Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайланг Англи улсын Харт нойрс лтд, Монголын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консорциум аудитын тулган баталгаажуулалт хийсэн байна. Үүгээр 2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг эзэмшиж нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэгтэй байсан. Үүнээс 2013 оны тайлангаа ашигт малтмалын 1188 компани, цацраг идэвхт ашигт малтмалын хоёр компани, газрын тосны найман компани нийт 1198 компани улсын болон орон нутгийн төсөвт 1,593,905,002,000 төгрөг төлснөө тайлагнажээ. Үлдэх 501 компани тайлангаа гаргаагүй бөгөөд хууль, журмаа мөрдөхгүй, олон нийтэд хаалттай үлдэв. Харин Засгийн газар ОҮИТБС-ын тайлангаа 1617 компаниас 1,700,219,871,000 төгрөгийг хүлээн авчээ.
Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд буюу Засгийн газрын 1617 компаниас хүлээн авсан нийт орлогын 94 хувьд нь олон улсын аудитын тулган баталгаажуулалт хийж, тэдгээр нь улсын төсөвт нэг их наяд 576 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлсөн буюу улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлжээ.
Аудитын нэгтгэлд хамрагдсан 250 компаниас эхний 20 компани л нийт төлбөрийн 93 хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ХХК-32, Оюу толгой ХХК-13, Петрочайна дачин тамсаг ХХК-12, Монголын алт МАК ХХК-8, Энержи ресурс ХХК-5, Таван толгой ХК-4, Эрдэнэс таван толгой ХК-3, Бороо гоулд ХХК-3, Болд төмөр ерөө гол ХХК-2, Цайрт минерал ХХК-2 хувь гэх зэргийг бүрдүүлжээ.
Эх сурвалж http://www.info.mn