Түвшинширээ сумынхантай уулзах үеэр иргэд санал хүсэлтээ нэлээд идэвхтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, Малын хөлийн татварыг төрөл тус бүрээр нь ялгаатай тогтоож, түлхүү өсгөх бодлого барьж буй төрлийнхөө татварыг тэглэх нь зүйтэй гэж байв. Түүнчлэн бэлчээрийг нь ашиглаж буй өөр аймаг, сумын иргэдийн малд арай өндөр татвар ногдуулж, татварын орлогыг аймаг, улсад хуваалгүйгээр 100 хувь суманд үлдээх хэрэгтэй гэсэн саналууд дэвшүүлж байлаа.
4-р багийн иргэн, өндөр настан Д.Батсүх одонтой ээжүүдэд олгож буй мөнгө бол халамж биш, харин хүүхэд төрүүлж өсгөх амаргүй ажлыг хийснийх нь төлөө олгож буй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийлээд, ээжүүдийн мөнгө болон хүүхдийн мөнгө, оюутны мөнгийг хорогдуулж болохгүй шүү хэмээн захилаа. Тэрбээр мөн “Шүүгч нар хүний эрхийг хамгаалдаг бол эмч нар хүний амь насыг хариуцдаг. Адилхан л тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Гэтэл улсын эдийн засаг хэцүү байна гэчихээд шүүгч нарт цалин нэрийдлээр хэдэн сая төгрөгийн авилгалыг төр өөрөө өгч байгаа нь зохисгүй хэрэг. Орон нутгийн эмч нар, ялангуяа сум, багийн эмч нар ард түмнийхээ амь насыг хамгаалах гэж халуунд халж, хүйтэнд хөрж, өдөр шөнөгүй зүтгэдэг. Тэдний цалинг мөн адил нэмэх хэрэгтэй.” гэлээ. Мөн 3-р багийн иргэн, өндөр настан Н.Дэмбэрэлдодов “Хөдөөд тэтгэврийн зээл аваагүй өндөр настан бараг алга. Банкны зээлийн хүү өндөр байна. Цаашид хүүг нь бууруулахад анхаараарай” гэв.
М.Зоригт гишүүнээр ахлуулсан баг Түвшинширээ суманд уулзалт хийсний дараа Уулбаян сумыг зорьсон юм. Уулбаянчууд дөрвөн замын уулзвар бүхий хатуу хучилтат зам, бродюр бүхий явган хүний зам, лед дэлгэц гээд бусад сумтай харьцуулахад содон өнгө зүстэй угтлаа. Орон нутагт ажиллаж байхад бизнес төслийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгодог Сумын хөгжлийн сангийн талаар иргэд мэдээлэл муутай байдаг нь ажиглагддаг. Уулбаяны тухайд, 2011 -2014 онд нийт 168 сая төгрөг Сумын хөгжлийн санд нь хуваарилагдсан байна. Иргэдээс нийт 400 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 50 төсөл ирснээс 40 төсөлд нь 231 сая төгрөг олгожээ. Эдгээр төсөл хэрэгжсэний үр дүнд 75 ажлын байр шинээр үүссэн байна. Түүнчлэн Сум хөгжлийн сангийн үлдэгдэл 50 сая төгрөгөөс санхүүжих дараагийн төслүүдийг хүлээж авч эхэлжээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сүү, сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, нийтийн хоолны үйлчилгээ гэх мэт тэргүүлэх 10 чиглэлийг баталсан байна. Засаг даргаар удирдуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах зөвлөл хэлэлцэж, тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бизнес төслүүдийг сонгон шалгаруудаг аж. Зээлийн эргэн төлөлт 2011-2012 онд 96 хувьтай байсан бол сүүлийн хоёр жилд 68 хувь болж буурчээ. Үүнд зээлээ өөр зориулалтаар ашиглах, мөн өмнөх өрөө төлөх, түүнчлэн зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь нөлөөлдөг гэнэ. Тус сум зээлийн хүүг гурван хувь хүртэл өсгөжээ. Хэдий тийм ч авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, амжилттай ажиллаад, эргэн төлөлтөө хугацаандаа дуусган, гурав дахь удаагаа Сум хөгжлийн сангийн зээлд хамрагдах гэж байгаа хүн ч байгаа аж.
УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр (2015.01.21) Сүхбаатар аймгийн Халзан болон Баруун-Урт сумдад ажиллана.
Эх сурвалж http://www.info.mn