Дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хоолойн цар хүрээтэй чадварлаг дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж, монгол хувцсаараа гоёж яваа нэгэн билээ.
-Гавьяат жүжигчин С.Жавхлан та хоёр Монголоо гэсэн сэтгэлтэй залуу гэр бүлүүдийн нэгэн төлөөлөл. Тэр ч утгаараа үндэсний хэв шинжийг агуулсан төвийг нээсэн байх. “Монголоороо” төвийнхөө гол зорилгыг танилцуулна уу?
-Орчин цагийн бохирдсон сэтгэл зүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнийг эртний монголчуудын монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншлаас үүсэлтэй бий биелгээ, уртын дуу, монгол бичиг, баясуулан ариусахуй зэрэг хичээлийг зааж сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн үг, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал, соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэднэ. Мөн өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархлыг нь сэргээхэд далайд дусал нэмэр болох болов уу хэмээн зорьж энэхүү төвөө нээсэн. Ямарваа нэг үндэстэнд үндэсний онцлог байх хэрэгтэй гэж боддог. Ингэж хэлэхээр зарим хүн “Хөгжил рүү тэмүүлэхгүйгээр ухарч байна” гэдэг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ. Энэ утгаараа хүмүүсийн янз бүрээр ярихыг асуудал болгодоггүй. Үндэснийхээ өв соёл, ёс заншил, сургаалыг бид мартах учиргүй.
-Монгол өв урамжлалаа сэргээсэн төвтэй болохыг хэзээнээс бодож төлөвлөсөн бэ?
-Ийм төвтэй болохыг жилийн өмнөөс хүссэн. Бие давхар ч бодоод л яваад байв. Хүүхдүүдээ асрахын хажуугаар завсар чөлөөгөөр нь бага багаар юмаа бэлтгэсэн. Сүүлийн хэдэн сар энэ байраа засч янзаллаа. Өнөөдөр бодож явсан зүйл маань биеллээ олсонд их баяртай байна. Морин жилийн төгсгөлд морь дэлээ дэвсдэг юм байна л даа. Мөн морь жилийн төгсгөлд аливаа юмны суурийг тавих их сайн байдаг гэнэ. Дотоод мэдрэмжээрээ их сайхан өдрийг сонгож, том ажлыг эхлүүллээ. / инээв/ Нээлтдээ арав гаруй хүн урьсан. Барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг дөнгөж шинээр эхэлж байгаа учраас сүр дуулиан болгохыг хүссэнгүй. Төвийнхөө нээлтийг даруухан хийлээ. Ард түмэн маань уртын дуугаа марталгүй, найранд гурван дуутай сайхан аялчихдаг. Биелгээгээ мэддэг, бүжиглэдэг байх хэрэгтэй. Баясуулан ариусахуй хичээл заана. Энэ хичээлээрээ хүн яах гэж энэ хорвоод төрсөн юм, яаж амьдрах ёстой, өөрөөрөө байна гэдэг, өөрөөрөө амьдарна гэдэг ямар үнэ цэнэтэй юм бэ зэрэг хамгийн наад захын зүйлийг заахаас гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгч, авиа зүй, амьсгалын дасгал хийлгэнэ. Мөн биед эрч хүч хураах хичээл заана. Бүх хичээлийг мэргэжлийн багш нар заана. Уртын дууг “Язгуур” хамтлагийн ахлагч Баянжаргалаар заалгахаар сонго сон. Давхар би зөвлөгөө өгнө. Бие биелгээг СУИС-ийн Мөнгөнцэцэг багш орно. Ирэх гуравдугаар сараас дөрвөд биелгээг бие дээрээ тээгч гэдэг нэрийг авсан Баяртай эгч бидэнд зөвлөгөө өгч, багшлахаар гэрээ байгуулсан. Баясуулан ариусахуйг ХIII зууны үеэс үүсэлтэй, тэр үед хүчирхэг байсан монголчууд нийтээрээ яаж тэр их хүчээ хуримтлуулдаг байв. Тэр үеэс өдийг хүртэл бүгдийг судалсан Оюунчимэг гэж багш бий.
-Баясуулан ариусахуй бясалгалын талаар их мэдээлэлтэй юм. Та хичээллэж байв уу?
-Хоёр жилийн өмнө сар шахуу хугацаанд баясуулан ариусахуйд явсан. Бясалгалд явсан эхний арван өдөрт өвөг дээдсээрээ маш их бахархаж, шүтэж, биширч байлаа. Эх түүх, өвөг дээдсээ мэдэхгүй Монгол Улсын газар шороон дээр амьдарна гэдэг их харамсалтай. Тэгээд энэ их зүйлийг ганцаараа сонсч, бахдахын оронд бусдад мэдүүлэхийн тулд энэхүү бясалгалыг төвдөө хичээллүүлэхээр болсон юм. Энэ төв бол хүмүүсийг хөгжүүлэхийн хажуугаар өөрөө хөгжих юм.
-Энэ төвийг нээхэд нөхөр болон гэр бүлийнхэн тань маш их тусалж, дэмжсэн байх?
-Би хөдөө өссөн учраас монгол ухаан, аж ахуйтай их ойр торнисон. Тийм болохоор энэ төвийг нээхэд тийм ч хэцүү байсангүй. Нөхөр маань мэдээж санаа оноо өгсөн. Ажлыг яаж нягт нямбай хийх тал дээр зөвлөсөн. Том охиндоо биелгээний багштай уулзуулна. Биелгээ зааж өгнө гээд хэлчихсэн чинь “Надад биелгээ зааж өгөх гэж байгаад үнэхээр их баярлалаа, ээж минь” гээд маш их догдлоод баярлаад байж байна. Том охин маань биелэх нэлээн авьяастай шиг байгаа юм. Хүүхдүүдийнхээ ямар хүн болохыг тодорхойлох нь миний үүрэг. Тийм болохоор хүүхдүүддээ ийм сайхан орчин бүрдүүлж, монгол ёс заншил, өв уламжлалыг сургах гэж байгаадаа баяртай байна.
-Хүүхдүүдээ урлагийн хүн болгоё гэж боддог уу?
-Ирээдүйн мэргэжлээс нь илүүтэйгээр хувь хүнийх нь тал дээр их анхаарна. Хүнтэй нээлттэй харилц-даг, юм юмны захтай өсгөе гэж бод дог. Хүүхдүүд маань урлагийн нэлээн мэдрэмжтэй. Урлагаар хүмүүжсэн хүүхэд хэзээ ч хатуу хүн болдоггүй. Өөрийн хүслээр ямар нэгэн мэргэжил эзэмших л байх. Ямар ч байсан найранд гурван дуутай, ямар нэгэн хөгжмийг тоглочихдог, энд тэнд очоод нэг биелчихдэг л болгоно доо.
-”Сайн” сүүг сурталчилж байхдаа өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг гэж байсан. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг үү?
-Улаанбаатарт өглөө бүр цайны дээж өргөнө гэдэг хүндрэлтэй. Хүний толгой дээр өргөчих гээд аль эсвэл машин тэргэн дээр нь дусаад бусдыг бухимдуулна. Өвлийн гэртээ амралтын өдрүүдэд очихоороо өглөө бүр ч биш, цай чанах болгондоо, сүү хөөрүүлэх бүртээ дээж өргөдөг. Цай чанаж байхдаа дээж өргөнө гэж бодохоор л их гоё, тэнгэр хангай баярлаж, ээж аавын минь буян заяа өндөр болж байгаа юм шиг их л сайхан мэдрэмж төрдөг.
-Орчин үед хүн бүр л орон сууцанд орохыг мөрөөдөж суухад та хоёр монгол гэрт амьдрах уриалга гаргасан. Одоо ч гэрт амьдарч байгаа юу?
-Ихэнх хүн ингэж асуудаг л даа. Би монгол гэрт өссөн. Миний, та бидний өвөг дээдэс бүгд л монгол гэрт амьдарч, биднийг өсгөж, хүмүүжүүлсэн. Одоо ч бид нүүдэлчин ахуйтай, монгол гэрт нэг хэсэг маань амьдардаг шүү дээ. Сүүлийн үед хүмүүс их бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна. Тийм болохоор хэцүү санагддаг юм шиг. Манайх Гачууртад өвлийн гэр барьчихсан. Амралтын өдрүүдэд эсгий гэртээ очоод хөдлөхөөр биеийн чилээ гарч, их гоё болдог. Сууж босоод л галаа түлээд, мод түлээ, усаа оруулаад, цайгаа чанаж самраад, дээжээ өргөөд, өөрөө гэр орноо цэвэрлэхэд хамаг бие хөнгөрөх шиг л болдог. “Хар хархан харц” дууны клип бол манай гэр бүлийн нэг өдрийг харуулсан. Бид тэгж л амьдардаг. Монгол гэрт амьдрахаас гайхаж байгаа хүмүүст “Хүн ер нь хөдөлж биш, хөшиж үхдэг” юм шүү гэдгийг хэлье.
-Бага насаа дурсвал. Та багадаа дуулдаг байв уу?
-Багадаа дуулах дуртай хүүхэд байсан. Тэр дундаа ардын дуу дуулах их дуртай байв. Даруухан, юм болгоны урд гараад гүйгээд байдаггүй, чимээгүй хэрнээ хэлэх гэснээ хэлчихдэг охин байсан. Манайх зуны гурван сард зусланд гардаг. Архангайн Таруугийн талд тоглож өссөн. Тэнд одоо ч зуны сард гэрээ бариад зусдаг. Өглөө босоод үнээгээ саана, дараа нь унагаа бариад гүүгээ саана, тэгж байтал хонио саах болно. Хурга, ишгээ эргүүлж хариулан, ус түлээгээ дөхүүлж байтал орой болчихно. Дахиад л үнээ малаа саана. Хөдөөний амьдрал ямар байдаг яг түүнийг л хийж өссөн дөө.
-Ханьтайгаа анх танилцаж байсан үеэ дурсвал?
-Урлагийн хүмүүс угаасаа нэг нэгнээ таньдаг. С.Жавхлантай албаар танилцъя гэж зорьж танил-цаагүй. Амьдралын урсгалаар л “Энэ Жавхлан гэдэг хүн, аан энэ Эрдэнэчимэг гэдэг хүн юм байна” гэж л нэгнээ мэдсэн дээ. Түүнээс яг тэр жил тэгж танилцаж билээ гэсэн юм байдаггүй. Бид хоёрын үзэл бодол, дуртай зүйл, өссөн орчин, ааш араншин гээд сэтгэл нийлэх зүйл олон байсан. Тэгээд л нэг нэгэндээ татагдсан байх.
-Нэг хэсэг“Шуранхай” хамтлаг хүмүүст шинэ цоглог хэмнэлийг мэдрүүлж, их таашаагдаж байсан. Хамтлагийнхантайгаа дахин уран бүтээл хийх үү?
-СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийг төгссөнийхөө дараа хоёр найзтайгаа хамтарч анхны “Шуранхай” хэмээх тоглолтоо хийж байв. Тэр тоглолтод бид гурав хамтарч хоёр гурван дуу дуулсан. Тэгээд бид гурвын нэрийг нэг нэгээр нь Эрдэнэчимэг, Номин-Эрдэнэ, Үүрийнтуяа гэж дуудахад их түвэгтэй байсан шиг байгаа юм л даа. Гурван нэрийг дуудахгүйгээр шууд “Шуранхай” гээд дуудчихсан. Ер нь ард түмэн бид гуравт ийм нэр өгчихсөн. Түүнээс албан ёсны хамтлаг байгаагүй л дээ. Одоогоор Номио маань ээж болсон. Үүрээ хоёр хүүхэдтэй, би бас хоёр охиноо хараад, үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөнө гэдэг бидний маш том бүтээл болоод байна л даа. Хамт дуулахгүй гэсэн юм байхгүй. Хүүхдүүд маань гараас гараад, биеэ даачихвал бидэнд уран бүтээлийн цаг зав зөндөө гарах байх аа. Цаашид хувьдаа уртын дуу давамгайлсан уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.
-Охидын тань нэр их өвөрмөц юм билээ?
-Үжингүнж, Өдрийнцолмон гэж хоёр охин байна. Багынх нь нэ-рийг олонд дэлгэмээргүй байна. Том охиноо бид хоёр их хүсч, хүлээж гаргасан л даа. Анхных гэдэг утгаараа маш их нандигнаж, Үжингүнж гэж нэрлэсэн. Дараагийн охин маань их онцгой өдөр төрсөн. Тэр жил нар, сар, од гурав давхацсан. Тэр үеийг өдрийн цол-мон гийсэн өдөр гэдэг юм байна. Хоёр мянган жилд нэг удаа тохио-дог ховор өдөр төрсөн учраас бэлгэшээж, Өдрийнцолмон гэж нэрлэсэн юм.
-Шинжлэх ухаан, техник технологи хөгжсөөр байхад таныг яагаад дээр үеийн аргаар араг тэвэрч төрсөн юм бол гэж гайхах хүн олон байдаг байх. Яг төрөх гээд өвдөж байхдаа юу бодож байв?
-Араг түшиж төрөхөд нэг их буруудаад байх зүйлгүй. Юм мэддэг хүн“Сэтгэл нь тэгширсэн, тухайн цаг хугацаа, биеэ мэдэрчихсэн хүн ингэж төрдөг юм аа” гэж байсан. Магадгүй тэр үнэн байх. Тэр үед бүх зүйлийг ухаараад ингэх нь зөв юм байна гэдгийг аль хэдийнэ ойлгосон байсан. Араг түшээд төрж байна гэж бодохоос илүү ээж болсон мэдрэмж үнэхээр гайхалтай шүү дээ.
-Нөхөр тань сэтгүүлчтэй юмуу бусадтай харилцахдаа “тэг, ингэ” гэх зэргээр зөвлөгөө өгдөг үү?
-Үгүй. Би өөрийнхөө дураар л ярилцлага өгчихдөг. Ярилцлага гарсны дараа“Би ингэж ярьсан” гээд уншуулахад гайгүй дүн тавьдаг шүү. /инээв/ Гэхдээ би нэг их ярилцлага өгөөд байдаггүй л дээ. Ойрын үед жаахан хэвлэлээр гараад байх шиг байна.
-Оны өмнө та гэр бүлийнхээ хүнтэй хамтран “Монгол өлсөх учиргүй” тоглолт хийсэн. Энэ тоглолтоос олсон орлогоороо хүмүүст тусалж чадсан уу?
-Тоглолтынхоо орлогоор хогийн цэг дээр байгаа 200 гаруй хүүхэд болон том хүнд үнээний цэвэр сүү өгсөн. Нөхөр маань энэ ажлыг өөрөө гардаж хийсэн. Би нутагтаа очоод Шинэ үеийн оюутны холбооны залуучуудын гаргасан судалгаан дээр үндэслэн нэн ядуу, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг бэлэглэсэн. Энэ бэлэг маань Монголд үйлдвэрлэсэн оймс, бээлий, ундаа, шоколад, ном, гар урлалын зүйлүүд байв. Хангайн багачууд бидэнд зориулж тоглолт бэлтгэсэн байсан юм. Тэр үеэр нь өвлийн өвөө багачуудад бэлгийг нь гардуулсан. Мөн Увс аймгийн эмзэг бүлгийн 200 өрхөд гурил, будаа тараалаа. Тоглолтын орлого хаашаа яаж шингэсэн бэ, юу хийсэн бэ гэдэг талаар нэвтрүүлэг бэлтгэсэн байгаа. Цаашид бид залуу, эрч хүчтэй байгаа дээрээ чадал хүрэх бүх зүйлд гар бие оролцоно. Бидний мөнгө гадагш гарахгүйгээр Монголдоо эргэлтэд орохыг л бид дэмжинэ.
-Сошиал ертөнцийн энэ их хурдтай хөгжлийг юу гэж ойлгодог вэ. Таны хувьд фэйсбүүкээ идэвхтэй хөтөлдөг, нэлээдгүй дагагчтай шүү дээ?
-Миний нэрээр хоёр гурван ч фэйсбүүк байдаг юм билээ. Өмнөөс маань янз бүрийн мэдээлэл оруулж, зураг тавьснаа“Сайхан өдрийн мэнд, өнөөдөр сайхан өдөр байна” ч гэдэг юм уу дэл сул зүйл бичдэг. Би хэзээ ч тийм шальдар бульдар юм бичдэггүй. Хэрэгтэй мэдээллийг л оруулдаг. Сошиал ертөнцийг хэрэгтэй гэж боддог. Хэрэгтэй зүйлдээ зөв ашиглавал маш их мэдээлэл өгдөг. Буруугаар хэрэглэж байгаа хүмүүс байдаг л даа. Аливаа зүйл муутай сайнтай, “Уулын мод урттай, богинотой” гэдэг шиг янз янзаар л ашиглаж байна. Би “Монголоороо” төвийнхөө мэдээллийг зөвхөн цахим хуудастаа оруулсан. Үүнээс сэтгүүлчид болон дагагчид маань мэдээлэл авч бусдад түгээдэг. Ингэснээр би нэг мэдээллийн төвд цаг аваад, сэтгүүлчдийг дуудаад, өөрөө явж очих байсан цаг хугацаагаа хэмнэхээс гадна, мөнгө хэмнэж байгаа юм л даа. Ер нь бол би анх цахим хуудастаа л мэдээлэл тавьсан гэхэд чамлахааргүй хүмүүс зорьж ирж, сонирхож байна. Миний цахим хуудаснаас мэдээлэл авч ард түмэнд тараасан хэвлэлийнхэндээ маш их баярлалаа. Энэ бол та бүхний Монголын өв соёлд оруулж буй маш том хувь нэмэр юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: www.unen.mn