Улаанбаатар хотын газраас 2014 онд Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсүүдийг шинээр байгуулж, Замын цагдаагийн газар, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн бүтэц, орон тоог тус газрын мэдэлд шилжүүлэн Нийслэлийн замын цагдаагийн газар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болгон шинэчилж одоогоор 9 дүүрэгт 16 цагдаагийн хэлтэс, 1 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Хууль зүйн сайдын тушаалаар Захиргааны журмаар баривчлах шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, тус газрын Албадан саатуулах, баривчлах төвийг Албадан саатуулах төв болгон өөрчиллөө.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шинээр нийслэлийн 5 дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдийн барилгыг ашиглалтад оруулж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинээр барих байрны төсөв 1,5 тэр бум төгрөгийн өртөгт барилгын ажлыг эхлүүллээ.
Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн барилгыг барих хөрөнгийг 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдэд иргэдийг хүлээн авах хүлээлгийн танхимд дэлгэц байршуулж “Ухаалаг цагдаа” буюу “Smart police” Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг ашиглаж эхэлснээр Цагдаагийн ерөнхий газар, Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлснээр 120 мянга гаруй эцэг, эх, сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэн өдөрт дунджаар нэг сургууль дээр 3-5 зөрчлийг таслан зогсоож, 200 гаруй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажилласнаар сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан үзүүлэлт гарчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” ажлыг хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг 2014 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл зохион байгуулж, үр дүнг тооцож ажилласнаар 12,823 иргэн, гадаадын 10 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж санамж, сэрэмжлүүлэг, хэвлэмэл хуудас 22,871 ширхэг тарааж, сурталчилгаа явууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 383, 384 дүгээр тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон нийтийн цагдаагийн 197 ажилтанд 4 удаагийн сургалт зохион байгууллаа. 9 дүүргийн 16 цагдаагийн хэлтэс, 152 хороодод томилогдон үүрэг гүйцэтгэснээр 37,145 иргэнд хууль тогтоомжийг сурталчлан, 8 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, 12 гэмт хэргийг таслан зогсоож, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 65 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд оролцох зэргээр цагдаагийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд иргэд, байгууллагаас 311,821 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 242,709 нэгжээр буюу 4.5 дахин өсч, гэмт хэрэг 17144 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн.
Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гэмт хэргийн улмаас 117 тэрбум төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлтийн шатанд 65.2 хувийг, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 70.3 хувийг нөхөн төлүүлж ажилласан байна.
Бүх нийтээр амрах болон баяр, амралтын өдрүүдэд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж үр дүнг тооцлоо.
Тухайлбал: “Сар шинэ” “Шинэ жил” “Хяналт 1, 2” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж эрэн сурвалжлагдаж байсан 254 оргодол этгээдийг олж тогтоон, 915 хэргийг илрүүллээ.
Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Нийслэл хотын хэмжээнд “Ломбард” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй 532 аж ахуйн, нэгжийн үйл ажиллагааг шалгаж, үйлчилгээний стандарт зөрчсөн 18 газар, эрэн сурвалжлагдаж байсан 13 эд зүйлийг тогтоож, сэжигтэй анхаарал татсан эд зүйлсийг шалгах явцад эрүүгийн 6 хэрэг үүсгэж, 37 зөрчил илрүүлсэн байна.
Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр “Цохилт”, “Их дээд сургууль, Нийтийн тээвэр-халаас, “Нарантуул-Халаас” хэсэгчилсэн арга хэмжээг Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд зохион явуулж арга хэмжээний хүрээнд 26.4 сая төгрөгний хохиролтой, 12 холбогдогчтой, 10 эрүүгийн хэрэг, 2 захиргааны зөрчил илрүүлж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 96 этгээдийг бүртгэл судалгаанд авч хяналт тогтоон ажиллаа.
2014 онд зам тээврийн осол хэргийн 103,297 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгасныг өмнөх онтой харьцуулахад 31.6 хувиар өсч, ослын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 3,8 тэрбум төгрөгийн материаллаг хохирол учирснаас 3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ.
Нийслэл хотын хэмжээнд гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар замын хөдөлгөөний хууль, тогтоомж зөрчсөн 1,1 сая зөрчлийг илрүүлснээс 1,015,477 хүнд 9,4 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 25,204 хүнийг илрүүлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаа.
Нийслэлийн гудамж, замд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, хэргийн газрыг орхиж явсан хэрэг өсч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 195 гэмт хэрэг гарсан хэдийч шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашигласнаар энэ төрлийн хэргийн илрүүлэлт 87,2 хувьтай байна.
“Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам” батлагдсантай холбогдуулан 362 ширхэг “Police Reader” шалгах болон хэвлэх төхөөрөмжийг ашигласнаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байсан 637 хүн, 12 оргодол, 5 эд зүйл, 974 тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох албанд шилжүүллээ.
Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор “Шүгэлхүү” хүүхэлдэйн баатрыг шинээр төрүүлж, хүүхдийн насны онцлог сэтгэхүйд нь тохируулан “Шүгэлхүүгийн аялал” теле зохиомж, “Сайн жолооч “нэвтрүүлэг, комик номыг хэвлүүлэн хүүхэд багачуудын хүртээл болгоод байна.
Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 168,857 захиргааны зөрчил илрүүлж 162,981 иргэн, 22 албан тушаалтан 1205 байгууллага, аж ахуйн нэгжийг 1,2 тэрбум төгрөгөөр торгож гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр мэдэгдэл, шаардлага өгч ажиллаа.
Захиргааны хариуцлага, Архидан согтуурахтай тэмцэх, Тамхины хяналт, Садар самуун явдалтай тэмцэх, Галт зэвсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөрчил гаргасан нийт 162,523 иргэн, 1205 байгууллага, аж ахуйн нэгжид 1,6 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Гэр бүлийн хүчирхийллийн 498 гэмт хэрэг бүртгэгдсэн ба түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 51, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 26 эмэгтэй, 69 хүүхдийг хамгаалалтад авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, зохих байгууллагад шилжүүллээ.
Амралт зугаалга, урин дулааны улиралд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 46 мянган ширхэг санамж, сэрэмжлүүлгийг олон нийтэд тарааж, нийтийн тээврийн 800 орчим автобусанд байршуулан, “Завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 41 дуудлагаар 49 хүний амь насыг аварч, эрэн хайх аврах ажиллагааны явцад 16 хүний цогцсыг гаргаж, 16 автомашин, 1 байшинг үерт автахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
2014 онд Үндэсний их баяр наадам, гадаад улсын төрийн тэргүүний айлчлал, жагсаал цуглаан болон бусад нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтад давхардсан тоогоор 668 удаа, 23,556 алба хаагч 1278 автомашинтай оролцож 6791 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” шинэчилсэн журмын биелэлтийг хангуулах чиглэлээр “Сургалт”, “Журам”, гэмт хэрэг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр “Цохилт”, “Нийтийн тээвэр-Халаас” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тус бүр зохион явуулан 22 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын 16 газарт Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авч, цаашид зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар мэдэгдэл өгөв.
Архидан согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас сэргийлэх,Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв, Монголын үндэсний 15 телевиз, гудамж талбайд байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотын цагдаагийн газрын вэб сайт, facebook, twitter хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэж ажиллаа.
Галт зэвсэг худалдан авсан, шинэчилсэн бүртгэлд ороогүй, галт зэвсгийн гэрчилгээг шинэчлэх хүсэлт гаргасан 1096 иргэнд шинээр гэрчилгээ олгож, бусдад галт зэвсгээ шилжүүлсэн 658 галт зэвсгийн гэрчилгээнд шилжилт хийж, харуул хамгаалалтад ашиглагдах 33 бууг бүртгэлд авч, иргэдийн гар дээр бүртгэлгүй байсан 240 галт зэвсгийг гэрчилгээжүүлсэн байна.
Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад” бүртгэгдсэн, 108 иргэнийг дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд томилон ажиллууллаа.
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч Оросын Холбооны Улсын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих алба, Хууль зүйн яам, Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчоо, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй хамтран алба хаагчдыг зохих сургалтад хамруулав.
Цагдаагийн байгууллагаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн дуудлага, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Финляндын Улсын “ФЛОМ” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран тусламж мэдээлэл өгөх, авах мессэж үйлчилгээг шинээр нээх болсонтой холбогдуулан сонсголын бэрхшээлтэй иргэдтэй Цагдаагийн алба хаагч харилцах чадвар олгох сургалтыг явуулан, дохионы хэлний сургагч багш бэлтгэв.
2014 онд алба хаагчийн эмчилгээний зардалд 45 сая төгрөгийн тэтгэмж олгож, тус газрын харьяа 40 ахмад настанд тус бүр 2 тн нүүрс авахад зориулж 9,6 сая төгрөг, 20 ахмад настанд тус бүр 100 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжид 2 сая төгрөг, нийт 21,6 сая төгрөг олгосон байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан “Иргэний зөвлөл”-тэй хамтран ажиллах төлөвлөгөө гаргаснаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон иргэний зүгээс хяналт тавих нөхцөлийг бүрдүүллээ.
Нийслэлийн хэмжээд иргэдэд үйлчлэх төвийг Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд байгуулан ажиллуулж байна.
Эх сурвалж http://www.info.mn