Харин эл байдлыг ажигласан наймаачид өөр зуураа “Өнөөдөр ямар ч орлого байсангүй. Шал дэмий, хэрэггүй зүйлсийг их хэмжээгээр авчирсан нь шаталт болоод байна. Энэ жилийн Сар шинийн баяраар бэлэг барьц авах хүн ер нь байх юм уу даа. Ядаж энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэж асуух ч хүн бараг алга. Наймаа борлохгүй урамгүй байна” хэмээн захын наймаачид хоорондоо ярилцаж, их л ууртай бухимдуу байгаа харагдана.
Аргагүй шүү дээ, энэ жилээс эхэлж хүмүүсийн гар цайлгахгүй байх уриалгыг дэмжиж байгаа иргэд бэлэг сэлт бодох ч үгүй явна. Нэг ёсондоо өр зээл авч, өвөр түрүүгээ тэмтэрч байж хэдэн төгрөгөөр авчирсан бараа, бүтээгдэхүүн нь борлогдохгүй, худалдаачид ашиггүй шаталттай байгаад халаглана. Эдийн засгийн хямрал иргэдэд үнэндээ нүүрлэснийг тэд ойлгож байгаа ч бараанаасаа хэдэн ширхэгийг ч болов зарах гэсэн оролдлого нь талаар өнгөрсөөр байгаа бололтой.