Comment.mn

Д.Атармаа: Эрүүл мэндийн салбарын хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн тогтолцоо

Д.Атармаа: Эрүүл мэндийн салбарын хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн тогтолцоо

Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах түүхэн цаг үетэй зэрэгцэн Сүхбаатар аймаг 50 ортой эх, хүүхдийн тасаг ашиглалтад оруулж, өчигдөр нээлтээ хийсэн юм.  Сүхбаатар аймагт жилдээ 1400-1600 орчим эх амарждаг байна. Нийт төрөлтийн 20 хувь нь сумдад, 80 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амарждаг бөгөөд уг тасаг нээгдсэнээр нэгдсэн эмнэлгийн ачаалал буурч, эх барих болон эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг, цогцоор нь авч байх боломж бүрдэх юм байна. Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа тус тасагт 10 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Түүнтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх талаар салбарын яам ямар дорвитой арга хэмжээ авч байна вэ?

-Эрүүл мэнд, спортын дэд сайдаар томилогдоод анхныхаа томилолтыг тусгаар тогтносон Монгол Улсын суурийг тавьсан жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг, наран түрүүлж манддаг Сүхбаатар аймгаас эхэлж байгаадаа ихэд бэлэгшээж байна. Өнөөдөр Сүхбаатар аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ашиглалтад орж буй 50 ортой, эх хүүхдийн тасгийн нээлтэд оролцлоо. Манай улсын хэмжээнд өдөртөө 250-300 хүүхэд, жилдээ 82 мянга гаруй хүүхэд, Сүхбаатар аймгийн хэмжээнд жилдээ 1000 гаруй хүүхэд мэндэлдэг. Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж буй энэ цаг үед эх, хүүхдийн тасаг нээгдэж байгаад баяртай байна. Булган, Өмнөговь аймагт мөн ийм тасаг нээгдсэн байгаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар салбарын яамнаас хэд, хэдэн арга хэмжээ авсан байгаа. Тухайлбал, хүүхдийн эмнэлгийг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газраас эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шийдвэрлэж өгч байна. Үүний 50 хувийг Эх, хүүхдийн үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхэд зарцуулна. Үлдэх 50 хувийг нийслэлийн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад зарцуулах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хамгийн том бэрхшээл болсон санхүүжилтийн тогтолцоог засч сайжруулахын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн бариад, УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт явж байна. Энэ хууль батлагдах юм бол бүх хавдартай өвчтөнүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тэр дундаа хөнгөвчлөх зэрэг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, эмнэлгийн хэрэгслүүдийг ч даатгалаас санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Мөн иргэн эмнэлгээс анхан шатны болон хоёр дахь шатны тусламж үйлчилгээг ч даатгалын санхүүжилтээр авах нөхцөл бүрдэнэ.

Дараагийн нэг томоохон ажил бол үндэсний хэмжээний чуулган хийж, эмтэй холбоотой бүх асуудлуудыг хэрхэн зохицуулах талаар санал солилцсон. Иймд 2015 онд эрүүл мэндийн салбарт тодорхой өөрчлөлт дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна, эхнээсээ үр дүнг нь үзэж байна.

 

Эх сурвалж http://www.info.mn Д.Атармаа: Эрүүл мэндийн салбарын хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн тогтолцоо

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.