Түүнчлэн өрхийн үйлдвэрлэл, түүний дотор барилгын материалын нэг блокны үйлдвэрлэл нэлээд хөгжиж байгаа нь блокон хашаа, барилгуудаас илт харагдана. Мөн 2.2 км замын барилгын ажлыг эхлүүлжээ.
Уулзалтын үеэр иргэд санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Суманд архи зардаг дэлгүүр, баар, кафе зөндөө бий. Гэтэл эмийн сан ганцхан ногдож байгаа нь хангалтгүй байна. Социализмын үед эмнэлэг эмийн мэргэжилтэнтэй байсан. Одоо эмийн сан хувь хүний мэдэлд очсон. Мэргэжлийн эм зүйч эмийн сангийн худалдаа эрхлэх ёстой гэдэг ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Үүнээс сөрөг үр дагавар их гарч байгааг анхаарахыг захиж байв.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд байна гээд олон салбарт төсвийг нь танаж байна. Гэтэл Монголын төр ялтанд өдөрт 12800 төгрөг зарцуулдаг. Үүнийг үржүүлээд бодохоор 15 жил хоригдох ялтанд 69 сая, 25 жилд 115 сая төгрөг зарцуулахаар байна. Үүнээс гадна байр сав, халаалт, харгалзагч нарын цалин гээд өчнөөн л зардал гарна. Хүний амь санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчдыг заавал ингэж тэжээх хэрэг байна уу даа гэдгийг Ерөнхийлөгчид уламжилж өгөөч хэмээн иргэн н.Цэнд хүслээ. Тус суманд саяхан цэргийн алба хашиж байсан 19 настай залуу бусдын гарт амиа алджээ. Залуугийн амийг бүрэлгэсэн хэрэгтнүүд 20 орчим насны залуучууд аж. Монгол Улс цаазын ялыг түдгэлзүүлсэн болохоор хүний амь хөнөөсөн залуус 25 жилийн дараа гарч ирэхдээ улам эвдэрч, дахин хүний аминд хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг иргэд хэлж байв.
УИХ-ын гишүүн М.Зоригт уулзалтын үеэр иргэдэд хандаж, “Хуралдана гэж хэн нэгэн дарга бэлдсэн үгээ уншаад, нижигнэтэл алга ташуулаад гараад явчихдаг цаг өнгөрсөн. Орчин үед хурлаар иргэдийнхээ үгийг сонсч, өөрсдөд нь хамаатай шийдвэрт саналыг нь тусгаж, шийдвэр гаргадаг болсон. Иймд та бүхэн ямар ч хуралд идэвхтэй оролцож, мэдээлэл авч, саналаа тусгуулж байх хэрэгтэй. Би өмнө нь гурван удаа бүх сум, багаар тойрч ажиллахдаа та бүхэнд Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжлийн сангийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгдөг байсан. Гэтэл өнөөдөр энэ тухай дахиж ярихаар анх удаа сонсч байгаа юм шиг гайхсан байдалтай хүлээж авч байна. Ийм хариуцлагагүй, хэнэггүй байж болохгүй” хэмээн хатуухан сануулж байлаа.
Эх сурвалж http://www.info.mn