-Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах бүхий “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан археологич, эрдэмтэд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Учир нь энэ ордын орчимд Хүннүгийн үеийн түүхэн ховор олдвор болох Ноён уулын булш хамаарч байгаа. Тэгэхээр энэ олдворыг хамгаалах талаар яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь өгсөн тусгай зөвшөөрөлтэй талбайнууд бий. Шороон ордыг олборлож, газрыг нь эвдэн нөхөн сэргээлт хийгээгүй байгаа эвдэрсэн талбайд байж байгаа үндсэн ордыг ашиглах тухай асуудал яригдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр гэнэт энэ асуудал гарсан юм биш. Мэдээж хэрэг Ноён уулаа хамгаалах хэрэгтэй. Ойр орчмынх нь археологийн болон түүхэн дурсгалт зүйлээ хамгаалах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид хуулиараа хамгаалахгүй бол болохгүй. Өнөөдөр энэ уулыг тусгай хамгаалалтад хамруулаагүй байна. Тиймээс олдвор байгаа бүс орчмыг хамгаалалтад авбал ямар нэгэн асуудал гарахгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд түүхэн олдвор байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолсон. Ер нь цаашид үнэт олдвор байгаа газруудыг улсын хамгаалалтад яаралтай авах хэрэгтэй. Тэгэх юм бол хуулиар хамгаалалттай газар руу орохгүй.
-Хамгийн гол нь Ноён уулыг тусгай хамгаалалтад авах юм бол түүхэн дурсгал руугаа халдахгүй гэсэн үг үү?
-Бүх зүйл хуулийн дагуу байгаа. Хайгуул хийж мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийсний дараагаар олворлолт явуулахад олдвор олдвол холбогдох байгууллагад нь мэдэгдээд хамгаалалтад авах хуультай. Тэгэхээр үүнийхээ дагуу яваад ирсэн зүйл. Түүнээс биш дураараа хийчихсэн зүйл биш.
-Гацууртын ордын ашиглалтын талбайг 2002 га-гаар тогтоосон. Одоогоор 303 га-д хайгуул хийгээд цаашаагаа үргэлжлүүлэхээр Ноён уулын булш руу халдах вий гэсэн болгоомжлол зарим гишүүнээс гарч байна?
-Эрэл, хайгуулаар авсан нөөц тогтоосон байдлаар том орд бүртгэгдээгүй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтад анхаарч байна. Цаашид том олборлолт хийхгүй байхаар тусгасан. Ашиглалтын талбай нэмэгдсэн ч олдвор руу орохгүй. Эвдэрсэн талбай ашиглалтын бүх нутаг дэвсгэрт хамаарч байгаа. Олдворлох талбай бага боловч түүнээс гарсан шороогоор хиймэл овоолго хийх, эвдэрсэн талбайгаа нөхөх, засах гэдгээр талбай маань том байгаа юм. Ажил явуулах нь 300 га-даа хамаарна.
-Хайгуулын явцад Ноён уулыг цэвдэгтэй гэдгийг яагаад тогтоож чадаагүй юм бол?
-Техник эдийн засгийн үндэслэл, нөөцийн асуудлыг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр батлуулах үед тайланд нь цэвдэгтэй гэдэг зүйл байгаагүй.
-Ингэхэд алтны татварыг 2,5 хувь болгосон. Үүнд Гацууртын ордын хөрөнгө оруулагч Канадын “Сентерра гоулд” компанийн лобби байсан гэх. Тэгвэл Гацууртын ордыг ашигласнаар эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч чадах болов уу. Баталгаа байгаа юу?
-Нэгэнт гадны хөрөнгө оруулалтыг татаж, үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулийг ягштал мөрдүүлэх хэрэгтэй. Хоёр тал гэрээ байгуулж, ажилд орсон бол гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэж хэрэгжүүлэх ёстой. Тиймээс анхнаасаа сайн гэрээ хийх ёстой.
-Тэгвэл сайн гэрээ байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Итгэж байна. Одоогийн нөхцөл байдлаар эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан орж болох эрдэс баялаг бол алт. Алт шууд валютаар үнэлэгдэнэ. Тиймээс Гацууртын ордод төвлөрсөн гол гол алтныхаа нөөцийг аваад эдийн засгийн бэрхшээлээс гарах хэрэгтэй гэж үзэж байна. Харин алтны татварыг 2,5 болгосноор манай алт олборлогчдын үйл ажиллагаа маш сайн сэргэсэн. Өнгөрсөн жил гэхэд өмнөх оноосоо Монголбанкинд тушаасан алтны хэмжээ хоёр гаруй хувиар нэмэгдсэн. Тэр дундаа хар захаар явж байсан далд худалдааны алт ил гарч ирсэн. Иргэд гэдгээр маш олон хүн тушаасан.
-Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна?
-Эерэг үзүүлэлт авчирч байгаа. Монголбанкны алтны нөөц нэмэгдэж, тэр хэмжээгээр гаднаас хөрөнгө оруулалт татах, валют орж ирэх итгэл нэмэгдэж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж http://www.info.mn