчийнхээ хувьд хэр амбицтай вэ?

-Би өнөөдрийн байр суурьтаа сэтгэл хангалуун байдаг. Загвар бол гайхалтай яг л далай шиг хязгааргүй бүтээлч санааны талбар. Гэхдээ энэ бизнесийн оргилд хэдэн арваараа хөтлөлцөөд гардаггүй гэдгийг санах хэрэгтэй.

-Загварын ертөнцийг сонгоход эцэг эх тань цочирдсон байх даа?

-Үгүй. Харин ч намайг дэмждэг байсан. Би ээжтэйгээ ресторанд хоол идэж суухдаа үйлчлэгчээс амны цаас авчирч өгөхийг хүссэн юм. Ээж минь учрыг асуухад нь би “Надад туфелийн шинэ загварын санаа төрлөө. Зурах хэрэгтэй байна” гэж хариулсан. Би жаахан хүү байхаасаа л загварын сэтгүүл үзэж эскиз зурдаг байсан. Тийм учраас тэд миний сонирхлыг ойлгож сонголтыг минь зуун хувь дэмжсэн.

-Одоо ч гэсэн зурдаг уу?

-Одоо ч хэвээрээ. Метронд, онгоцонд гээд хаа сайгүй л зурж явна. Хааяа гудамжинд алхаж явахад шинэ санаа төрвөл шууд суугаад зурдаг. -Таны брэндээр гангарсан бүсгүйчүүдтэй тааралдахад ямар мэдрэмж төрдөг вэ? -Миний бүтээсэн зүйлээр гоёсон хүнтэй тааралдахад бүртээ би баярладаг. Хүмүүс миний бүтээлийг худалдаж авдаг гэдэгт би одоо ч итгэдэггүй шүү.

-Та загварын ертөнцийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Биднийг их өөрчлөлт хүлээж байна. Зарим нэг өөрчлөлт хэдийнэ эхэлсэн. Анх намайг загварын ертөнцөд хөл тавихад фэйсбүүк, инстеграм олны хэрэглээ болоогүй байлаа. Гэтэл одоо бизнесийн гол түгээгч нь цахим сүлжээ болсон байна. Ингэснээр бид хэрэглэгчтэйгээ шууд харилцаа тогтоож байна. Энэ бол ирээдүйн өөрчлөлтөд хүргэх том алхам. Харин сайн тал руу юу муу тал руу юу гэдгийг би хэлж мэдэхгүй юм даа.

-Сайн, муу загвар зохион бүтээгчийн ялгаа нь юунд оршдог юм бол?

-Муу загвар зохион бүтээгч байдаггүй гэж олон хүн хэлэхийг сонссон. Харин би эсрэг бодолтой явдаг. Миний хувьд өөртөө итгэлгүй хүмүүс хамгийн муу загвар зохион бүтээгч болдог.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Би азгүйтэхээс хамгийн их айдаг. Бас нисдэг шавжнаас айдаг.

-Таны амьдралдаа гаргасан хамгийн том алдаа юу байв. Тэрхүү алдаанаасаа ямар сургамж авсан бэ?

-Алдааг урьдчилж харах боломжгүй учраас хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ би гэнэтийн шийдвэр гаргах дуртай.

-Та анхны дэлгүүрээ Нью-Йоркийн “Гранд” гудамжинд нээж байсан. Дараагийн салбараа Бээжинд нээсэн шалтгаан тань юу байв?

-Загвар зохион бүтээгчид Лондон, Парист дэлгүүр нээхийг мөрөөддөг. Үнэндээ би хоёр дахь салбараа Бээжинд нээнэ гэж төлөвлөөгүй. Хятад бол том зах зээл учраас дэлгүүрээ нээсэн. Энэ нь ч оносон шийдвэр болсон.

-Та хятад хүн. Бээжинд анх очиход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тийм ч онцгой мэдрэмж төрөөгүй. Гэхдээ надад Бээжингийн эртний гудамжаар алхах таалагдсан.

-Эмэгтэй хүн бүр загварлаг байхыг мөрөөддөг. Та олон орны бүсгүйчүүдтэй ажиллаж байсан. Тэднээс ажиллахад хамгийн амар нь аль орны бүсгүйчүүд вэ?

-Франц бүсгүйчүүдтэй ажиллахад амархан байдаг. Тэдний загварын сонголт нэг л өөр.

Х.ЭРДЭНЭЗАЯА
Монголын үнэн
Александр Ван: Сэтгэлийн хөдөлгөөн бол уран бүтээл туурвих түлш
Александр Ван: Сэтгэлийн хөдөлгөөн бол уран бүтээл туурвих түлш
Александр Ван: Сэтгэлийн хөдөлгөөн бол уран бүтээл туурвих түлш

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.